Коронавирусний хамрах хүрээ, дэгдэлт ихсэх хэрээр дэлхийн эдийн засгийн уналтыг хязгаарлах боломжгүй болж байна Энэ сарын 24 буюу өнөөдрийн байдлаар дэлхийн 194 оронд халдвар бүртгэгдсэн бол 370 мянга гаруй хүн өвчлөөд байна. Вирусын хамрах хүрээ, дэгдэлт ихсэх хэрээр эдийн засгийн уналтыг хязгаарлах боломжгүй болж байгаа нь хөрөнгө оруулагчдыг томоохон алдагдалд оруулж айдаст автуулж байна.
Энэ хямралаас үүдэн дэлхийн 50 гаруй улс орны төв банкууд зээлийн хүүгээ бууруулж эдийн засгийн эргэлтээ сайжруулахаар хичээж байгаа юм. Тус халдвараас шалтгаалж 2020 онд дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямралд орохыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас мэдээлсэн.
Тус байгууллагаас дэлхийн ДНБ-ний өсөлт энэ онд 1,5 хувь байх урьдчилсан тооцоолол гарсан нь өмнөх оны таамгаас 1,4 хувиар бага үзүүлэлт юм. Мөн хөл хорионоос үүдэн олон улсын нислэг цуцалсан шалтгаанаар нисэх компаниуд 30 тэрбум ам.долларын хохирол амсах тооцооллыг АНУ-ын агаарын тээврийн хяналтын байгууллагаас мэдээлсэн. Тодруулбал, олон улсын Форвард Кейс фирмийн судалгааны дүнгээс харахад сүүлийн 30 хоногт дэлхий даяар 48200 нислэг, 10.2 сая суудал цуцлагдаж авиа компаниудаас Air France хамгийн их алдагдал хүлээсэн байна. Энэ нь коронавирусний халдвар аялал жуулчлалын салбарт ихээхэн нөлөө үзүүлж байгааг харуулж байгаа юм. Зөвхөн Англи улс руу гэхэд жилд 416.000 хятад жуулчин зорчдог бөгөөд нэг хүн дунджаар 1680 фунт cтерлингийг аялалдаа зарцуулдаг гэсэн тооцоолол байдаг. Коронавирусний анхны голомт болох БНХАУ-ын Хубэй мужийн үйлдвэрлэл, худалдаа өмнөх жилийн энэ үетэй харьцуулахад 13.5 хувиар буурсан нь дэлхийн хамгийн том экспортлогч орны хувьд тун таагүй үзүүлэлт юм. Мөн АНУ-ын эдийн засагт үүссэн савлагааг тогтворжуулах үүднээс нэг их наяд ам.долларын өртөг бүхий эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр батлахаар хэлэлцэж байгаа ч эрх баригчид хараахан зөвшилцөлд хүрч чадаагүй байна.
Эх сурвалж: bbc.com
Сэтгэгдэл (2)