Дэлхийн хамгийн нэр хүнд бүхий Нобелийн шагналыг 1901 оноос олгож эхэлсэн ба энэ удаагийнх 110 дахь нь юм. Өнгөрсөн хугацаанд уг шагналыг 219 хүн хүртжээ. Шведийн зохион бүтээгч Альфред Нобелийн гэрээслэл ёсоор, физиологи, анагаах ухааны шагналтныг дэлхийн боловсрол, анагаахын шинжлэх ухааны шилдэг төв болох Стокхолм дахь Каролинагийн дээд сургууль тодруулдаг. Энэхүү шагналыг хүртсэн хамгийн залуу нь инсулинийг нээсэн 32 настай Фредерик Бантинг бол хорт хавдрын генийн вирусийг нээсэн Пейтен Роус хамгийн ахмад нь аж. Тэрбээр анагаах ухааны Нобелийн шагналыг 87 насандаа хүртэж байжээ. Энэ жилийн хувьд онцлогтой. Учир нь, цар тахлын улмаас уламжлалт ёслолын ажиллагааг онлайнаар явуулах ба тухайн орон дахь Шведийн Элчин сайдын яамнаас эзэд нь шагналаа гардан авах юм. Мөн энэ жил шагналыг нэг сая кроноор нэмж, 1,11 сая ам.долларын мөнгөн шагнал дагалдуулахаар болсон юм. Тиймээс энэ удаагийнх шинэ содон онцлох зүйл ихтэйгээрээ түүх болж үлдэх нь.
С вирусийг нээсэн АНУ, Канадын эрдэмтэд Нобелийн эзэд болов
Нобелийн шагналтнуудыг тодруулах ажиллагаа уламжлал ёсоор анагаах ухаан-физиологийн салбарын шилдгүүдийг тодруулснаар эхэлсэн ба энэ удаад элэгний С вирусийг нээсэн АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн эмч, судлаач Харви Алтер, Канадын Альберта мужийн их сургуулийн профессор Майкл Хаутон, АНУ-ын Рокфеллерийн их сургуулийн профессор Чарльз Райс нар хүртсэн юм. Тэдний судалгаа вирусийн гаралтай элэгний архаг үрэвслийн шалтгаан, шинжилгээ болон уг өвчний эсрэг эм бэлдмэлийг гарган авахар ихээхэн дөхөм болсон гэж Нобелийн хорооноос онцолсон байна. Өнгөрсөн онд анагаах ухааны Нобелийн шагналыг мөн АНУ-ын хоёр, Их Британийн нэг эрдэмтэн хүртэж байсан билээ.
Хар нүх байдгийг бодитоор баталсан эрдэмтэн Нобелийн шагнал хүртэв
Физикийн салбарын Нобелийн шагналтнуудыг өнгөрсөн мягмар гарагт тодруулсан юм. Энэ удаад одон орон, сансрын шинжлэх ухааны салбарт онолын чухал нээлт хийсэн Их Британийн физикч Оксфордын профессор, 89 настай Рожер Пенроуз, Германы одон орны физикч, Калифорнийн их сургуулийн профессор Райнхард Хенцел, АНУ-ын одон орон судлаач Андреа Гез нар тодорлоо. Их Британийн физикч, математикч Пенроуз хар нүхний үүсэл, онцлог чанар Альберт Эйнштейний харьцангуйн онолыг баталж байгааг нээснийх нь төлөө олгосон. Харьцангуйн ерөнхий онол буюу асар их таталцлын хүчтэй сансрын биет болох хар нүхнүүд байдаг гэсэн таамаг бий. Энэ нь бодит болохыг баталсан нь ийнхүү Нобелийн эзэн болгожээ. Харин Хенцел, Гез нар сүүн замын төвд хэт хүнд жинтэй нягт обьект нээснийх нь төлөө олгожээ. Өөрөөр хэлбэл, тэдний судалгаа нь галактикийн төвд одон орон судлаачдын спектр дэх цацрагийг бүртгэх замаар тогтнодог болохыг нотолсон байна.
Химийн салбарын Нобелийн шагналыг АНУ, Францын эрдэмтэд хувааж авна
Химийн салбарын Нобелийн шагналтнуудаар Францын эрдэмтэн 51 настай Эмануэль Шарпантье, 56 настай АНУ-ын Женифер Дудна нар хувааж авахаар боллоо. Тэд “Генетикийн хайч” хэмээн албан бусаар нэрлэх геномын бүтэц бүхий ДНХ-ийн судалгаагаараа хүртжээ. Уран зохиолын салбарын Нобелийн эзэн өнөөдөр тодрох ба харин маргааш энхтайвны шагналын эзэд тодрох учиртай. Харин эдийн засгийн салбарын шагналтныг энэ сарын 12-ны өдөр тодруулах юм.
У.Тэргэл