НЭГДҮГЭЭР САР
...Надаас өөр хүн чамд байдаг бол
Надад тэр чинь юутай гуниг вэ?
Замбуулин хорвоог туулъя гэвэл
Заяа тавилангаараа заяа тавилангаараа
Би чинь азтай хүн
Хайрын тэнгэр итгэлийн гэгээтэй
Ханийн хайранд дурлалын өнгөтэй
Аливаад хэрсүү ухаалаг гоё зантай
Аяа энэ бол миний л амраг ...
Арван хэдүүлээ хоороороо дуулж байсан ч тэр над руу эгцлэн ширтсэн мөчөөс эхлээд ухаан санаа минь орчлонгоос тасарчихаж билээ. Яг л энэ дуунд гардаг шиг хараад ханашгүй ухаалаг гоё нүдээрээ тэр намайг ширтэж байлаа. Яг л энэ дуунд гардаг шиг надаас өөр хүн чамд байдаг бол би гунигийн далайд живээд үхчих юм шиг санагдаж байлаа. Яг л энэ дуунд өгүүлсэнчлэн замбуулин хорвоог чамтай туулах заяа тавилангаараа өөрийгөө хамгийн азтай хүн хэмээн бардаж явлаа.
Тэр минь 12 дугаар сарын 31-нд төрсөн юм. Он солигдох мөчид түүний төрсөн өдрийг бид хоёулхнаа тэмдэглэсэн ч шинэ оны эхний өдөр найзуудтайгаа хамтарч тэмдэглэхээр урьдчилан ярилцаж тохирсны дагуу цуглаад байгаа нь энэ. Бид хоёр бага үдээс эхлэн төрөл бүрийн хоол хамтран бэлтгэсний зэрэгцээ найзууд тал талаас амттан хийгээд уух зүйлс барьж ирсэн учир баярын ширээ элбэг дүүрэн байлаа. Идэж ууж, хөгжилтэй яриа өрнүүлж, уусан зүйлдээ халамцсан бид бие биенээсээ дуун дугараа нэхсэнээр дуусашгүй үргэлжилсэн хоор, хоршилын эхлэл тавигджээ.
Бид хоёр хоёулаа тааруухан дуулдаг учир дугараа бүрээс хойш сууж, хундага ирэх бүрт биесээ аргалан эвтэйхэн бултаж суусан сан. Гэвч хэн нэгний эхлүүлсэн энэ дуу бидний сэтгэлийг чавхдасыг маргаангүй хөндсөнөөр бидэн хоёр орчноо умартаж, биесээ ширтээд дуулж эхэлсэн юм.
Түүний нүд рүү ширтэх бүртээ сэтгэл хэмжээлшгүй баяр баяслаар халгиж, яг тэр нүдэнд уусч шингээд үүрд тэндээ үлдчихмээр санагддаг. Нүд рүү минь ширтэнгээ үл мэдэгхэн инээмсэглээд нүдээ ирмэхэд нь түүний зүрхнээс цацарч буй гэрэл гэгээ, хайр, сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Тэр мэдрэмж зүрх рүү минь нэвтрэн ороод, тогтож суухын аргагүй их догдлолоор сэтгэлийг минь үерлүүлчихдэг. Энэ л таатай мэдрэмжтэйгээ насан туршдаа амьдрах хүсэлдээ хөтлүүлээд, зүүд мөрөөдлийнхөө тэнгист эрх дураараа сэлж явлаа. Тэгтэл
-Сай...н байна уу? Дуун дугараа чинь дуусаад, шинэ зочин ирчихсэн байна. Дурлалт хосууд минь ширтэлцэхээ болиод над руу анхаарлаа хандуулж болох уу? гэх захирангуй хоолой, тачигнасан инээд чих дөжрөөн цангинах нь тэр. Эргэн харвал дөрөвхөн хоногийн өмнө манайд шинээр ажилд орсон гал цогтой бүсгүй ороод ирчихсэн, инээд алдаад зогсож байлаа.
-Сайн, сайн уу? хэзээ орж ирээ вэ. Дуулж суугаад анзаарсангүй гэвэл
-Дуулсандаа ч биш, дурлалдаа согтоод анзаараагүй юм биш үү, та гээд дахиад л тас тас хөхрөв. Тэр яах аргагүй чин үнэнийг хэлчихсэн учир би ч ичингүйрсэндээ хэлэх үгээ олж ядан тэвдлээ. Тэгтэл тэр минь
-За оройтож ирсэн зочин торгуулийн хундагаа аваад, дугараагаа үргэлжлүүлэх үү гээд хундага барин босч, бүсгүйд барьснаар би ч аврагдлаа.
Тэр үед бүх зүйл тэгш дүүрэн байжээ. Олон жилийн турш дотночлон нөхөрлөсөн гэр бүлийн найзууд дундаасаа би түүнийг олсон юм. Тэр багын найзтай минь гэрлэсэн бүсгүйн дунд сургуулийн найз байсан. Гадаадад арав гаруй жил амьдраад, эх орондоо ирмэгцээ найзынхаа төрсөн өдрийн баярт ирэхэд нь би түүнийг анх олж харсан юм. Анхны харцаар л түүнд татагдсан. Тэр ч бас анхны харцаар надад татагдсан гэж ярьдаг. Би түүнд нь эргэлзэлгүй итгэсэн. Итгэсэн ч учраас бид их хурдан дотноссон байх. Бид танилцсанаас найман сар, дотноссоноос долоон сар өнгөрсний дараа түүний төрсөн өдөр тохиосон юм. Гэвч төрсөн өдрийн урилгагүй зочин бидний амьдралын хүсээгүй, хүсэшгүй зохицуулагч болон хувирах юм гэж бид яахан тааварлах билээ.
