Дэлхий даяар олон улс орны анагаах ухаан, вирусологийн лабораториуд коронавируст цар тахлын эсрэг вакцин гаргахаар хөрөнгө, хүчээ дайчлан ажиллаж байна.
Одоогийн байдлаар дэлхий нийтэд 29 нэр төрлийн вакцин туршилтын хугацаанд явж байна. Үүнээс ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, Германы эрдэм шинжилгээний хүрээлэнгийн бүтээж буй вакцин туршилтын сүүлийн шатанд явж байна. Вакцины туршилтыг оны сүүл гэхэд дуусгаж, ирэх оны нэгдүгээр улирал гэхэд үйлдвэрлэх боломжтой гэж дэлхийн олон эрдэмтэн судлаачид үзжээ. Харин ДЭМБ-аас “Коронавируст цар тахалтай дахин нэг жил хамт амьдрахаас өөр аргагүй. ДЭМБ болон улс орнууд зөв арга хэмжээг хэрэгжүүлж чадвал халдварыг хоёр жилийн хугацаанд зогсоох боломжтой” гэсэн мэдэгдэл хийгээд байна.
Манай улсын хувьд халдварыг дотооддоо амжилттай барьж байгаа ч тэр хэмжээгээр сонор сэрэмж өндөр байх шаардлага үүсээд буй. Учир нь дэлхий нийтэд долоо хоногийн дотор нэг саяар нэмэгдэж байгаагаас гадна хойд хөрш ОХУ-д халдварын тархалт намжаагүй байна.
Ингээд дэлхий нийтэд туршилтын сүүлийн шатандаа явж буй вакцины талаарх мэдээллийг багцлан хүргэе.
ОХУ-ын зүгээс “Спутник V” гэж нэрлэсэн вакциныг бүтээж, албан ёсоор бүртгэн авсан тухай өнгөрсөн наймдугаар сард зарласан. Гэвч уг вакцин нь дөнгөж хоёрдугаар шатны туршилтаас гарсан дараагийн шатны туршилтад ороогүйн дээр гаж нөлөөтэй эсэх, хууч өвчтэй хүмүүст хэрхэн нөлөөлөх талаар нарийвчилсан судалгаа хийгдээгүй болох нь тодорхой болж олон улсын эрдэмтэн судлаачдаас ихээхэн шүүмжлэл сонссон. Мөн тус улсын олон нийтийн санаа бодлыг тандан судлах төвөөс хийсэн судалгаагаар иргэдийн 52 орчим хувь нь өөрийн улсдаа бүтээж буй вакцинд эргэлзэж байна гэж хариулжээ.
Харин Гамалаейн хүрээлэнд бүтээж буй хоёр дахь вакцин туршилтын сүүлийн шатандаа ороод байна. Уг вакцин баталгаажиж иргэдийг вакцинжуулах хүртэл ирэх оны тав, зургадугаар сар болно гэж үзжээ.
Түүнчлэн БНХАУ-д өнгөрсөн дөрөвдүгээр сард цар тахлын эсрэг вакцин гарган авсан тухай Хятадын Батлан хамгаалах яамнаас зарласан. Тэгвэл хойд болон өмнөд хөршид яаравчлан гаргасан уг вакцин ердийн улирлын томуун дээр суурилан бүтээсэн учир дутагдалтай байж болзошгүй гэж АНУ-ын эрдэмтэд үзсэн юм. Харин тус улсад бүтээгдэж буй хоёр дахь вакцин туршилтын сүүлийн шатанд явж байна. Вакциныг Бразил, Бангладеш зэрэг орнуудад туршиж байгаа бөгөөд Бээжин Кешин Жонвэй Биотехнологийн компанид бүтээж байгаа аж.
АНУ-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө вакцин гаргаж авч магадгүй байна. Энэ талаар Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Тэрбээр “Бид тун удахгүй вакцинтай болно. Маш онцгой өдрөөс өмнө ч байж магадгүй юм. Намайг ямар өдрийн талаар ярьж байгааг та нар мэдэж байгаа” гэжээ. Д.Трамп өнгөрсөн сард Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвшихээр албан ёсоор сонгогдсон. Тэгвэл түүний “онцгой” гэж тэмдэглэсэн өдөр нь сонгуультай жил юм.
Гэхдээ вакцин гаргаж чадлаа ч иргэдийг вакцинжуулахад олон сарын хугацаа шаардлагатай. Хэрэв вакцин гаргаж чадалгүй дээр нь нийт ард иргэдийн эрүүл мэндээр дэнчин тавьж сонгууль явуулбал иргэдийн түүнд итгэх итгэлийг бууруулж болзошгүй.
Баталгаажсан вакцинаас хэдэн тун тариулах вэ?
Вакцины туршилтын явцаас үзэхэд нэг хүнд 1-2 тун вакуин шаардлагатай гэж эрдэмтэд үзэж байна. БНХАУ-д шинээр бүтээж буй вакцин үлйдвэрлэгч компани ч дор хаяж 1-2 тун вакцин хийлгэж байж дархлаа тогтоно гэж хариулжээ.
Коронавирусээр өвчлөөд эдгэрч гарсан хүний биед өвчний шинж тэмдэг олон хоногоор хадгалагдаж байгааг ОХУ болон АНУ-ын туршилтаас батлагджээ. Мөн манай улсад эмчлэгдээд эдгэрсэн Франц иргэний биед ч шинж тэмдэг үлдсэн гэдгийг эмч нар мэдээлж байсан билээ.
Ямартай ч дээр мэдээллүүдээс үзэхэд ирэх оны эхэн гэхэд аль нэг улсад бүтээж байгаа вакцин баталгаажвал манай улс ирэх оны сүүл гэхэд иргэдээ вакинжуулалтад хамруулж магадгүй. Ингэхдээ ДЭМБ-аар баталгаажсан вакцин худалдан авах юм.
А.Сүх