ЭШЛЭЛ 1
Үгээ хэлэх, тайлбар өгөх боломжгүй хүмүүсийг эрхэм дүү Б.Солонго эх орноо 22 тэрбумын өрөнд унагаасан хүмүүс болгоод зарлачихлаа.
ЭШЛЭЛ 2
Аливаа асуудалд улс төр, хууль эрх зүйн өнцгөөс хандахаас гадна ер нь “Common sense” гэж зүйл бий. Монголчууд бид цөлх ухаан ч гэж ярьдаг, эсхүл “Амьдралын хар ухаан” ч хэмээдэг. Эрхэм дүүгийн ярилцлагаас үзэхэд “Рио Тинто” манай Засгийн газарт 2051 он хүртэл ноогдол ашиг өгөхгүй, орлогын албан татвар бараг төлөхгүй, тэгээд дээрээс нь Засгийн газрыг 22 тэрбум долларын өрөнд орно гэсэн тооцоо гаргаж өгчээ.
ЭШЛЭЛ 3
34 хувийг эзэмшиж байгаа тал 22 тэрбумын өрөнд орохоор бол 66 хувийг эзэмшиж байгаа нөгөө тал бараг хоёр дахин буюу 44 тэрбумын өрөнд орох нь.66 тэрбумын өрөнд орох төслийг олон улсад хэн санхүүжүүлэх үү. Нэмж санхүүжүүлэх нь байтугай, оруулсан хөрөнгөө нэн яаралтай татаж авна гээд бөөн юм болно шүү дээ.
ЭШЛЭЛ 4
Шүүмжлээд байгаа “Дубайн гэрээ” гэгчид чинь Монголын Засгийн газар болон Рио Тинто-гийн хүлээх үр өгөөжийн харьцааг 53:47 байна гээд анх удаа хоёр талаасаа хүлээн зөвшөөрч, бичгээр үйлдсэн.
ЭШЛЭЛ 5
Дубайн гэрээ” гэж нэрлээд байгаа Санхүүжилтийн төлөвлөгөөний Ерөнхий зүйлийн 2.2-ын Б хэсэгт, ”Далд уурхайн ТЭЗҮ-д тусгасны дагуу “Оюутолгой” төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны ТЭЗҮ-д тооцсон тооцоололтой нийцэж байгаа ба үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нь “Оюутолгой” төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэсэн.
ЭШЛЭЛ 6
53:47 хувийн үр өгөөжийн харьцуулсан бүх тооцооллыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд болох олон улсын хууль, санхүүгийн зөвлөх компаниуд Shearman Sterling, Comprador тухайн үеийн “Эрдэнэс Монгол” төрийн өмчийн компани хөрөнгө зарж, төслийн нийт үргэлжлэх хугацаанд гаргуулсан.
ЭШЛЭЛ 7
Үр өгөөжийн задаргааг орлого, татварынх нь нэр, төрөл бүрээр нь гаргасан. Энэ тооцооллыг 2015 онд хоёр тал хүлээн зөвшөөрч, Дубайд Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан.
ЭШЛЭЛ 8
Засгийн газрын зүгээс “Рио Тинто”-той таван жил тутам гэрээг дүгнэж, сайжруулж байхаар харилцан тохирсон. 2009 оны ХОГэрээг 2011 онд сайжруулж, нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны Санхүүжилтийн төлөвлөгөөг дүгнэх, нэмэлт өөрчлөлт хийх таван жилийн цаг хугацаа ч өнгөрөөд байна.
ЭШЛЭЛ 9
2015 оны тооцооллоор, манай тал зэсийн үнийг 6000 ам.доллараас дээш байх тохиолдолд Монгол Улсын Засгийн газар төслийн үргэлжлэх нийт хугацаанд 22 тэрбум долларын өрөнд орох бус эсрэгээр 46 тэрбум долларын үр өгөөж хүртэхээр байгаа. Үүнээс аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 14,5 тэрбум ам.доллар орохоор бий.