Ажлын газрын минь шинэхэн хамтрагч төрсөн өдрийн баяр дээр урилгагүй зочилсон шигээ бидний найз нөхдийн хүрээлэлд ч гэнэт л орж ирсэн. Түүний минь төрсөн өдрийг хамт тэмдэглэснээс хойш тэр бүсгүй ажил дээр намайг ер бусын дотночлон харьцдаг боллоо. Эелдэг, нийтэч зантай түүнтэй дотно харьцахад цааргалаад байх шалтгаан ч надад байсангүй. “Та хоёр их хөөрхөн хосууд юм аа. Яг л арван хэдтэй хүүхдүүд шиг гал халуунаар дурлалцсан нь бүр хоёулангийн чинь нүднээс илхэн байдаг. Харах тусам л хайр хүрээд байх юм” гэсэн өмнөтгөлтэй магтаалын үгсээр хувийн харьцаанд ч бас дотно байхсан гэсэн хүслээ дөмөгхөн илэрхийлээд амжлаа.
Чухам ямар замаар, хэрхэн дотноссоноо сайн мэдэхгүй байна. Ямартай ч ийнхүү эрчимтэй шуурхай довтолсоор тэр хориодхон хоногийн дотор бид хоёрын итгэлийг олж аваад, дотны хүмүүсийн минь нэгд өөрийгөө зүй ёсоор зөвшөөрүүлж амжсан юм.
♥♥♥
Тайлан баланс гэж толгой өндийх завгүй суусаар түүнтэйгээ уулзаж амжилгүй долоо хоночихсон байв. Олон хоног тархи гашилгасан ажлаа дуусгаж, тайлангаа илгээчихээд гэр лүүгээ явахаар гадуур хувцасаа өмсөж байтал утас дуугарлаа.
-Аниа, та хаана байна. Сая би танай хүнтэй гудамжинд таарлаа. Нэлээд согтуу байна аа. Хөл дээрээ тогтож чадахгүй, танайх руу хүргээд өгье гэсэн чинь “муу завхай хүүхнийх рүү очихгүй” гэж уурлаад байхаар нь би гэртээ дагуулаад ирлээ. Одоо манайд унтаж байна. Та хоёр ам мурийсан юм уу гэж гэр бүлийн шинэхэн найз маань их л тэвдүү ярив.
-Үгүй ээ, бид огт ам мурийгаагүй. Ам мурийх зүйл ч болоогүй. Ажил ихтэй байсаар бараг арваад хоног, үгүй ээ долоо хоног уулзалдаагүй юм байна. Би одоо ажил дээрээс гарах гэж байна гэвэл
-Аниа, та манайх руу хүрээд ирэх үү? Танай хүн согтуу бас нэлээд ууртай байна аа. Намайг тан руу ярьж дуудсан гэж битгий хэлээрэй. Аймаар агсам юм байна шүү дээ. Та санаандгүй манайхаар ороод гаръя гээд л хүрээд ирсэн гээрэй, за юу гэж хэлээд хариу хэлэхийн завдалгүй утсаа тасалчихав.
Би ч санд мэнд хувцаслаад, такси бариад л давхиад очлоо. Бүсгүйн гэрт ороход тэр унтаж байв. Өрөөн дотроос шар айрагны үнэр сэнхийхийн зэрэгцээ ширээн дээр гурван ч лаазтай пиво, хогийн савны дэргэд хоёр ч том шар айрагны сав харагдлаа.
-Хэзээ унтсан юм бэ? гэвэл
-Энүүгээр нэг таныг харааж хашхичиж байгаад саяхан унтлаа гэж байна. Сэрээх санаатай дөхтөл бүсгүй гараас минь татаад, “гаръя” гэж дохив. Ганц бие бүсгүйн гэрт халамцуу орж ирээд, орон дээр нь нам унтчихсан нь хачирхалтай санагдсан ч тэдний хэн хэнд нь уурлах ноцтой шалтгаан байсангүй. Тиймээс ч бүсгүйн үгэнд дуулгавартай орж, түүнийг даган гадагш гарлаа.
-Юу болсон юм бол... чамд ямар нэгэн зүйл ярив уу? Уг нь уудаггүй л юм даа.
-Тантай уулзалгүй олон хоног болсон гэнэ. Таныг өөр хүнтэй болсон л гэж бодоод байгаа юм шиг байна.
-Юу гэнэ ээ. Юу гэж балайраад байгаа золиг вэ?
-Харин тийм ээ, балай юм. Хэн нэгэн алтан хошуут нь таныг захиралтайгаа учиртай гэж ярьсан юм даг уу даа. Энэ хүмүүс нээрээ аймаар юм аа. Та хоёрт атаархсандаа л тэгж байхгүй юу.
-Юу... би захиралтай юу...
Үгээ гүйцээж амжаагүй байтал утас хангинав. Даваа гарагийн өглөө эхлүүлэх томоохон төслийн хөрөнгө оруулагч залгаж байна.
-Байна уу?
-Байна, байна. Танай данс руу мөнгө шилжүүлэх гэсэн чинь болдоггүй ээ. Хагас, бүтэн сайн таарчихвал нэг дэхээс наашгүй юм болох гээд байдаг. Өөр данс өгөх үү?
-Өдөр зүгээр л гүйлгээ хийгээд байсан юмсан. Яасан юм бол оо. Манай компанид өөр данс байхгүй дээ. Захирлын дансаар авдаг юм бил үү?
-Захирлын чинь дансаар ийм их хэмжээний мөнгө орвол авлигал хээл хахууль гээд хэрэгт холбогдоно гэдгийг чи мэдмээр юм аа.
-Та дансаа зөв хийсэн биз дээ?
-Чиний явуулсан ажилтны авчирч өгсөн нэхэмжлэх дээрх дансаар л хийж байна.
-Юу болов оо, аниа?
-Чи хөрөнгө оруулагчид нэхэмжлэх аваачиж өгөхдөө дансаа зөв бичсэн биз дээ?
-Тэгэлгүй яахав дээ. Би таны бичиж өгсөнтэй хэд хэдэн удаа тулгасан.
