БАРИМТ 1
Л.Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн байна.
БАРИМТ 2
Тэрбээр эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.
БАРИМТ 3
Аав А.Буянтогтох нь Бэрхийн уурхайд ажиллаж байсан бол ээж Л.Даваасүрэн хөгжимчин нэгэн.
БАРИМТ 4
Харин түүнийг өвөө нь үрчлэн авч, тэднийд өссөн гэдэг.
БАРИМТ 5
Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Бэрс дээд сургууль, 2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийг тус тус төгссөн байна.
БАРИМТ 6
Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр боловсрол судлал болон төрийн удирдлагын магистрын зэрэгтэй аж.
БАРИМТ 7
2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал, 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын, Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус ажилласан байна.
БАРИМТ 8
Тэрбээр хувь хүний хөгжил, философи, утга зохиол, угсаатны зүй, түүхийн чиглэлээр таван ном бичжээ.
БАРИМТ 9
Харин түүний “Алсын хараа” ном нь 2009 оны шилдэг борлуулалттай номоор шалгарч байсан аж.
БАРИМТ 10
Тэрбээр Орос, Англи хэлтэй. 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж байжээ.
БАРИМТ 11
Л.Оюун-Эрдэнэ нь 1999 онд Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоонд, 2000 онд МАХН-д гишүүнээр элсэж байсан байна.
БАРИМТ 12
Түүнийг Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй нэг нутгийнх гэдгийг олон нийт андахгүй.
БАРИМТ 13
Тиймээс ч энэ удаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг тус албанд зүтгүүлж буй гэх.
БАРИМТ 14
“Нийгмийн ардчиллын аян” “МАХН-XXI зуунд” намын хөгжлийн хөтөлбөр, “Ард түмнээ сонсъё” аян зэрэг томоохон ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
БАРИМТ 15
2009 оны тавдугаар сараас МАХН-ын Удирдах Зөвлөлийн ХЭГ-т Намын байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан.
БАРИМТ 16
2010 оны 9-р сарын 17-нд МАХН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо (МАСЗХ)-ны IV их хурлаар МАХН-ын намын байгуулалтын хэлтсийн дарга байсан Л.Оюун-Эрдэнэ тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож байсан байна. Энэ үеэр байгууллагын нэрийг Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо болгон өөрчилсөн байна.
БАРИМТ 17
2015 оны 4-р сарын 12-нд болсон НАМЗХ-ны бага хурлаар Л.Оюун-Эрдэнэ тус байгууллагын Ерөнхийлөгчийн албан тушаалд хэвээр үлдээж байжээ.
БАРИМТ 18
2015 онд “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнг үүсгэн байгуулсан гэдэг бөгөөд тэргүүнээр нь сонгогдож байв.
БАРИМТ 19
2016 оны УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 41-р тойрогт МАН-аас нэр дэвшиж 52,83 хувийн санал авч сонгогдож байжээ.
БАРИМТ 20
Харин 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ нартай хамт Хэнтий аймгийн 18-р тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан.
БАРИМТ 21
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 23,423, Л.Оюун-Эрдэнэ 23,216, Б.Бат-Эрдэнэ 19,225 санал авч байв.
БАРИМТ 22
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийг тэрбээр ахалж байсан нэгэн.
БАРИМТ 23
2019 оны 01-р сарын 23-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргыг огцруулахыг дэмжиж буй гишүүдийн гарын үсгийг цуглуулж байх үеэрээ “Жагсаал цуглаан зохион байгуулж, олон нийтийг уриалсан хүмүүс ямар нэгэн албан тушаалд очих нь зохисгүй… энэ соёлыг шинээр хийхийн тулд бид ямар ч албан тушаалд очихгүй. Бидэнд итгэлтэй байж болно гэдгийг албан ёсоор хэлж байна” хэмээн мэдэгджээ.
БАРИМТ 24
Харин арваад хоногийн дараа буюу УИХ-ын чуулганы 2019 оны 02-р сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон байдаг.
Сэтгэгдэл (30)