Цаг үеийн асуудлаар эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.
-Та ШИНЭ намын Эдийн засгийн бодлогын даргаар ажилладаг. Танай намаас эдийн засаг, төр, засгийн бодлого шийдвэрт багагүй шүүмжжлэлтэй хандаж байна. Яг ямар үндэслэлээр юм бэ?
-Эдийн засагт хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Ихэнх улс оронд онцгой нөхцөлийн үед эрүүл мэндийн салбартайгаа зэрэгцэн эдийн засгийн салбараа авч явж эхэлдэг. Ялангуяа Япон, Солонгос, Хятад зэрэг орнууд энэ нөхцөл байдлыг давчихлаа. Эдгээр улсын хувьд оргил цаг үе нь өнгөрсөн. Эдийн засгийн цохилт хожуу орж ирдэг учраас онцгой анхаарах хэрэгтэй. Манай улсын хувьд коронавирус гарахад эрүүл мэндийн салбараас өөр ямар ч арга хэмжээ аваагүй. Эрүүл мэндийн салбарт эрчимтэй арга хэмжээ авсны үр дүнд дэлхий дахинд үлгэр жишээ болж байна. Гэвч эдийн засгийн хувьд хоёр сар гаруйн хугацаа өнгөрсний дараа ШИНЭ намын шахалтаар коронавирусний эдийн засагт үзүүлэх нөлөөг судалж эхэлсэн. Үүний хор уршиг нь эхнээсээ гарч эхэлж байна. Энэ онд манай улсын эдийн засаг зургаан хувиар өснө гэсэн тооцоолол байсан ч бүтэхгүй болсон нь тодорхой боллоо. Энэ байдлаар цааш явбал эдийн засаг хасах руу орж ч магадгүй байна. Яаралтай арга хэмжээ авч эхлээгүйн улмаас хор уршиг нь аль хэдийн гарч эхэлсэн. Тухайлбал, хоёр, гуравдугаар сарын байдлаар гадаад худалдаа 30 хувь буурсан. Мөн төсвийн орлого тасалдаад эхэлсэн. Төсвийн тасалдал 700 тэрбум магадгүй нэг их наяд төгрөгт хүрсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хоёрдугаар улирлын дүнг харахыг хүсч байна.
-Тэгвэл танай намын зүгээс ямар санал гаргаж байгаа юм бэ?
-Хамгийн эхэнд коронавируст нэрвэгдэж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдэд бодитой дэмжлэг үзүүлэх ёстой байсан. Энэ салбарт нийт 800 мянган хүн ажилладаг. Хилийн хориг тавигдсанаар худалдаа үйлчилгээний салбарынхан аргагүйдхэд хүрээд байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд зээл болон түрээсийн дарамт байдаг. Ийм арга хэмжээ хэрэгжүүлсэн бол илүү бодитой алхам болох байсан. Түүнээс биш орлогогүй хүмүүсийн орлогын албан татварыг чөлөөлөөд яах юм бэ?. Тэдэнд ийм төрлийн дэмжлэг үзүүлэхэд 800 тэрбумаас 1.3 их наяд төгрөг зарцуулахаар байна лээ. Хоёр сарын арга хэмжээ авагдахад л манай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид дампуурдаг. Учир нь үйл ажиллагаа явуулахад нэгээс хоёр сарын л нөөц байдаг гэсэн үг. Тиймээс хамгийн их дарамт болж байгаа зээлийн дарамт, санхүүжилтийг шийдэхэд л хангалттай байсан. Манай улсын хүн амын 30 орчим хувь нь ядуу гэдэг ч яг үнэндээ нэн ядуу статустай хамаардаг. Харин 60 орчим хувь нь ядуу. Үлдсэн 10 орчим хувь нь баян тансаг амьдралтай. Тиймээс эдгээр иргэд рүү чиглэсэн арга хэмжээ авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийт хүн амдаа чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай гэсэн. Улсын хэмжээнд 930 орчим өрх бий. Эдэнд бэлэн биш юм гэхэд суурь хэрэглээний багц өгөх хэрэгтэй. Тухайлбал, хүүхдэд нь сарын 100 мянган төгрөгийн, том хүнд 200 мянган төгрөгийн багц гурван сар дараалан өгөхөд л 1.6 их наяд төгрөг зарцуулах тооцоо гарсан. Нэг талаар иргэддээ нөгөөтээгүүр, дотоодын хэрэглэгчдэдээ тус болж байна гэсэн үг. Гуравдугаарт, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ ханш урьд өмнө байгаагүй хэмжээгээр буурсан. Мөнгө нь бэлэн бий. Засгийн газар 5.1 их наяд төгрөгөө хэрхэн зарцуулах эсэх нь ойлгомжгүй байгаад байна. Хоёрдугаар сараас хойш газрын тосны үнэ нэг баррель нь 30 ам.доллараас дээш гараагүй. Газрын тосны дундаж үнэ дэлхийн зах зээл дээр 22 ам.доллар байна лээ. Долоо хоногийн өмнөх байдлаар хасах руугаа орсон. Тиймээс онцгой нөхцөлийг ашиглан бензин нөөцөлж хадгалах хэрэгтэй. Улмаар АИ-92 бензиний үнэ 1000 төгрөгт хүрэх боломжтой.