-Одоо тэгээд яах вэ, нягтлаан. 18 цагаас өмнө амжиж шилжүүлэхгүй бол нэг дэхээс наашгүй шүү дээ.
-Одоо цаг хэд болж байна?
-17 цаг 36 минут. Байгууллагын данс болохгүй байгаа юм уу, аниа?
-Тийм ээ.
-Тэгвэл та өөрийнхөө дансаар авчихаач дээ. Нэг дэхийн өглөө гялс интернэт банкаар байгууллагын данс руу шилжүүлчихгүй юү.
-Би өөрийнхөө дансаар авчих уу?
-Тэг. Дансаа гялс мессежээр явуулчих.
Би утсаа тасалмагцаа дансаа бичиж, зурвас илгээгээд байгууллагын данс яагаад болохгүй байгаа талаар бодоод хэсэг зуур таг дуугүй зогсчихов. Тэгтэл ч миний дансанд орлого орж байгаа зурвасууд ар араасаа цувран ирж эхлэх нь тэр. Нийт дүнг нь бодож үзэхэд хөрөнгө оруулалтын хэмжээтэй яг таарч байв. Хөрөнгө оруулагч руу утасдаж, мөнгө орж ирсэн талаар хэлчихээд хайртай залуугаа сэрээхээр шийдмэгхэн алхлаа. Бүсгүйн гэртээ ормогцоо:
-Хонгор оо... хонгор оо... гэж хэд хэдэн удаа зөөлөн дуудаж үзэв. Сонсож байгаа ч шинж алга.
-Аниа, хэсэг унтаж байгаад сэрэх байлгүй дээ. Энд жаахан пиво үлдсэн байна. Хоёулаа хувааж уугаад буу халж сууя л даа. Маргааш амралтын өдөр юм чинь юундаа яарах вэ дээ гээд бүсгүй ширээн дээр байсан нэг шар айргийг надад өгөв.
-Танай хүн ууж байсан юм аа... хонгороосоо сэжиглэхгүй биз дээ? Алив тулгачихъя гэж хэлээд түнхийтэл тулгаснаа өөрөө ус шиг л залгилж эхлэв. Би ч түүнийг хармагцаа тайвшраад, юу ч бодолгүй залгилж орхилоо.
Бүсгүй өөрийнхөө ганц бие амьдралын тухай ярингаа хөргөгчнөөс хүйтэн пиво гаргаж ирсээр л байв. Нэлээд халамцаж суутал манай хүн сэрэв. Өндийж суугаад надтай юу ч дуугаралгүй, ширээн дээр байсан лаазтай шар айргийг аваад гүд гүд хийтэл залгилж орхив.
-Хонгор оо, одоо болно оо. Харья. Эргээд согтчихвол яах юм бэ? гэвэл тэр эрүүгээ өргөн, нүдээ сүүмийлгэж, над руу нэг их ёжолсон харцаар харснаа
-Хэн согтуу байгаа юм бэ? Харин чи харьж чадахаа больтолоо согтчихсон байгаа юм биш үү гэх нь тэр.
-Би сая дүүтэйгээ буу халж уусаар нэлээд халчихлаа. Миний хонгор гайгүй байгаа юм чинь намайг аваад явчихна, тэ?
-Би чамайг авч явж чадахгүй. Одоо шууд харилаа.
-Тэгээд би яаж харих юм бэ?
-Би яаж мэдэх вэ? Харьж чадахгүй юм бол эндээ хоноод явахгүй юу даа.
-Чи ямар өөдгүй юм бэ? Намайг энд хаяад явах гээд байгаа юм уу?
Тэр шууд босоод, гутал, хүрмээ өмсөн гарахаар зэхэж эхлэв. Би гуйвж дайвсаар түүний дэргэд очоод, хүзүүгээр нь ороон тэврээд үнсэх санаатай уруулыг нь уруулаараа тэмтэрлээ. Тэр:
-Чамаас дан пиво үнэртэж байна. Их муухай үнэртэж байна гээд гарыг минь тавиулаад, зөөлхөн түлхэв.
-Чи сая надаас муухай үнэр үнэртэж байна гэсэн үү? Чамаас ч гэсэн үнэртэж л байгаа шүү дээ. Ингэхэд чи яачихаад байгаа юм бэ?
-Харин чи яачихаад байгаа юм бэ? За за, би чамтай хэрэлдмээргүй байна. Эндээ хоноод яваарай.
-Би энд хонохгүй. Чи намайг аваад яв.
-Чадахгүй ээ.
Ингэж хэлээд тэр шуудхан гараад явчихав. Араас нь гарвал эргэж ч харалгүй, хаалга руу шулуухан алхаж байлаа.
-Хөөе, чи яачихаад байгаа юм бэ? Намайг энд орхиод явчихаж байгаа юм уу? Чи ямар хоншооргүй эр вэ гэж хашхирсан ч эргэж харсангүй.
-Аниа хөршүүд юу гэж бодох юм бэ? Битгий хашхираад бай. Та ороод сууж бай. Би очоод аваад ирье, за гэж хэлээд бүсгүй гараас минь татан дотогш оруулаад, өөрөө гүйгээд явчихав.
Араас нь гармаар байсан ч хөршүүдээс нь санаа зовоод, тэднийг эргэж ирэхийг тэвчээртэй хүлээлээ. Тэд хэтэрхий удаад байсан учир тэвчээр минь барагдаж, гутлаа өмсөөд гарахаар бэлтгэв. Гадуур хувцасаа шүүрч аваад гарах гэж байтал тэр минь ороод ирэх нь тэр. Бүсгүй түүний араас орж ирснээ
-Аниа явах гэж байгаа юм уу? хэмээн уулга алдав.
-Тийм ээ, би явлаа.
-Алив, шубаа өмсчих. Хамт явъя.
-Чи надтай хамт явахгүй, муухай үнэрээс минь ичээд байна гээ биз дээ?
