ЭШЛЭЛ 1
Тухайн салбарын бодлогыг тодорхойлохын тулд эд, эс бүрийг мэдэрч салбарт ямар өөрчлөлт гаргах вэ гэдгээ төлөвлөх хэрэгтэй. Уул уурхай дээр тулгуурласан эдийн засагтай манай улсын солонгоруулах буюу олон тулгуурт эдийн засгийн гол баганын нэг нь хөдөө аж ахуйн салбар.
ЭШЛЭЛ 2
Хөдөө аж ахуйн салбар халамжийн салбар болчих вий гэсэн болгоомжлол байна. Татаас нэрийн дор мал аж ахуй, газар тариаланг дэмжиж ирсэн. Энэ нь тухайн цаг үедээ зөв бодлого байсан байж болох ч цааш үргэлжилбэл хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн тулгуур байх тэр боломж улам холдоно, дараагийн халамжийн салбар болно.
ЭШЛЭЛ 3
Хөдөө аж ахуйн салбарыг тулгуур салбар болгохын тулд дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлээ бүрэн хангадаг болох ёстой. Нөгөө талаар Монголын хөдөө аж ахуй, газар тариаланг өрсөлдөх чадвартай олон улсын зах зээлд гаргах боломжийг бий болгох ёстой.
ЭШЛЭЛ 4
Хүнсний гол найман төрлийн бүтээгдэхүүний мах, төмс, гурил, ургамлын тосоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах төдийгүй гадаад зах зээлд гаргах боломжтой. Сүү, өндөг, ногоо, жимсний хувьд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилтыг тавина.
ЭШЛЭЛ 5
Манай улс ургамлын тосны боловсруулах үйлдвэртэй. Дотоодын зах зээлийн жилийн хэрэглээ болох 20 мянга орчим тонн ургамлын тосыг харамсалтай нь импортоор авч байна. Үйлдвэр баригдаж, дотоодын хэрэглээгээ хангах боломжтой учир бодлогоор дэмжинэ. Тухайн төрлийн бүтээгдэхүүний түүхий эдийг татвараас чөлөөлөхөөс гадна ковидын үед ургамлын тосны НӨАТ-ыг чөлөөлсөн юм. Цаашдаа хар рапс буюу ургамлын түүхий эдийг бодлогоор дэмжиж байж дотоодын зах зээлээ ургамлын тосоор хангана.
ЭШЛЭЛ 6
Манай улс жилдээ дотоодын хэрэгцээгээ хангах улаан буудай тариалдаг ч ургац хураахдаа алддаг. Энэ нь хөрс, бордоо, цаг уур, усжуулалт, үрийн чанар гэх мэт олон шалтгаантай. Атрын III аяны хүрээнд дотоодын хэрэгцээгээ хангаж байсан зурвас үе бий.
ЭШЛЭЛ 7
Тариалан эрхлэлтийг дэмжих сан тодорхой хэмжээнд тариаланчдаа дэмжих нь зөв ч татаасыг аль болох багасгах, тариаланчдыг сангаар дамжуулан дэмжих бодлогыг өөрчлөх шаардлагатай.
ЭШЛЭЛ 8
Цаашид тариаланчдад сангаар дамжуулж урамшуулал олгох шаардлагагүй. Дайралт, шүүмжлэлээс айгаад хөдөө аж ахуйн салбарыг унагамааргүй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан өнөөдрийн байдлаар 350 орчим тэрбум төгрөгийн активтай. Эргэлтийн хөрөнгө нь 30 орчим тэрбум төгрөг. Бусад нь хугацаа хэтэрсэн буюу найдваргүй зээл байна. Энэ тооноос л харахад сангийн үйл ажиллагаа буруу явж байна.