ЭШЛЭЛ 10
Хэрвээ манай тал 22 тэрбум долларын өрөнд орохоор байгаа бол, ААНОАТ-ыг дөрөвхөн жил төлөхөөр шинэ тооцоог нөгөө тал гаргаж ирж байгаа бол энэ 53:47 харьцааг хадгалах ямар ч боломжгүй болсон нь ойлгомжтой. Иймд харилцан тохиролцсон 53:47 харьцаа алдагдсан бол Дубайн гэрээнд өөрчлөлт оруулах эрх үүснэ. Арбитрт очилгүйгээр хоёр тал хэлэлцээний ширээний ард дахин суух эрхтэй, бас шаардлагатай боллоо гэсэн үг.
ЭШЛЭЛ 11
2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцэл хийж байсан хүмүүсийг авлига авсан гэдэгт би огт итгэдэггүй, 2015 онд ч байдал ийм байсныг хяналт тавьж байсны хувьд би 100 хувь баталж чадна.
ЭШЛЭЛ 12
“Эзэн”-ий хатуу шахалтын доор ажиллаж байсан мөрдөгчид, прокурор, шүүгчид ч хахууль, авлига авсныг “Оюутолгойн хэрэг” гэгч дээр хэний ч эсрэг нотолж, тогтоож, яллаж чадаагүй. Цаашид чадах ч үгүй. Яагаад гэвэл хэзээ ч авлигын асуудал байгаагүй учраас тэр.
ЭШЛЭЛ 13
Манай дотоодод өр зээл, ногдол ашиг гээд мөнхийн маргаан дагуулж байгаа гол гогцоо УИХ-аас баталж, Засгийн газраас хэрэгжүүлэхээс өөр аргагүй байсан 34 хувийн санхүүжилт дээр гардаг. 34 хувийн ногдол ашиг Монголын талын хүртэх үр өгөөж дотор хэдэн хувийг эзэлж байгааг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Гол асуудал, гол орлого мэт л андуурч улстөрждөг.
ЭШЛЭЛ 14
34 хувийн ногдол ашиг бол манай хүртэх үр өгөөж дотор 20 хүрэхгүй хувийг эзэлдэг. Ердөө 17 хувь. Бусад төрөл бүрийн татвар, төлбөр дийлэнх 80-ас дээш хувийг бүрдүүлж байна гэсэн үг.
ЭШЛЭЛ 15
34 хувийг роялти татвараар солих шийдвэрийг УИХ-аар гаргуулна гэдэг амаргүй даваа. Босоо Ганбаа, Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ гээд поп ертөнцийн “Далай даян, дархан аваргууд” байгаа Их хурал шүү дээ. Наадуул чинь асуудал яаж шийдэх үү гэдгээс илүүтэй ард олноос яаж оноо цуглуулахаа л боддог хүмүүс.
ЭШЛЭЛ 16
Саад бүхнийг даваад УИХ-аас шийдвэр гаргуулж чадлаа гэж бодъё. Улс нийтийн эрх ашгийн төлөө хувийн асуудлаа умартан зүтгэсэн хүмүүст төрийн нэрийн өмнөөс улс төр ямар “шагнал” өгч шоронд томилолт өвөртлүүлдгийг төрийн байгууллагынхан одоо сайтар ойлгож, санаа сэтгэл дотроо айж, хулчийсан байгаа. Тэд хэзээ ч санал санаачилга гаргахгүй, гагцхүү хэлсэн шахсанаар чинь дуртай дургүй хөдөлнө. Ачааны хүндийг өөрөө л үүрнэ гэсэн үг.
ЭШЛЭЛ 17
Ерөнхий сайд чинь, ХЭГ-ын дарга чинь энэ асуудлыг шийдэх улс төрийн манлайлал үзүүлэхгүй, зориг зүрх гаргаж шийдэхгүй л бол өөрөө мянга чардайгаад ямар ч нэмэргүй, үр дүнгүй ажил болоод л өнгөрнө. Ядаж байхад эргэн тойронд чинь өнөөдөр инээж нуруугаар тэврэх ч маргааш хэрэг гарвал нуруу руу чинь хутгалах зантай хүн нэг бус байгаа.