-Иргэдэд бэлэн мөнгө тараах ёстой гэсэн шаардлага тавьж байсан?
-Бэлэн мөнгө тарааж болно. Ямар хэмжээний мөнгийг хэзээ тараахаас л шалтгаалах ёстой. Гэхдээ дулааны улирал дөхөж байна. Бэлэн мөнгө тараая гэхээр зарим нь архи уучихдаг муу зуршил бий. Тиймээс зөв шийдэл нь хүнсний суурь хэрэглээний багц тараах нь үр дүнтэй.
-Засгийн газрын багц мөнгийг гаднын зээл, тусламжаар бүрдүүлж байна. Ирээдүйд учирч болох нөхцөл байдлыг таашгүй учраас хэт үрэлгэн хандаж болохгүй гэсэн байр суурийг иргэдээс илэрхийлсэн. Тэгэхээр танай намын энэ санал биелэх хэр боломжтой гэж харж байна вэ?
-Хямд эх үүсвэртэй орж ирж байгаа мөнгө учраас хэрхэн зарцуулах нь чухал. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхэлдэг 800 мянган хүний ард дорж хаяж хоёроос гурван хүн байна. Тиймээс онцгой нөхцөлийн зээл гаргах ёстой гэж хэлээд байгаа юм. Түүнээс биш НДШ, ХАОАТ-ыг чөлөөлөх бол хүүхэд хуурсан л ажил. Бидний зүгээс банкаар дамжуулж иргэддээ тусалж чадахгүй юм бол байгаа мөнгөнөөсөө тусалъя гэдэг санал гаргасан.
-Өнөөдрийн байдлаар хүн ажилгүйдэлд өртөөд байна. Хориг арга хэмжээг эргэж харах асуудал хөндөгдөж байх шиг?
-Үйлдвэрлэл явуулж байгаа газруудын хориг арга хэмжээг цуцлах нь зөв. Валют орж ирдэг салбартаа илүү анхаарах, бизнесийг нь нээж өгөх хэрэгтэй.
-Хориг арга хэмжээг нэг талаар сонгууль дөхсөнтэй холбоотой гэж зарим улстөрч, иргэд ярьж байсан. Таны хувьд?
-Ямар ч зүйлийг аль ч өнцгөөс тайлбарлаж болно. Мэдээж сонгууль дөхсөнтэй холбоотой гэж тайлбарлавал илүү үнэмшилтэй болов уу.
-УИХ-ын сонгуульд оролцохоор 15 нам, дөрвөн эвсэл батламжаа авсан. Зарим намуудын зүгээс нэр дэвшигчдээсээ дэнчин авахаа зарласан. Танай намын хувьд санхүүжилтээ яаж босгох юм вэ?
-Ямар ч дэнчин авахгүй. Нэр дэвшигчдийн зүгээс тодорхой зардлаа өөрөөсөө гаргана. Мөн эвсэлдээ хамтарсан сурталчилгаа хийхэд тодорхой хэмжээний хөрөнгө оруулах байх.
-Иргэдээсээ санхүүжих талаар өмнө нь хэлж байсан. Хандив өгч байгаа иргэн бий юу?
-Хандив өгье гэсэн иргэн их бий. Манай улс 1990 оноос хойш зургаан удаа дампуурлын байдалд орохоо шахлаа. Улмаар зургаан удаа ОУВС-ийн аварлын зээлд хамрагдсан. Энэ нь Монголын эдийн засгийн суурь тогтолцоо, систем нь буруу байгаагийн шинж. Тухайлбал, 4-5 жил болоод л дампуурлын ирмэгт тулж гаднаас зээлд авдаг. Энэ зээл нь хуримтлагдсаар 30 тэрбум ам.долларт хүрчихсэн. Үүнийг өөрчилье гэж манай нам зүтгэж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)