-Би ичээд байна гэж хэлээгүй шүү. Алив...
Тэр туулайн арьсан хүрмийг минь өмсгөх зууртаа духаараа духыг минь түшиж зогсоод, өнөөх л сэтгэл татсан ухаалаг нүдээрээ уучлал гуйх мэт зөөлөн ширтлээ. Энэ нүд хэзээ ямагт ямар ч үггүйгээр намайг буулган авч чаддаг тэр л увидасаараа энэ удаа ч мөн уяраан зөөлрүүллээ.
♥♥♥
Бид такси хөлөглөн манайд хүрч ирэв. Тэр намайг гэрт минь оруулж, гутал болоод хүрмийг минь тайлж, орон дээр суулгаад
-Одоо ингээд унтаж амар. Би явлаа гэж түүнээс хэзээ ч гарамгүй хүйтэн хөндий өнгөөр хэллээ. Үүнд нь эмзэглэж тунирхсандаа би юу ч хэлж чадсангүй. Ингэж хэлсэн ч үлдэх болов уу гэсэн өчүүхэн найдварыг минь тэр тас шилбүүрдэн гарч одлоо.
“Яагаад... яагаад ингэж хандаж байгаа юм бэ? Би юуг буруу хийсэн юм бэ? Яасан өөдгүй юм бэ?... Эсвэл надаас өөр хүнтэй болчихсон юм болов уу?” гэсэн учир битүүлэг, уур бухимдал хүргэсэн асуултууд ар араасаа эгнэн жагсаад, намайг бүслэн авах мэт тарчлаан зовоож байлаа. Уусан юмандаа бус түүнд тунирхсан гомдолдоо, чээж давчдуулж буй бодолдоо улам ч согтоод байх шиг... толгой манарч, нүд анилдан нойр хүрч эхлэв.
Хэсэгхэн зүүрмэглэх зуурт нойрон дунд хэн нэгэн хаалга тогшоод байх шиг санагдав. Зүүдэлж байгаа эсэхээ ялгаж ядсаар нүдээ нээгээд, толгойгоо өндийлгөн хэсэг чагнавал үнэхээр хэн нэгэн хаалга тогшиж байна.
Хаалгаа нээвэл тэр минь зогсож байлаа. Түүнийг харангуутаа л бүр ихээр гомдоод байх шиг зүрх шархираад юу ч хэлэлгүй эргэж алхаад, орон дээрээ очоод суучихав. Тэр минь гэм хийсэн хүүхэд шиг толгой гудайлган орж ирснээ өмнө минь сандал авч суугаад
-Би ингээд явчихаж чадахгүй нь ээ. Би угаасаа бодсноо хэлж л байж санаа амардаг. Чи мэдэж байгаа даа гэв. Үг хэлбэл л нулимсаа барьж дийлэлгүй асгаруулчих юм шиг санагдаад юу ч дуугарч чадсангүй.
-Бид уулзалдалгүй олон хоножээ. Яг долоо хоносон. Сар, бүр хоёр сар шиг удаан өнгөрлөө. Чамайг завгүй байсан ч би очоод уулзаж болох байсан. Гэвч чиний тухай сонссон зүйлээсээ болоод ирж чадалгүй, дэмий бухимдсаар олон хонолоо. Бас чамайг залгахгүй, мессеж бичихгүй байгаад гомдоод байлаа. Уг нь чи над руу залгасан бол миний уур гарчих байсан юм. Даанч чи над руу залгасангүй гэж хэлээд ямар нэгэн хариулт хүлээх мэт нүд рүү минь ширтэв. Би минут тутамд түүнийг санадаг хэрнээ хором бүр түүний тухай боддог атлаа яагаад залгалгүй, зурвас илгээлгүй долоо хоночихсоноо мэдэхгүй байсан учир тайлбар хэлж бас л чадсангүй.
-Би чиний хэлдэгтэй санал нийлж байна. Чамд тэнцэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Чи тэнцэх залуугаа олж авч чадна аа. Чамд амжилт хүсье.
-Юун тэнцэх тэнцэхгүй тухай яриад байгаа юм бэ? Хэн чамайг надад тэнцэхгүй гээд байгаа юм бэ?
-Чи өөрөө тэгж ярьдаг гээ биз дээ?
-Би юу? Хэнд?
-Найзууддаа болон хайртай дүүдээ, ажлынхаа хүүхнүүдэд...
-Хэн тэгж байна?
-Хэн тэгж хэлсэн нь огт хамаагүй. Чи тэгж хэлсэн нь л хамаатай.
-Би чамайг надад тэнцэх, тэнцэхгүй тухай хэзээ ч бодож байгаагүй.
-Чи бол ухаантай, чадварлаг бүсгүй. Чамд захирал чинь яг тэнцэнэ. Тэр залуу чиний хүссэн бүгдийг өгч, чамайг хүссэнээр чинь амьдруулж чадна. Харин би чамд өөрөөсөө өөр юу ч өгч чадахгүй.
-Яагаад өөрийгөө өөр хүнтэй харьцуулаад байгаа юм бэ?
-Чи л харьцуулж эхэлсэн шүү дээ. Гэхдээ би чамд хэлчихье. Намайг хэнтэй ч битгий харьцуул. Би тэднээс чинь огт өөр хүн.
-Би чамайг хэнтэй ч харьцуулдаггүй. Чи бол миний хувьд хэнтэй ч жишишгүй хүн. Би чамайг яг энэ байгаагаар чинь хүлээн зөвшөөрдөг, хайрладаг.
-Чи надад худлаа хэлээд байгаа юм биш үү?
-Юу гэж?
-Мэдэхгүй ээ, би итгэхгүй байна. За за би явлаа.
-Би чамайг явуулмааргүй байна.
-Хэрэггүй, ингэх тусам чинь би зөрүүдлээд явах гэж зүтгэнэ.
