Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цар тахлын үед авч хэрэгжүүлэх журам баталсан. Уг журамтай холбогдуулан НДШ-ийн чөлөөлөлтөд ямар ААН хамрагдах вэ гэдэгт иргэдийн дунд ойлголтын зөрүү үүсээд байсан. Тэгвэл энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар МҮОНРТВ-д тодруулга өгсниийг хүргэе.
-НДШ-ээс зургаан сарын хугацаанд чөлөөлөх хөнгөлөлтөд ямар ААН хамрагдах бэ?
-Засгийн газрын хуралдаанаар ямар байгууллага НДШ төлөхгүй байхыг тодорхой болгосон. Өөрөөр хэлбэл, НДШ-ийг дөрвөн бүлэгт хамаарах иргэд төлөхгүй. Үүнд, хувийн хэвшлийн ААН, төрийн бус байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, сайн дураараа даатгуулагч хамаарна.
Монгол Улсад 108.8 мянган ААН татвар төлдөг. Эдгээрээс 99.9 хувь нь НДШ төлөхгүй. Үлдсэн 0.1 хувьд нь алт, банк бус санхүүгийн байгууллага зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН хамрагдаж байгаа. Учир нь алтны үнэ сүүлийн найман жилийн хугацаанд хамгийн өндөр төвшинд хүрсэн. Энэ утгаараа энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН нийгмийн даатгалын шимтгэл төлнө.
-Тэгвэл НДШ-ийг алтнаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх компаниуд төлөхгүй байх боломж бүрдсэн гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Татварын шинэ хуулиар ААН-үүд жилд 1-2 удаа тайлан гаргаж өгдөг зохицуулалттай болсон. Энэ утгаараа хувийн хэвшлийн ААН цалингаасаа НДШ төлөхгүйгээр цалин олгох ёстой. Өөрөөр хэлбэл, дээрх 99.9 хувьд хамаарах ААН-ийн бүх ажилтнууд энэ сараас эхлэн цалингаа бүтнээр нь авна. Ажил олгогч, ажилтны төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийг Засгийн газар хариуцаж төлнө.
-Зарим ААН дөрөвдүгээр сарын НДШ-ээ төлсөн гэдэг зүйл яригдсан. Энэ үед ямар зохицуулалт хийх бэ?
-Буцааж олгоно. Энд нэг зүйл онцолж хэлэхэд, эхний гурван сар цаашлаад дөрөвдүгээр сард орлого хэвийн байна. Тиймээс НДШ-ээ төлөх ёстой юм байна гэж ойлгож байх шиг байна. Гэтэл коронавирусний эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг 2020 он дуустал үргэлжилнэ гэж авч үзсэн. Энэ утгаараа магадгүй өнөөдөр орлого нь буураагүй ч гэсэн ирэх тав, зургаа, долоо, наймдугаар саруудад үйл ажиллагаа нь доголдож магадгүй. Тиймээс орлого нэг төгрөгөөр буурсан л бол үйл ажиллагаа доголдсон гэж үзэх учир төлчихөөд эргүүлж авна гэж байснаас анхнаасаа төлөхгүй байх хэрэгтэй.
-Улсын нийт төсвийн 50 хувьтай тэнцэхүйц буюу 5.6 их наяд төгрөг зарцуулах тооцоо бий. Ингэснээр хөтөлбөр бүрэн хэрэгжих боломжтой гэж ойлгож болох уу?
-Болно. Ерөнхий сайд долоон арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар мэдэгдсэн. Энэ бол Засгийн газрын бодлого. Эдгээрээс нефтийн бүтээгдэхүүний үнэ бууруулах, хүүхдийн мөнгийг 50 хувиар нэмэгдүүлэх бодлого хэрэгжсэн. Дараагийнх нь НДШ болон хүн амын орлогын албан татварыг төр төлөх шийдвэр гаргасан.
Сэтгэгдэл (3)