ЭШЛЭЛ 9
Атрын IV аяныг газар тариалангийн салбарт хэрэгжүүлэх шийдвэр Засгийн газраас гаргасан. Газар тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, малын гаралтай түүхий эд боловсруулах цогцолбор байгуулна. Үүнийг дагасан хөдөө аж ахуйн тээвэр борлуулалтын ложистик сүлжээ, биржийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар тусгасан. Ийм 4 хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
ЭШЛЭЛ 10
Тариаланчид, ногоочдод тарих боломж нь байна, худалдан авагч нь байна. Хадгалах тээвэр ложистик, агуулахын сүлжээ байхгүй. Газар тариалангийн бүс буюу Дархан, Сэлэнгэ, Төв, Булган аймаг, орон нутагт сүлжээг бий болгох хэрэгтэй. Ингэвэл жилийн 4 улиралд дотоодын бүтээгдэхүүнээр хангах, импортын бүтээгдэхүүнээс хараат бус болно.
ЭШЛЭЛ 11
Атрын IV аяны хүрээнд усалгаатай газар тариалан хөгжүүлнэ. Дархан, Сэлэнгэ, Орхоны сав газар, хөрсний бүтэц сайтай. Усжуулалттай газар тариалан хөгжүүлж, 3 сая хүний хэрэглээг бий болгоно.
ЭШЛЭЛ 12
Үрийн аж ахуйг дэмжиж, үр сортын шинэчлэл хийх ёстой. Дарханы ургамал хамгааллын хүрээлэн дээрээ түшиглэн үрийн шинэчлэл хийснээр хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг хангана. Хэний, ямар бордоогоор хаана тарьсан нь мэдэгдэхгүй, хадгалалтын хугацаа нь тодорхойгүй буудайн үрийг оруулж ирсээр байх уу гэдгийг бодох цаг болсон.
ЭШЛЭЛ 13
Цахим хөдөө аж ахуйг салбартаа хэрэгжүүлнэ. Ингэхдээ Монгол Улсын хөдөө аж ахуйн зураглалыг цахимжуулна. Хөрс, үрийн шинэчлэлийг мэдээллийг нэг болгох ёстой. Хүнсний ногоо ямар бордоо хэрэглэж, ямар тээвэр ложистикээр дамжиж хэрэглэгчийн өмнө ирснийг тодорхой харуулдаг системийг бий болгоно.
ЭШЛЭЛ 14
Малын эрүүл мэндийн эргэн мөшгих системийг хэрэгжүүлж байгаа. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталсан. Үүний үр дүнд сүүлийн хоёр жилд малын гоц халдварт өвчин гараагүй. Мал эмнэлгийн үйл ажиллагааг дахин сэргээснээр төрөөс мал сүргээ харьцангуй эрүүлжүүлж чадсан.
ЭШЛЭЛ 15
Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд эрүүл махны асуудал хөндөгддөг. Хаана бэлтгэсэн, ямар технологийн дагуу, аль үйлдвэрт бэлтгэсэн, хэзээ вакцинд хамрагдаж байсан гэдгийг хянах мөшгих системийг хийсэн. Гурван жилийн өмнө Монголд байдаггүй цэцэгт мялзан өвчин импортлогдож орж ирснээр Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас манай улсыг гоц халдварт өвчинтэй бүс нутаг гэж зарласан. Сүүлийн хоёр жилд бид малаа эрүүлжүүлж чадлаа. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас монгол малын махыг эрүүл гэдгээр бүртгэж өгөөч гэсэн хүсэлт хүргүүлсэн.
ЭШЛЭЛ 16
Баруун бүс нутагт өвчин гардаггүй, эрүүл бүс. Хангайн бүсийг хяналтын, зүүн бүсийг вакцинтай эрүүл бүс гэж үзэж байгаа. Эхний ээлжинд баруун бүсээ хүлээн зөвшөөрүүлээд махны экспортыг нэмэгдүүлье гэж зорьж байна. Дэлхийн зах зээл рүү Монгол малын мах экспортод гаргах ёстой.