Тэр ингэж хэлээд гараад явчихав. Би түүнийг тэврээд, “явуулахгүй” гэж ятгаж, учирлаж, үнсэж аргадмаар байсан ч ямар ч үйлдэл хийж чадсангүй. Хүн хамгийн ихээр хүсч байгаа зүйлээ үг, үйлдлээр илэрхийлж чаддаггүй юм байна.
♥♥♥
Түүнээс дуудлага болоод зурвас хүлээж шөнөжин нойр хулжив. Хяслантай нь, тэр надтай холбоо барих ямар ч оролдлого хийлгүй, үүр цайлгалаа. Маргааш нь ч бас бүтэн өдрийн турш сураггүй өнжив. Харин дотны зөвлөгч дүү минь байсхийгээд л залгаж, сэтгэл санаа засах үгс хэлэхийн зэрэгцээ эмэгтэй хүний бардам зангаар түүнтэй түрүүлж холбогдохгүй байхыг зөвлөж байлаа.
Чээж давчдаж, зүрх хөндүүрлэсэн хачин таагүй нэгэн өдөр яст мэлхийн хурдаар арай хийн өнгөрсөн ч би гэдэг хүн түүний тааварлашгүй ааш зангийн талаар түмэн таамаглал дэвшүүлсээр дахиад л нойргүй хонолоо. Өглөөгүүр хэсэгхэн зуур унтаад сэрмэгцээ хүнд бодлуудаа сэгсэрч хаяхын тулд гэртээ их цэвэрлэгээ хийж, хувцасаа хиртэй, хиргүйгээр нь ч ялгалгүй, бүгдийг нь угаачихав. “Эр хүн өөрөө тэвчээр алдаад залгахгүй байгаа бол танд хайргүй л гэсэн үг” гэсэн найрсаг дүүгийнхээ зөвлөгөөгөөр сэтгэлээ эмчлээд, тэр шөнө харин нам унтжээ.
Өглөө нь дурлалын шарх аньчихсан мэт сэтгэл хөнгөн босоод, ажил руугаа явахаар завдаж байтал утас дуугарав.
-Аниа, та хаана байна?
-Гэрээсээ гарах гэж байна. Яасан бэ?
-Би сая ажил руу явж байгаад машин мөргөчихлөө. Та яаралтай хүрээд ирээч, тэгэх үү?
-Хүүе яаж байгаад тэр вэ? Чи машингүй биз дээ?
-Өнөөдөр гадуур явах ажил ихтэй болохоор найзынхаа машиныг гуйгаад авчихсан байсан юм аа. Та хурдан хүрээд ирээч. Энэ хүмүүс цагдаа дуудна гээд байна. Хүний машин унаж явсан болохоор найз маань бас давхар баларна шүү дээ.
-За за би одоо очлоо.
Тэр даруй би ажил руу утасдаж, хоёр цагийн чөлөө аваад машин мөргөлдүүлсэн газар руу нь очив. Бүсгүй миний санаснаас хэд дахин хүнд осол гаргажээ. Унаж явсан хийгээд мөргүүлсэн машины нэг тал тэр чигтээ цааш чихэгдээд орчихсон, нөгөө машинд сууж явсан нэгэн эмэгтэй бага зэрэг гэмтсэн байв.
Дүрмийн дагуу бүсгүйн зуун хувь буруу учир эсрэг тал нь цагдаа дуудчихсан гээд зогсож байв. Би өөрийгөө бүсгүйн эгч гэж танилцуулаад хохирогч болсон жолоочтой тохиролцохоор ярьж эхэллээ. Удаан ятгасны эцэст машин засвар болон эмчилгээний мөнгө болох 900 мянган төгрөгийг өгөхөөр тохиролцов. Дүү бүсгүй нэлээд хэдэн хүн рүү утасдаж учир байдлаа тайлбарлан мөнгө гуйсан боловч гану ч төгрөг олж чадсангүй. Хохирогчид “яг одоо мөнгөө өг. Эсвэл хуулиараа учраа ол” хэмээн шавдуулна.
-Аниа, таны дансанд мөнгө байгаа биз дээ?
-Тэр чинь байгууллагын мөнгө. Өнөөдөр ажил эхэлнэ.
-Түрдээ энэ хэдэд өгөөд салчихъя л даа. Тэгээд ажил дээр очоод тэр хэдийг хуралдаж, материалаа авч байх хооронд хоёулаа олчихно шдээ.
-Тийм хурдан олж чадах уу?
-Би ээж рүү утасдаад хэлчихье. Үдээс хойш гэхэд мөнгө шилжүүлчихнэ ээ. Одоо даанч ээжийн утас холбогдохгүй байна. Ээжид байр авахаар хадгалж байгаа мөнгө байгаа.
-Найдвартай юу? Хэрэв олж чадахгүй бол би асуудалд орно шүү дээ.
-Найдвартай. Би таныг асуудалд оруулахгүй ээ.
-за за тэгье.
Би албаны мөнгөнөөс дур мэдэн, хохирогчийн данс руу шилжүүлээд, бүсгүйн найзад машиныг нь аваачиж өгөхөөр явлаа. Найз нь машинаа хараад уулга алдан, уйлах нь холгүй л бухимдан хашхичиж эхлэв. Бүсгүй:
-Найз нь чиний хохирлыг бүрэн барагдуулна аа. Битгий санаа зов хэмээн аргадсан ч найз нь тайвширах шинж огт алга.
-Машины чинь засвар нийт хэд орчим болох бол... найз нь чамд яг одоо 500 мянган төгрөг өгье. Чи өнөөдөр боломжоороо засуулж бай. Дутвал найз нь маргааш үлдсэнийг нь олоод өгье, тэгэх үү?
-За за тэгвэл тэг тэг. Өнөөдөр л гялс засуулахгүй бол маргааш нөхөр ирээд харчихвал манай гэр бүл салж сарних юм болно шүү дээ.
