Шинэ төрлийн коронавирусний тархалтын улмаас иргэн, аж ахуйн нэгжийн орлого хумигдаж, улмаар банкны зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Тиймээс арилжааны банкууд зээлийн хүүгээ царцаах, эс бөгөөс зээлийн төлбөрийн эргэн төлөлтийн хугацаа хойшлуулах зэрэг арга хэмжээг даруй авах ёстой гэсэн шүүмжлэл нийгэмд гараад буй юм. Тэгвэл арилжааны банкууд зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг санал хүсэлт тавьсан иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг тухайн зээлдэгч нэг бүртэйгээ тулж ажиллан, шийдвэрлээд хоёр сар орчим болж байна.
Энэ талаар Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээгээс утсаар тодрууллаа.
-Коронавирусний халдварын тархалтаас үүдэн иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөлт саарах эрсдэл үүсээд байна. Засгийн газрын хуралдаанаар Монголын банкны холбоотой энэ асуудлаар ярилцсаны дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төр арилжааны банкны үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Тэд боломжит хувилбар авч хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн. Арилжааны банкуудын зүгээс харилцагчдынхаа санхүүгийн хүндрэлийг ойлгож, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэргээр ямар нэг арга хэмжээ авах боломжгүй юм уу?
-Бид арга хэмжээ авч байгаа шүү дээ. Санхүү хүндрэлтэй болчихлоо гээд банкинд хандсан иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэргээр арга хэмжээ авч байгаа. Бид энэ бүгдийг нэг их сүрхий сурталчлаад зарлаад яваагүй. Бид Засгийн газрын хуралдаанаар бодит нөхцөл байдлыг тайлбарласан, мэдээлсэн. Мөн Монголын банкны холбоо байнга хуралдаж байна. Зээлдэгчдийн нөхцөл байдал хүндэрч байна. Дэмжлэг болохоор ямар арга хэмжээ авч байна, авах боломжтой байна вэ гэдгийг уулзалт болгоноороо ярилцдаг. Тиймдээ ч хүсэлт гаргасан иргэдийн хүсэлтийг боломжит хувилбараар нь шийдвэрлэж байна.
Арилжааны банкууд Төрийн мөнгөний, төсвийн, эдийн засгийн болоод татварын бодлого тодоройлдог газар биш. Хэрэв зоогийн газар иргэдэд хоол, ундаар үйлчилдэг бол арилжааны банкууд банкны үйлчилгээгээр иргэд, харилцагчдадаа үйлчилдэг байгууллага.
-Харилцагчдын нөхцөл байдлыг ойлгоод зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэргээр арга хэмжээ авч байгаа юм бол үүнийгээ нээлттэй ил тод мэдээлж болдоггүй юм уу?
-Тэгж яах юм бэ. Бидэнд харилцагчдынхаа нөхцөл байдлыг ойлгож хүндэтгэх нь чухал байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 13 арилжааны банк боломжоороо арга хэмжээ авч байна. Гэтэл бүх зүйлд арилжааны банк буруутай, тэд ашгаа бодоод арга хэмжээ авахгүй байна гэх юм. Бид хэчнээн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна гэдэг тоо гаргаж ирвэл ирнэ. Ирсэн хүсэлт бүрийг судалж үзээд эхнээс нь шийдвэрлээд явж байна. Найман хувийн зээлийн хувьд төрийн эх үүсвэрээр олгогдсон зээл. Банкны эх үүсвэр биш. Манай үндсэн эх үүсвэр нь харилцагчдын хадгаламж, харилцах дансан дахь мөнгө шүү дээ. Хадгаламжийн хувьд дунджаар 12,86 хувьтай, зээлийн хүү дунджаар 16.81 хувь гэхээр зөрүү нь 3.95 хувь. Үүнээс ажилчдын цалин, үйл ажиллагааны зардал, татвар энэ тэрээ төлөхөөр цаана нь ойролцоогоор цэвэр ашиг нь 0.91 орчим үлддэг. Монголбанкны сайт дээр энэ тоо бүгд ил тод бичигдсэн байгаа.
-Тэгэхээр сүүлийн хоёр сар гаруй хугацаанд хүсэлт гаргасан иргэдийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Гэхдээ ганц иргэн гэж ойлгож болохгүй. Аж ахуйн нэгжүүд ч бий.
-Засгийн газраас танай холбоог дахиж уулзаж, ярилцая гэж дуудсан уу?
-Үгүй. Бидний зүгээс хэд хэдэн удаа албан бичиг, хавсралтаар хүргүүлсэн. Ийм арга хэмжээ аваад өгөөч, арилжааны банкуудаа мөнгөжүүлээч гэж хэд хэдэн удаа хандсан. Арилжааны банкууд мөнгө хэвлэдэг, мөнгө нийлүүлдэг, бодлого гаргадаг институци биш шүү дээ.
-Халдварын тархалт ихэсвэл иргэн, аж ахуйн нэгжийн орлого хумигдах нь дамжиггүй. Ингэхээр чанаргүй зээл нэмэгдэж, арилжааны банкуудын үйл ажиллагаа доголдоход хүрнэ. Тэгэхээр төр болоод арилжааны банкны зүгээс ямар арга хэмжээ авах нь зүйтэй юм бэ. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Засгийн газар Сангийн яамаараа дамжуулж тэвчиж болох зардлуудаа танах хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгийг харьцангуй бага хүүтэй, боломжийн хугацаатай санхүүжилт өгөх нь зүйтэй. Дараагийн нэг зүйл нь Монголбанк хоёр субьект буюу Засгийн газар болон арилжааны банкинд зээл олгох хууль ёсны эрхтэй. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудаа мөнгөжүүлэх хэрэгтэй. Банкууд санхүүгийн эх үүсвэртэй болчихвол та, бидний яриад байгаа асуудлыг шийдвэрлэх боломжтой болно. Нэг үгээр хэлбэл, тухайн иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хугацааг сунгах зэргээр олон арга хэмжээ авах боломжтой болно. Дэлхийн бүх оронд Төв банк нь, мөн Засгийн газрууд нь арилжааны банкуудаа мөнгөжүүлж, банкуудаараа дамжуулж иргэд, бизнес хийж буй компаниудаа дэмжиж байна. Ийм арга хэмжээг эдийн засгийн хямрал тохиолдох тухай бүр дэлхий нийтээр авдаг аксиом болчихсон арга хэмжээ шүү дээ.
Г.Нацаг-Эрдэнэ