ЭШЛЭЛ 18
Хэрвээ 1979 онд Эрдэнэтийн гэрээг анх хийсэн хүмүүсийн зөвхөн Зөвлөлтийн хэлсэн маш доогуур үнээр зэсийн баяжмалаа худалдана, 2003 он хүртэл татвар авахгүй, үйлдвэрээс ашиг авах бүү хэл төсвөөс татаас өгнө гэдэг заалтууд өнөөдрийн нээлттэй нийгэмд байсан бол бараг цаазын ял сонсох байсан биз.
ЭШЛЭЛ 19
“Оюутолгой” дээр үүнээс хамаагүй дээр гэрээ хийсэн хүмүүс өнөөдөр эрх чөлөөгөө хасуулаад шоронд хадагдаад байна. Харь улс руу ашгийн тал хувь нь урсаж байсан Эрдэнэтийг сонголтгүй нөхцөлөөр Монголдоо буцааж авчирсан хүмүүс ч өнөөдөр ялтан болоод сууж байна.
ЭШЛЭЛ 20
Хэлэлцээ хийгээд хэчнээн ахиц, дэвшил гаргасан ч эрхэм дүүг попуудын өлөн сүрэг хүлээж байгаа. Ногдол ашгийн хугацааг хэчнээн наашлуулсан ч тэд өнөөдрөөс эхэлж авах байсан юм гэнэ. 34 хувийг роялти татвар болгох гэвэл монголчууд баялгийн ордоо “Рио Тинто”-д 100 хувь бэлэглэж, тэг хувьтай хоосон хоцорлоо гэж мушгина, татварын маргаанаа нэг тийш болговол гүйцэд авсангүй гэнэ. “Оюутолгой”-г л шүүмжлэх нь миний дахин сонгогдох баталгаа гээд бооцоо тавьчихсан сүрэг цөөвөр л гэж мэд.
ЭШЛЭЛ 21
“Оюутолгой” төслийг эх орондоо яаж ч ашигтай шийдсэн сайнаар бодоход шүүмжлүүлж, хараалгуулна, саараар бодоход 2009, 2015 оны ах нартайгаа “хам хэрэгтэн” болох хувь заяа эрхэм дүүг хүлээж байгаа гэдгийг бодож яваарай.
ЭШЛЭЛ 22
Ковид өвчин мэдээж дуусна, хил гаалийн худалдаагаа нээнэ. Өнөөдрийн манай агшсан эдийн засгийг хурдан тэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт л хамгийн чухал үр дүнг өгнө. Ядаж өөр шиг чинь хүмүүс гадаадын хөрөнгө оруулалтын талаар Босоо Ганбаа шиг хамаагүй хандмааргүй байна. Гадагшаа дуугарч байгаа сувгаа нэг болгох хэрэгтэй. Өнөөдөр нэг нь гарч ирээд Засгийн газар гэрээг цуцална гээд, маргааш нөгөө нь болчимгүй мэдэгдлээ засах гээд цуцлахгүй гээд байвал ажилд тус гэхээсээ ус болно.
ЭШЛЭЛ 23
Засгийн газар, “Рио Тинто” хоёр нэг завинд суусан нэг эрх ашигтай, олбол хамт олно, алдвал хамт алдана.
ЭШЛЭЛ 24
Ирээдүйд “Оюутолгой” төсөл Монголыг минь авч явах болохоор, төр түмэндээ зүтгэсэн зөв, үр дүнтэй өв үлдээх болохоор, үр хүүхдүүд маань энэ төслийг улс төрийн капиталаа золин байж, хийсэн хүмүүсийг зөвөөр ойлгож хүлээн авах нартай өдөр ирэх нь ойлгомжтой. Тиймээс эрхэм дүү энэ асуудлын ард гарахаас өөр аргагүй. Эс зоригловоос эртхэн ажлаа өгсөн нь дээр. Санаа зөв бол заяа зөв ч гэдэг.
Сэтгэгдэл (45)