-Аниа, та манай найз руу 500 мянгыг шилжүүлчих. Би өдөр ээжээс аваад түрүүнийхтэй хамтад нь өгчихье.
-Чи тийм их мөнгийг үдээс хойш гэхэд олж чадах юм уу?
-Чадна аа.
-Чи найздаа үдээс хойш өгье л гээч дээ.
-Найз нь одоо ажил руу очоод, үдээс хойш чам руу мөнгө шилжүүлчих үү?
-Юу яриад байгаа юм бэ, чи? Үдээс хойш мөнгө шилжүүлэхийг чинь хүлээсээр байтал өнөөдөр засуулж амжихгүй нь. Засуулаагүй байвал манай нөхөр намайг ална. Чи намайг амьдралгүй болгох гээ юү?
-За за. Миний дүү тайвшир. 500 мянгыг шилжүүлчихье. Дансаа... чи харин ажил дээр очоод, шууд ээж рүүгээ яриад, яаралтай олж өгнө шүү. Албаны мөнгө шүү дээ.
-мэдэж байна аа, аниа санаа зоволтгүй. Та бол миний авралын од.
Ийнхүү түүний асуудлыг бүрмөсөн шийдвэрлээд, үдийн цайны цагаас өмнөхөн ажил дээрээ хүрч ирэв. Бүгд унд уухаараа гарч байсан учир бид хоёр ч юм олж идэхээр гарлаа. Ундлаад дуусч байтал даргын туслах бүсгүй залгаад
-Дүүрэг дээр дуудаж байна. Сүүлд орж ирсэн шалгалттай холбоотой л баахан үүрэг даалгавар өгөх гэж байгаа юм шиг байна. Таныг яаралтай очиж уулз гэнэ гэв.
Түүний хэлснээр дүүрэг дээр яаралтай очсон ч мэргэжилтэн нь гадуур шалгалттай явж байсан учир хүлээхээс өөр арга байсангүй. Хагас өдөр хүлээлгэсний эцэст ажил тарахаас 20-хон минутын өмнө ирж, аудитын шалгалт болон Татварын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой баахан нэмэлт үүрэг даалгавар өгөв.
♥♥♥
Тарах цагтай уралдан, ажил дээрээ очиж хуруугаа уншуулчихаад л харьсан учир маргааш нь ажил эхлэхээс цагийн өмнө очиж, өдрийн ажлаа төлөвлөв. Маргааш цалин тавих өдөр учир цалингийн тооцоо бодсоор үд өнгөрснийг ч анзаарсангүй. Цалингаа бодож дуусаад, дүүргээс өгсөн үүрэг даалгаврын талаар хэлтсийн дарга нарт танилцуулахаар өрөөнөөсөө гарах гэж байтал утас дуугарав.
-Захирал таныг өрөөндөө ороод ирээч гэж байна гээд туслах бүсгүй утсаа шууд тасалчихав.
Захирлын өрөөнд орвол дэд захирлууд болон хэлтсийн дарга нар бүгд ирчихсэн байлаа.
Захирлуудын зөвлөлийн дарга суудлаасаа босч, хоолойгоо засан, царайгаа төв болгоод:
-За тэгэхээр өнөөдөр нэгэн ажилтанд хариуцлага тооцохоор шуурхай хурал зарласан юм. Энэ хүн байгууллагын мөнгөнөөс удаа дараалан хувьдаа завшиж, тэр булхайгаа нуун дарагдуулахын тулд татварынханд хахууль өгч байсан нь баримтаар нотлогдсон. Ийм хүнд ямар арга хэмжээ авбал зүйтэй вэ, нягтлаан?
-айн?... аан хэрэв байгууллагын хөрөнгөнөөс удаа дараалан хувьдаа завшсан нь баримтаар нотлогдсон бол ажлаас чөлөөлөөд, шүүхэд шилжүүлэн хохирлыг барагдуулах арга хэмжээ авна.
-За таны хэлснээр нягтлан таныг өнөөдрөөс эхлэн ажлаас чөлөөлж байна. Мөн шүүхэд шилжүүлэн, байгууллагад учруулсан хохирлыг хуулийн дагуу төлүүлэх болно.
-Юу? Би юу ч ойлгосонгүй.
-Байгууллагын мөнгөнөөс удаа дараалан хувьдаа завшиж, тэр булхайгаа нуун дарагдуулахын тулд татварын байцаагчидтай хуйвалдан хуурамч тайлан өгч байсныг чинь манай ажилтнууд олж тогтоосон. Хамгийн сүүлд л гэхэд хөрөнгө оруулагчдын мөнгийг өөрийн дансаараа авч, өчигдөр эхлэх ёстой байсан бүтээн байгуулалтын ажлыг цалгардуулсан байна.
-Үгүй ээ, би өчигдөр...
-Өөрийгөө өмөөрөх нүүр бас чамд байгаа гэж үү?
-Хөрөнгө оруулагчдын мөнгө хаана байна?
-Миний дансанд байгаа.
-Яг одоо байгууллагын данс руу шилжүүл.
-за.
Гэнэтийн энэ хачирхалтай дайралтанд тулгамдсандаа ямар тайлбар хэлэхээ ч мэдэхгүй балмагдаж орхив. Мөн байгууллагын мөнгөнөөс дутаасан 1.4 сая төгрөгөө юу гэж тайлбарлах учраа олохгүй, тэвдээд юу гэж хэлж байгаагаа ч ойлгохгүй сандарчихав.
-1.4 сая дутаж байна. Тэр мөнгө нь хаана байна?
-Тэр нөгөө юу... би үдээс хойш гэхэд тэр мөнгийг...
-Энэ мэтчилэнгээр хувьдаа завшдаг байсан байгаа юм. Танд үүнээс ч илүү мөнгөний асуудал бий. Одоо хоёулаа тооцоод тоолоод гаргаад ирнэ ээ, гайгүй.
Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирлын захирангуй үгс бодол санаанд ойж буун тасалдаж сонсогдоно.
“Юу болчихов оо... яагаад ийм зүйл болчихов оо... яагаад... би юу хийсэн билээ...” гэсэн асуултууд дундаа төөрч, ухаан санаа ч тогтож өгөхгүй, нэгээс нөгөө рүү үсчиж байлаа. Энэ бүхний эсрэг зоригтой зогсож чадахгүй байгаадаа, олигтойхон тайлбар хэлээд өөрийгөө өмгөөлчихөж ч зүрхлэхгүй байгаадаа бухимдаж, бухимдсанаасаа болоод юу ярьж, ямар үйлдэл хийж байгаагаа ч мэдэхгүй болтлоо самгардав.
Нэг мэдэх нь ээ, би гэдэг хүн хэдэн арван сая төгрөгийн өрөнд унаад, ажлаас чөлөөлсөн тушаал, шүүх рүү шилжүүлэх шийдвэр хоёрыг гартаа тас атгаад, оффисынхоо гадаа зогсож байв. Цалингийн нэмэгдэл бодуулах, жижиг сажиг торгуулаас чөлөөлүүлэхээр хойно урд минь орж, сүүлээ шарван гулбилзах нохой шиг араас минь дагадаг байсан ажилчид хийгээд цаг үргэлж сайшаан шагшиж, магтах үгээ олж яддаг байсан удирдлагууд, надтай дотно гэдгээ батлахын тулд юу ч хийхээс буцдаггүй ажлын газрын найзуудын хэн нь ч одоо миний дэргэд алга.
-Яана аа, аниа. Би буруутай. Би л таныг баллачихлаа. Одоо яах вэ. Энэ захирлууд ямар аймаар юм бэ? Танаар хамаг юмаа хийлгэдэг байсан хэрнээ ингээд хөөчихөж болохгүй шүү дээ. Бусад нь ч гэсэн дээ, ёстой хүн юм даа. Бүгд л таныг муулаад чичлээд байх юм гэсээр дүү бүсгүй нүдээ гурвалжлуулж, духныхаа арьсыг атируулаад их л сэтгэл зовнисон байдалтай хажууд минь зогсож байлаа.
-Яах вэ? Би танд яаж туслах вэ?
-Зүгээр дээ. Чи харин нөгөө мөнгөө л эгчдээ яаралтай олоод өгөөрэй. Өрнөөсөө нимгэлэх шаардлагатай биз дээ?
-Яах вэ? Би бүр тэвдээд байна.
-Зүгээр дээ. Эгч нь зүв зүгээр. Чи одоо ор. Чамайг надтай холбоо сүлбээтэй гээд халчихвал яана.
-Ямар хамаатай юм бэ. Та гарч байгаа юм чинь би ч бас гармаар байна.
-Тэгж болохгүй ээ. Миний дүү ажилтайгаа үлдэх хэрэгтэй шүү.
-Яах вэ? Ингэхэд танай хүнээс сураг алга уу? Би залгаад, дуудчих уу?
-Үгүй, үгүй шүү. Түүн рүү залгаад, энэ тухай хэлээд үзээрэй, чи. Хохь чинь шүү.
-Та яагаад над руу уурлаад байгаа юм бэ? Ойлголоо, би юу ч хэлэхгүй ээ.
-За за. Чи ажил руугаа ор. Би харилаа.
-Та тэгээд зүгээр үү?
-Зүгээр ээ. Амьд хүн аргатай. Учир нь олдоно оо.
-Би орой тараад яваад очъё за. Аниа сэтгэлээр унахгүй, өөдрөг байгаарай.
Ажлаас чөлөөлсөн тушаал, шүүх рүү шилжүүлэх шийдвэр гэсэн захирлын гарын үсэгтэй хоёр хавтгай цаасыг цүнх рүүгээ хумьж чихээд, баруун гараа өргөж “баяртай” хэмээн бүсгүй рүү дохиод, эргэж ч харалгүй урагш алхлаа. Эргээд алхах зам минь хаагдсан ч өмнөх зам минь ямар ч хориггүй нээлттэй л байна.
♥♥♥
Хоёрхон хоногийн өмнө би нэр хүнд бүхий группийн Ерөнхий нягтлан, Шилдэг ажилтан байлаа. Хамт олон минь намайг тойрон хүрээлж, удирдлагууд минь надад зуун хувь итгэл хүлээлгэдэг байв. Энэ бол миний зургаан жилийн уйгагүй хөдөлмөр, нойр хоолоо умартан зүтгэсний үр өгөөж байсан юм.
Тавхан хоногийн өмнө би мөрөөдлийнхөө ханхүүгийн хүсэмжит бүсгүй, насан туршийн хайр нь байлаа. Би түүний хайраар цэцэглэж дэлбээлдэгийн нэгэн адилаар тэр миний хайраар гэрэлтэн бадардаг байв. Энэ бол арваад жил ганцаар сажилж, хүлцэн хүлээсэн жаргал минь байсан юм.
Энэ бүхний төлөө би асар их хөлс урсгаж, олон зүйлийг золиослож, бас юугаар ч орлуулан нөхөшгүй цаг хугацаагаа зориулсан. Гэвч тэр их сэтгэл зүтгэл, тэр урт цаг хугацаа, мацаж гарсан оргилыг минь ердөө ганцхан хүн хэдхэн үг, цөөхөн хором зарцуулаад л бүрмөсөн үгүйсгэж, зориулсан, зарцуулсан бүхнийг минь үнс шиг хийсгээд үгүй хийчхэж болох талаар огт бодож байсангүй. Аливаа зүйлийг босгохын тулд маш олон хүн асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулдаг. Харин нураахын тулд ердөө л ганц, хоёрхон хүний ичгүүргүй нүүр, хорон санаа, эрээгүй үгс, хэдхэн хором л шаардлагатай байдагтай эвлэрэхэд хэцүү ч эвлэрэхээс өөр сонголт үлдсэнгүй.
