Шведийн компаниудын авлигын баримтууд тухайн аж ахуйн нэгжүүдийн өөрсдийнх нь ажилтнуудын мэдээллийн ачаар ил болжээ. Тиймээс эдгээр компаниуд Дэлхийн банкны хар жагсаалтад оруулсан тухайг энэ сарын 2-ны өдөр Шведийн “СВТ Нихетер” сэтгүүл мэдээлжээ.
Эрчим хүч, дижитал аюулгүй байдал, олон улсын зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Шведийн компаниуд энд яригдаж байна. Тэдний заримыг нь хэдэн жилийн хугацаатайгаар хар жагсаалтад оруулсан бол заримыг нь 900 гаруй жилийн хугацаатай буюу 2999 он хүртэл ийнхүү хар тамга даржээ. Энэ хугацаанд тэд Дэлхийн банкнаас санхүүжүүлсэн ямар ч төсөлд оролцох боломжгүй болж байгаа юм.
Эдгээр аж ахуйн нэгжүүдийн хээл хахуулийн талаарх мэдээлэл бүхий баримтууд нь хар жагсаалтад оруулах гол шалтгаан болжээ. Ялангуяа Литвийн ДЦС-уудын угаарын хийг цэвэрлэх гэрээ, авлига өгөхөөр бэлдсэн бэлэн мөнгө , мөн Лаост нэг өндөр албан тушаалтанд зориулж шинэ машин худалдаж авахтай холбоотой мэдээллийг дурдсан байна.
"Авлига бол нийгмийн хөгжил, ядууралтай тэмцэхэд хамгийн ноцтой аюул заналхийллийн нэг болж байна гэж Дэлхийн банк үзэж байна" хэмээн Шведийн Авлигатай тэмцэх институтийн Ерөнхий нарийн бичгийн дарга Натали Энгстам Фален мэдэгдэв.
Дэлхийн банкны үзэж байгаагаар авлигыг илрүүлэх хөдөлшгүй баримт олж авах нь асуудлын гол хүндрэл гэжээ.
Мөн нийтийг хамарсан томоохон хэмжээний мөрдөн байцаалт хэдэн жилийн турш явуулах болсон тухайгаа Дэлхийн банк зарласан боловч эцсийн дүндээ хууль зөрчсөн бүх баримтыг илрүүлэх боломжгүй гэдгийг санхүүгийн байгууллагын ажилтнууд хүлээн зөвшөөрч байна.
Эх сурвалж: АТГ