БАРИМТ 1
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг УИХ 2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд баталсан. Энэ хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхийг хориглосон.
БАРИМТ 2
УИХ-ын баталсан тогтоолын дагуу Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг 2020 оны долдугаар сарын 1-нээс дагаж мөрдсөн.
БАРИМТ 3
“Мобиком” корпораци 2020 оны хоёрдугаар сараас эхлэн “VOO” үйлчилгээг нэвтрүүлж буйгаа зарлан, сурталчилгаагаа эрчимжүүлсэн.
БАРИМТ 4
“VOO” үйлчилгээг авснаар гар утас, төхөөрөмж, компьютер дээрээ дэлхийн шилдэг сувгууд болон Монголын өргөн нэвтрүүлгийн, арилжааны телевизүүдийн сувгуудыг үзэх боломжтой гэдгийг сурталчилсэн.
БАРИМТ 5
2020 оны долдугаар сарын 31-ний байдлаар “VOO” үйлчилгээ нь 3000 шахам хэрэглэгчтэй болчихсон, өргөн нэвтрүүлгийн болон арилжааны 16 телевизтэй 1-3 жилийн гэрээ байгуулчихсан байв.
БАРИМТ 6
Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд зааснаар “олон суваг дамжуулах үйлчилгээ” гэж утастай, утасгүй, хиймэл дагуулын сүлжээгээр радио, телевизийн олон сувгийг хэрэглэгчдэд гэрээний үндсэн дээр дамжуулан хүргэхийг хэлдэг.
БАРИМТ 7
Ийм тодорхой хуулийн заалттай байхад тусгай зөвшөөрөлгүйгээр олон суваг дамжуулах үйлчилгээний шинжийг бүрэн агуулсан үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж байсан “Мобиком” корпорацийн эзэмшигч нь Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй KDDI гэдэг паблик компани гэдгийг http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2072572?fbclid сайтаас харж болно. Ингэснээр Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхийг хориглох хуулийн заалтыг зөрчих нөхцөл бүрдсэн.
БАРИМТ 8
Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхлэх хугацаа буюу 2020 оны долдугаар сарын 1-нээс ердөө хэдхэн хоногийн өмнө 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болох “Мобиком” корпораци анх зах зээлд нэвтрүүлсэн “VOO” үйлчилгээгээ “Мобинэт” ХХК руу шилжүүлсэн.
БАРИМТ 9
“Мобинэт” ХХК-ийн эзэмшигч нь 100 хувь “Мобиком” корпораци гэдгийг мөн л http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5334977?fbclid сайтаас харж болно. Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэж болохгүй гэсэн хуулийн заалтаас бултахын тулд “Мобиком” корпораци хууль хэрэгжихээс хэдхэн хоногийн өмнө өөрийн охин компанидаа ингэж “VOO” үйлчилгээгээ шилжүүлжээ.
БАРИМТ 10
“Мобинэт” ХХК-ийн “VOO” үйлчилгээ нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг хянахаар 2020 оны аравдугаар сард Харилцаа холбооны зохицуулах хорооны улсын байцаагч зөрчлийн хэрэг үүсгэсэн байна. Хэргийг хоёр сарын турш хянан шалгаад хяналтын прокурорт шилжүүлжээ.
БАРИМТ 11
Харилцаа холбооны зохицуулах хорооны Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч “”Мобиком корпораци” ХХК-ийн охин компани болох “Мобинэт” ХХК-ийн эрхлэн явуулж байгаа “VOO” үйлчилгээ нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “олон суваг дамжуулах үйлчилгээ”-г, тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг Зохицуулах хорооноос олгох тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлнэ” гэх хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтын хүрээнд үйлчилгээ эрхлээгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэсэн дүгнэлтийг 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд гаргажээ.
БАРИМТ 12
“Мобинэт”-ийн “VOO” үйлчилгээгээ нь ингэж Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчсөн нь хяналтын улсын байцаагч болон хяналтын прокуроруудын дүгнэлтээр батлагддаг ч ямар ч хариуцлага хүлээгээгүй юм.
БАРИМТ 13
УИХ Өргөн нэвтрүүлгийн тухай хууль баталсантай холбогдуулан хариуцлагатай холбоотой зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд оруулах хуулийн төслийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор УИХ-д өргөн барихыг Засгийн газарт даалгасан.
БАРИМТ 14
Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхлээд есөн сар болж байгаа ч Засгийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэ хуулийн хариуцлагатай холбоотой зохицуулалтыг Зөрчлийн хуульд оруулах төслийг одоо хүртэл УИХ-д өргөн бариагүй байна. Ингэснээр зөвшөөрөлгүйгээр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлж Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэг нь хяналтын улсын байцаагч, хяналтын прокурор нарын дүгнэлтээр батлагдсан “Мобинэт” ХХК ямар ч хариуцлага хүлээхгүйгээр “ял” завшиж байгаа юм.