Чухам хаана нь ямар алдаа гаргаад би өөрт байсан бүхнээ бүгдийг нь алдчихдаг байна аа... Энэ асуултын хариуг олж чадахгүй байгаадаа сэтгэл минь дэн дун, ухаан санаа минь орон гаран байлаа.
Ирээдүйд яах талаар бодох байтугай, орноосоо босох уу, эсвэл үргэлжлүүлэн хэвтсээр л байх уу гэдгээ ч шийдэж чадахгүй эргэлзсээр өдрийг барна. Гар утас минь сүүлийн гучаад минутын турш тасралтгүй хангинаж байгаа ч хэнээс дуудлага ирж байгааг нь харах хүсэл огт алга. Гэвч хангинасан чимээ нь тээртэй санагдах учир шүүрч аваад, ногоон товчлуур дээр нь даран, чихэн дээрээ тавиад, эргэж хэвтэв.
-Аниа, та минь зүгээр үү? Утсаа авахгүй болохоор чинь хэчнээн санаа зовов оо?
-Би зүв зүгээр ээ. Нам унтчихаж.
-Өөр ажил хайж үзэв үү?
-Үгүй ээ, өнөөдөр гэртээ сайхан амарчихаад, маргааш л хайя.
-Та чадвартай юм чинь ажил олдоно доо.
-Нөгөө 1.4 сая төгрөгийг яаралтай олж өг гээд байна. Чи мөнгө олов уу?
-Ээж өнөөдөр мөнгө явуулна гэсээн. Санаа зоволтгүй. Ингэхэд хадгаламжинд байсан мөнгийг чинь хүртэл авчихсан гэсэн үү?
-Тийм ээ, бүгдийг нь шавхаад өгчихсөн. Хаашдаа л өр юм чинь эртхэн нимгэлж л байсан нь дээр шүү дээ. Хаалга тогшоод байх шиг байна. Дараа ярья.
Байрны эзэн хаалга тогшсон байж.
-Сайн уу? Чи уг нь яг хугацаандаа өгдөгсөн. Энэ удаа хоёр хоног хэтэрчихлээ.
-Сайн сайн. Уучлаарай, би харин хоёр хоногийн өмнө ажлаасаа гэнэт халагдаад...
-Өө тийм үү, ажлаасаа яагаад халагдчихав аа?
-Өө гэнэтийн асуудал гараад аа... би энэ удаа түрээсээ хэд хоног хоцроох юм шиг байна. Та хэд хоног хүлээгээч, тэгэх үү?
-За найдвартай өгдөг болохоор чинь гурав хоног хүлээе. Чи намайг хэнийг ч нэг ч хоног хүлээдэггүйг уг нь мэдэж байгаа даа.
-Тийм ээ, би гурав хоногийн дотор олоод өгчихнө өө. Баярлалаа.
Үнэндээ чухам хаанаас, хэрхэн мөнгө олохоо мэдэхгүй байсан ч байрны эзэнд ингэж тун итгэлтэй хэлээд хаалгаа хаав. “За, олдог л байх даа” гэж өөртөө хэлээд, эргэтэл хаалга дахин тогших нь тэр. “Арай гурав хоног хүлээж чадахгүй гэх гэж байгаа юм биш байгаа даа” гэсэн түгшүүрт бодол тархинд эргэлдэхтэй зэрэгцэн хаалгаа зориг муутайхан түлхлээ. Түүнийг таатай мэдээ огт дуулгахгүй гэдэгт эргэлзэхгүй байсан учир өөдөөс нь эгцэлж харж ч зүрхлэлгүй, шат ширтэн зогсов.
Хаалга тайлаад хэдэн эгшин өнгөрсөн боловч хэн ч юу ч хэлэхгүй болохоор нь гайхсандаа толгойгоо огцом өргөөд л түлхүүрийн нүхээр шургачиж буй нарны гэрэл шиг тунгалаг нүдтэй харц тулгараад гацаж орхих нь тэр.
-Би орж болох уу?
-Ор ор.
-Яагаад ингэтлээ царай алдчихаа вэ?
-Би тэгтлээ царай алдчихсан байна уу? Угаасаа ийм царайтай шүү дээ.
Хүрээд ирсэнд нь хэмжээлшгүй их баярлаж байсан ч гоморхож тунирхсандаа ч юм уу, үг сөргөж хэгжүүрхсээр эргэж алхлаа. Тэгтэл тэр минь эргүүлэн татаж, хоёр гараас минь зөөлөн атгаад
-Би сонссон бүхнээ мартахаар шийдсэн. Үнэн байсан ч тэр тухай эргэж сөхөхгүй байхаар шийдсэн. Би олон хувилбараар бодож үзлээ. Би чиний л дэргэд баймаар байна. Намайг хүлээж авах уу? гэх нь тэр. Түүнийгээ тэврээд “Тийм ээ, би ч бас чиний дэргэд баймаар байна” гэж хэлэхийг хүссэн ч өнөөгийн нөхцөл байдлаа бодож үзээд, тийм үйлдэл хийж чадсангүй.
-Би бүгдийг сонссоон. Бүх зүйл эргээд л сайхан болно. Энэ тийм ч сүртэй уналт биш шүү дээ. Чи хүчтэй, ухаантай эмэгтэй. Эргээд л босно. Энэ бүхнийг хамтдаа давж гарна аа гэж хэлэхэд би сэтгэл хөдлөлөө барьж дийлсэнгүй, түүнийгээ хүзүүдэн тэврээд, зөвхөн түүнээс нь сэнхийдэг үгээр илэрхийлэхийн аргагүй ялдам үнэрийг нь үнэрлэх мөчид дааж давахын аргагүй хүнд бэрх санагдаж байсан бүхэн хулчийгаад зугтчихаж байгаа мэт мэдрэмж төрөв.
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл (1)