ЭШЛЭЛ 17
Хойд хөрш мах авах сонирхол багатай, импортын татварыг 60 хувиар тогтоочихдог. Хятад 45 хувь хүртэл гэж тогтоодог. Хоёр хөрш татварын бодлогоор барьж байна. Бид малаа эрүүл болгох, хөршийг давсан зах зээл рүү гарах гарцаа хийх ёстой.
ЭШЛЭЛ 18
Газар тариалантайгаа уялдуулж эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэх ёстой. Засгийн газрын тогтоолоор Дархан, Сэлэнгийн нутгийг газар тариалангийн бүс гэж зарласан учраас эрчимжсэн аж ахуйг энэ бүс нутагтаа хөгжүүлнэ. Эндээс уламжлалт буюу бэлчээрийн малыг гаргана.
ЭШЛЭЛ 19
Бэлчээрийн малтай газрын тариалалтад 20 хувийн хорогдол гардаг гэж. Уламжлалт мал аж ахуй, газар тариалан хоёр зэрэгцэж орших боломжгүй.
ЭШЛЭЛ 20
Монголын хөдөө аж ахуйн биржийг шинэ шатанд гаргах ёстой. Малчин хүн гэртээ сууж байгаад энэ биржээрээ дамжуулан зуучлалгүйгээр бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчдэдээ зарж чаддаг системийг бүрдүүлэх ёстой. Малчид малынхаа араас явах биш урд нь явдаг байх ёстой. Энэ өөрчлөлтийг бодлогоор хийх хэрэгтэй. Хөрөнгийн эзэнд хөрөнгийн менежмэнтийг нь ойртуулчихвал эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Биржийг дагаад тээвэр ложистик явна. Мөн түүхий эдийг боловсруулах хэрэгтэй болно. Дархан, Ховдын арьс ширний боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна. Биокомбинатад шинэчлэл хийснээр шүлхий, мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинаа дотооддоо бүрэн хангаж цаашлаад экспортод гаргах боломж бүрдэнэ. Малаас гарсан түүхий эдээ боловсруулан экспорт хийнэ. Хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн кластер, ложистик, мэдээлэл, технологийн дэд бүтцийг бий болгож, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тээвэрлэлтийн зардал, хүндрэл багатай бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргаж экспортыг нэмэгдүүлэх, импортыг бууруулах боломж нээгдэнэ.Энэ бүхэн хоосон уриа лоозон биш бодитой ажил гэдгийг нотлон хэлье.
ЭШЛЭЛ 21
Манай улс өндөгний дотоодынхоо хэрэгцээний 50 орчим хувийг өөрсдөө хангадаг. Ирэх жилээс өндөгний аж ахуйг нэмэгдүүлэх, туслах аж ахуй буюу тэжээлийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд дэмжих бодлого хэрэгжинэ.
ЭШЛЭЛ 22
Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж өргөжүүлснээр дотооддоо үйлдвэрийн аргаар боловсруулж буй сүүний хэмжээг 200 саяд хүргэж чадвал импортоор хуурай сүү авах шаардлагагүй болно. Ийм зорилгоор Засгийн газраас сүүний урамшууллыг олгох шийдвэр гаргасан. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 01 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн өвлийн хэрэгцээд сүү нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд урамшуулал олгож байх юм.
ЭШЛЭЛ 23
Махны квотыг байхгүй болгоё гэж зорьж байна. Бог мал дээр квотгүй олгодог болгох, экспортод гаргадаг аж ахуйн нэгжийнхээ тоог нэмэгдүүлье. Яам махны квот олгодог тогтолцооноос татгалзана. Энэ бодлогын хүрээнд МҮХАҮТ руу шилжүүлэх тухай ярьсан.
ЭШЛЭЛ 24
ЖДҮ санг Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх агентлаг болгосон. Жил болгон төсвөөс мөнгө аваад явбал ялгаагүй халамжийн байгууллага болно. Агентлаг өөрөө зээлийн хямд эх үүсвэр бий болгох, түүнийг олох талаар үндсэн чиглэлээ болгож ажиллах ёстой.
Сэтгэгдэл (9)