ЭШЛЭЛ 1
Хүний нийгмийн хөгжил гурван хэмжээст орон зайд гурван цагийн алтан хэлхээ, амьд шүтэлцээнд орших бөгөөд өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Түүх давтагддаг нь жам ёсны асуудал бөгөөд түүнээс ялалт, амжилт, ололт, нээлт басхүү гэм, нүгэл, алдаа завхрал, азгүйтэл бүтэлгүйтэл аль алийг нь олж мэддэг учиртай.
ЭШЛЭЛ 2
Түүхийн үнэнийг тогтооход баримтлах нэг алтан зарчим бий.Энэ бол өнгөрснийг дүгнэхдээ эдүгээчлэх, нам, бүлэглэл, хувь хүний үнэлэмжээр хандан өөрийн үзэмжээр засварлах, гоёчлох, эсхүл нийтэд нь харлуулах зэрэг туйлшралаас бүрмөсөн зайлсхийж, тухайн цаг үеийнх нь түүхэн нөхцөл байдал, учир шалтгаан, үйл явдлын хэлхээ холбоон дунд нь нийцүүлэн авч үзэх явдал юм.
ЭШЛЭЛ 3
Манай намын 100 жилийн түүх бол бидэнд байгаа яндашгүй их баялаг, мэдлэг, урам зориг, сургамж, үнэний ухаарлыг хайрлах мэргэн багш мөн. Ийм л байр сууринаас бид намынхаа түүхийн асуудалд хандаж МАН анх үүсэн байгуулагдсан цагаасаа хойш ямар бодлого, чиг шугамыг баримталж Монголын ард түмний төлөө юу хийж бүтээсэн талаар өнөө үеийнхэндээ ярьж, бичиж ойлгуулах үүрэгтэй билээ.
ЭШЛЭЛ 4
Монгол Ардын Нам, Ардын түр засгийн газар, ардын журамт цэргийг богино хугацаанд зохион байгуулж, 1921 оны гуравдугаар сард Хиагт хотыг мөн оны долдугаар сард “Нийслэл хүрээ“-г Зөвлөлт Оросын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, ардын эрхэт засаг төрийг байгуулсан нь тусгаар тогтнолоо дахин сэргээж, өөрийн газар шороондоо эзэн суух гэсэн монголын ард түмний 200 гаруй жилийн чин хүслийн биелэл, тэнгэрийн цагийн таалал байлаа.
ЭШЛЭЛ 5
Нийт хязгаар нутгийг харийн түрэмгийлэн эзлэгчдээс чөлөөлсөн хэдий ч, монголын тусгаар тогтнол, гадаад дотоод улс төрийн нөхцөл байдал 1940-өөд оны эцэс хүртэл эмзэг, түгшүүртэй хэвээр байлаа.Ялангуяа тухайн үеийн Хятадын эрх баригчид Монголын хүн амын тодорхой хэсгийг нам, ардын засгийн эсрэг далдаас турхирах, бослого самуунд уриалах, хил хязгаарт халдах, элдэв хорт цуурхал дэгдээж, нийтийн санаа бодлыг үймүүлэх, манай улсад эхэлсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийг өөрт ашигтайгаар өрнүүлэх зэргээр улсын тусгаар тогтнолд байнга заналхийлж байлаа.
ЭШЛЭЛ 6
“Гадаад монгол бол хэзээнээс Хятадын газар нутгийн салшгүй хэсэг” гэсэн үзлээ үхширтэл хамгаалж байсан Гоминданы хятадууд бараг 40 жил монголын тусгаар тогтнолд дайсагнасаар байсан юм.Нөгөө талаас Сибирь, алс дорнодыг гадны довтолгооноос хамгаалахад Монголыг бамбай болгох мөн Монголоос болж Хятадтай харилцаагаа муутгахгүй байх гэсэн далд бодлогыг Сталин, коминтерний зүгээс бүр анхнаасаа баримталж байсан нь байдлыг улам ээдрээ, түвэгтэй болгож байлаа.
ЭШЛЭЛ 7
1924 оны тавдугаар сарын 31-ний өдөр Бээжин хотод гарын үсэг зурсан Зөвлөлт Орос, Хятадын хэлэлцээрээр Гадаад Монголыг Бүгд Найрамдах Хятад улсын бүрэлдэхүүн хэсэг мөн хэмээн тохиролцсон нь Зөвлөлтийг ганц ханиа хэмээн бодож явсан манай эх орончдод маш том цохилт болсон юм. Энэ нь Монголын тусгаар тогтнолыг монголчууд өөрсдөө л авч явахаас өөр арга зам байхгүй юм байна гэдэг гашуун боловч үнэн сургамжийг олж авсан билээ.