БАРИМТ 15
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчсөн ч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа “Мобинэт” болон түүний толгой компани “Мобиком” корпорацид Монголын төрийн байгууллагууд үйлчилж байгаа байж магадгүйг харуулсан хэд хэдэн баримт байгаа. Түүний жишээг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны есдүгээр сарын 14-нд баталсан Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл хэмээх баримт бичгээс харж болно.
БАРИМТ 16
Энэ баримт бичигт “Интернэтийн сүлжээгээр телевиз, радио контент дамжуулж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоно. Энэхүү зөвшөөрлийг хүсэлтийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо олгоно. Зохицуулах хорооноос энэ зөвшөөрлийг олгох хүртэл энэ төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлж болно” гэж заасан нь зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулаад Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчсөн “Мобинэт”-ийн “VOO” үйлчилгээнд зориулсан мэт байсан юм.
БАРИМТ 17
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын энэхүү баримт бичгийг батлахаас хэдхэн хоногийн өмнө “Мобинэт” ХХК нь тусгай зөвшөөрлийн хүсэлтээ Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргаад байлаа. Энэ нь өөрсдийнх нь нэвтрүүлсэн үйлчилгээ заавал тусгай зөвшөөрөл авах ёстой гэдгийг “Мобинэт” хүлээн зөвшөөрсөн үйлдэл болсон юм.
БАРИМТ 18
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын баталсан дээрх баримт бичигтэй холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 оны арваннэгдүгээр сард боловсруулсан Контентын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн журам нь Монголын төрийн байгууллагууд “Мобиком”-ын өмнө хүчгүй гэдгийг баталдаг. Учир нь энэ журмаар интернэтийн сүлжээгээр тв суваг дамжуулж байгаа тохиолдолд контентын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно гэсэн заалт оруулсан нь хууль бусаар эхлүүлсэн “VOO” үйлчилгээг журмаар зөвшөөрүүлэхийг хичээсэн үйлдэл байсан юм. Гэсэн ч энэ нь эсэргүүцэлтэй тулгарсан учир батлуулж чадалгүй, түр хойшлуулаад байгаа билээ.
БАРИМТ 19
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны есдүгээр сард баталсан Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл хэмээх баримт баримт бичгийг бүх үүрэн холбоо эрхлэгчид, интернэтийн үйл ажиллагаа эрхлэгчид, контентын үйлчилгээ эрхлэгчид дагаж мөрдөнө гэж заасан. Ингэснээрээ энэхүү баримт бичиг нь нийтээр мөрдөх хэм хэмжээний шинжийг агуулж байгаа. Гэсэн хэдий ч нийтээр мөрдөх хэм хэмжээг бүртгэдэг цорын ганц эрх бүхий этгээд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл гэсэн баримт бичгийг бүртгүүлэх хүсэлт одоо хүртэл ирээгүй байгаа юм. Ингэснээрээ энэ баримт бичиг нь бүрэн дүүрэн эрх зүйн чадамжтай баримт эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм.
БАРИМТ 20
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын баталсан дээрх баримт бичиг нь Өрсөлдөөний тухай хуулиас гадна олон хуулийг ноцтой зөрчсөн.
БАРИМТ 21
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт хаягласан 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” албан тоотод Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын баталсан Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл нь аль нэг аж ахуйн нэгжид давуу байдал олгосноороо Өрсөлдөөний тухай болон хэд хэдэн хуулийг зөрчсөн гэдгийг нотолсон юм.
БАРИМТ 22
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын баталсан чиглэл нь хуулийг баримтлах, хуульд нийцүүлэх, дээдлэх зарчмыг ч давсан гэдэг нь харагддаг. Учир нь, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд Мэдээлэл, харилцаа холбоо технологийн чиглэлээ болон олон суваг эрхлэх үйлчилгээг зайлшгүй тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гээд заасан байдаг. Гэтэл дээрх баримт бичигт зааснаар “Интернэтээр дуу дүрс дамжуулах үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь энэхүү баримтлах чиглэлийн 2.7-д заасан тусгай зөвшөөрлийг Зохицуулах хорооноос олгох хүртэл уг үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж болно” гэсэн нь хуульд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр заасан үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх боломжтой байхаар тусгасан.
БАРИМТ 23
Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэлийн 2.8-д “Интернэтээр дуу, дүрс дамжуулах үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь энэхүү баримтлах чиглэлийн 2.7-д заасан тусгай зөвшөөрлийг Зохицуулах хорооноос олгох хүртэл уг үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж болно” гэж тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.5.3-т заасны дагуу Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлсийг төлөхгүй байх боломжтой байдлаар зохицуулсан.
БАРИМТ 24
Ингэснээрээ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь Өрсөлдөөний тухай хуулийн “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг ноцтой зөрчсөн байна.
Сэтгэгдэл (6)