ЭШЛЭЛ 8
Том гүрнүүдийн язгуур ашиг сонирхлын дэнчинд монголын тусгаар тогтнол хялбархан тавигдаж байсан тэр гашуун үнэнийг бид хэзээ ч мартаж болохгүй. Гэсэн хэдий ч, төрийн тусгаар тогтнолоо ямар ч үнээр болов авч үлдэх нь хамгаас эрхэм тул МАН цаг цагийн байдал, жижиг улсын сул тал, онцлогийг тооцон зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр бус улс төр, дипломатын аргаар эх орон, тусгаар тогтнолоо батлан хамгаалах арга ухаан сүвэгчлэн амжилттай тэмцэж ирсэн агуу түүхээр бид байнга бахархаж явах учиртай.
ЭШЛЭЛ 9
Монголыг өөртөө нэгтгэх гэсэн Хятадын эрх баригчдын үйл ажиллагаа идэвхжсэн, мөн дээр нь Японы түрэмгийлэгчдийн халдан довтлох аюул занал нэмэгдсэн амаргүй цаг үед тусгаар улсын ёсоор оршин тогтнохын тулд Зөвлөлт Орос Улс, Оросын ард түмний дэмжлэгийг авч, харилцан туслалцах гэрээг байгуулсан юм.
ЭШЛЭЛ 10
Энэ бодлого зөв зүйтэй байсныг 1939 оны Халх голын дайн, 1941-1945 оны Агуу Эх орны дайн, 1945 оны Чөлөөлөх дайны үр дүн тов тодорхой харуулсан бөгөөд эх орныхоо тусгаар тогтнолыг бататгаж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх түүхэн нөхцөлийг бүрдүүлсэн юм.
ЭШЛЭЛ 11
Монголын ард түмэн Аугаа Эх орны дайны хүнд бэрх цагт “Бүхнийг фронтод“ хөдөлгөөн өрнүүлж, бүхий л боломжоороо Оросын ард түмэнд туслаж байсан бол, өмнөд хөрш Хятадын ард түмнийг харийн дарлалаас чөлөөлөх байлдаанд Монгол Ардын Хувьсгалт цэрэг амь биеэ үл хайрлан оролцсон нь мөнхийн хоёр хөршдөө зовох цагт нөхрийн чанарыг таниулсан түүхэн үйл явдал болон үлдсэн билээ.
ЭШЛЭЛ 12
Өнөөдөр Монгол Улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаа тогтоож, хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ гээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 5 гишүүн орны дийлэнхтэй нь стратегийн түншлэлтэй болоод байна. Мөн манай улс НҮБ-ын мандат дор 2002 оноос хойш 15 удаагийн энхийг сахиулах ажиллагаанд 18 мянга гаруй цэнхэр дуулгатан цэргүүдээ оролцуулсан.
ЭШЛЭЛ 13
Монгол Улс НҮБ-ын хариуцлагатай гишүүн орны хувьд дэлхийн найрсал, энхтайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд зохих санал санаачилгыг гаргасаар ирсэн. Бид өөрийн газар нутгийг цөмийн зэвсэггүй бүсээр зарлаж, энэхүү статусаа Олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлсэн Төв Азийн анхны улс болж чадсан юм.
ЭШЛЭЛ 14
Энд онцлон тэмдэглэхэд, засаг, төрийн эрхийг шилжүүлэх өөрчлөлтийг манай нам аль болох тайван замаар хийхийг эрмэлзэж, “чадвал зөөлөн, явбал хатуу аргаар бошгыг халах бат журмаар үйлдэнэ” хэмээн анхныхаа программд заасан нь бий.Ард түмний хувьсгалт урам зориг, бадрангуй хичээл зүтгэл дээр тулгуурлан 3-4 жилийн дотор манай улсад хийгдсэн дээрх өөрчлөлт нь дэлхийн зарим улс оронд 30-40 жил үргэлжилсэн түүх байдаг.
ЭШЛЭЛ 15
Эмэгтэйчүүд бол эрэгтэйчүүдтэй нэгэн адил тэгш эрхтэй хэмээн тогтоосон нь үнэхээр гайхамшиг байлаа. Ардын хувьсгалтай хамт тунхагласан энэхүү үнэт зүйлээ манай нам үргэлж нандигнан хамгаалж, тасралтгүй төгөлдөржүүлсээр ирсэн билээ.
ЭШЛЭЛ 16
97 жилийн тэртээ монголын ард түмэнд засгийн дээд эрхийг эдлүүлэх Үндсэн хуульт Бүгд Найрамдах засгийн тогтолцоог тунхаглан, парламентат ёсыг хуульчилсан нь XX зууны монголын түүхэнд дуурсагдах онцгой үйл явдал мөн.
ЭШЛЭЛ 17
Ардын төр өөрийн жам ёсны байр сууриа эзэлж, манлайлах хүчин болтлоо түмэн бэрхшээл, мянган сорилттой тулгарч хүнд хэцүү олон үеийг даван туулсан юм.Гаднын дарамт, шахалтын дор өрнөсөн их хэлмэгдүүлэлтээс болж ардын төр, ард түмний хооронд хэсэг хугацаанд завсар зааг гарсан, төр, засгийн газрын хэд хэдэн тэргүүн, нэрт зүтгэлтнүүд, цэрэг армийн удирдлагууд, лам хуврага, ард иргэд гээд олон мянган хүмүүсээ харамсалтайгаар алдсан нулимстай, цустай гашуун он жилүүдийн түүхийг бид огт мартах учиргүй.
ЭШЛЭЛ 18
1990 онд хуралдсан МАН-ын Онц их хурлаас гаргасан түүхэн шийдвэрүүд нь Монгол Улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, олон намын тогтолцоо бүхий хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм, эрх зүйт төрийг байгуулах шинэ Үндсэн хуулийн эх суурь болсон юм.
ЭШЛЭЛ 19
Шинэ ардчилсан Үндсэн хуулийг баталсан Ардын Их Хурлын 450 депутатын 83 хувь нь буюу 395 нь МАН-аас нэр дэвшин сонгогдсон гишүүд байсныг Ардын намын түүхт 100 жилийн ойн баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Тус Үндсэн хуульд цаг үеийн шаардлага, нийгмийн зөвшилцлөөр 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан юм.
ЭШЛЭЛ 20
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нийгэм, эдийн засгийн суурь хуулиудыг шинэчилж, шударга ёсны манаачийн үүрэгтэй шүүхийн хараат бус байдлыг чадавхжуулж, төрийн эрх мэдэл хуваагдсан хагас парламентийн засаглалаас сонгодог парламентийн засаглалд шилжихэд чухал алхам боллоо.
ЭШЛЭЛ 21
Цаашид ч манай нам, төр улсаа төвшитгөн, улс орноо хөгжүүлэх их үйл хэрэгт цуцалтгүй хүчин зүтгэх болно.
ЭШЛЭЛ 22
МАН хоцрогдсон монголыг соёлтой монгол, хуучин хүүг шинэ хүү болгохоор зориг шулуудсан юм. Ард түмний тархи оюунд олон зуун жилийн турш гүн бат суусан хуучны үзэл суртал, шашин мөргөл, дадал заншил, хэв ёсыг хувьсган шинэчилнэ гэдэг богинохон хугацаанд хийчих өөрчлөлт биш байлаа.
ЭШЛЭЛ 23
Өнгөрсөн зууны дунд үед Монгол оронд соёлын их тэсрэлт болсон гэж би боддог. Бидний нэрлэдэгээр “Урлагийн алтан үеийнхэн” маань төрөн гарч, улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлсэд гайхамшигтай хувь нэмрээ оруулсан юм.Үнэхээр агуу, дахин давтагдашгүй гэж өнөөдөр үнэлэгдэж байгаа урлагийн хосгүй бүтээлүүд, тухайлбал кино жүжиг, дуу шүлэг, яруу найраг, тууж өгүүллэг, роман, уран зураг, уран баримал, дуурь, балетууд гээд чухамхүү тэр л он жилүүдэд бүтээгджээ.
ЭШЛЭЛ 24
Хүн амын өсөлтийг хурдасган, эрүүлжүүлж наслалтыг уртасгах нь бүр анхнаасаа манай намын жанжин шугам байсан. Ард түмнээ эрүүлжүүлэх шаргуу тэмцлийн үр дүнд хүн ам түргэн өсч, залуужин дундаж наслалт нь эрс дээшлэв. Төрөлтийн ерөнхий коэффицент буюу тухайн жилийн 1000 хүн тутамд ноогдох амьд төрөлтийн тоо 1960 онд 44 промильд хүрсэн нь Монгол Улсын хувьд хамгийн дээд үзүүлэлт болсон юм. Сул дорой ядарсан эдийн засгийг богино хугацаанд босгох бодлого төлөвлөлтийг боловсруулах үүргийг МАН-аас тухайн үеийн шилдэг сэхээтнүүд болох Б.Цэрэндорж, Ж.Цэвээн, О.Жамьян нарын бүрэлдэхүүнтэй тусгай комисст даалган “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх төслийг боловсруулсныг 1923 онд батлан гаргасан нь ач холбогдлоороо Үндсэн хуулийн дараа орох бодлогын том баримт бичиг-хөтөлбөр болсон юм.
Сэтгэгдэл (6)