Монголд коронавирусний халдвар илэрлээ гэсэн мэдээ ёстой л өвсөнд тавьсан гал шиг нийгмийг цочроож монголчууд тэр аяараа сандралд автав. Махны захаас эхлээд хүнсний дэлгүүрийн лангуу хоосрохдоо тулж, тэр дундаа цахим ертөнц нэгний үзэн ядсан, харааж зүхсэн сэтгэгдлээр дүүрэв.
Энэ бол 24 цагийн дотор өрнөсөн үйл явдал. Дэлхий нийтэд уг халдвар тархах үед Солонгосын “Ханиад” киног үзсэн даруйдаа “Солонгосчууд тэвчээргүй, сэтгэлийн хатгүй гэдгээ энэ киногоор баталлаа. Бид тэдний дэргэд хариуцлагатай хүмүүс юм байна” гэж ирээд өөрсдийгөө магтсан цаг саяхан. Гэвч “Магтсан хүүхэн хурим дээрээ” гэгчээр бид тэднээс өчүүхэн ч ялгаагүй гэдгээ өчигдөр баталлаа.
Яг ингэж үймж сандралдаж, бас айж байхдаа тэдэнд ямар хэцүү байсныг биеэрээ махбодиороо жаахан ч гэсэн мэдрэх шиг болов. Тэд гэдэг нь гадаадад дахь монголчуудаа хэлж байгаа ухаан нь. Өөрөөр хэлбэл, улсын хилээ хааж, Солонгос, Японоос зэрэг улсаас ирэх онгоцны нислэгээ зогсоохдоо эх орондоо ирж чадахгүй байгаа нутаг нэгтэнүүддээ ямархуу байсныг та, бид бодолцож үзсэн үү.
БНХАУ-ын Ухань хот дахь оюутнууд уйлж байна, хэцүүдлээ гэж нийгмээрээ шуурч тусгай үүргийн онгоц нисгэж, буцаан авчирсан.
Үүнээс хойш гадаадад нэг ч монгол иргэн байхгүй мэт аяглаж, хилээ хаа, гаднаас нэг ч хүн битгий оруул гэж ирээд дээрх улсуудаас ирэх онгоцны нислэгийг цуцалсан.
Эх орноо, үндэстнээ хамгаалах гэсэн та, бидний буруу биш. Гэхдээ харийн нутагт сэтгэлээ чандалж, хатуужилтай суугаа тэд ч гэсэн ч монгол хүн. Тиймдээ ч тэднийгээ гэх сэтгэл бидэнд бага боловч байх ёстой.
Манай 24tsag.mn сайттай харийн нутагт ажиллахаар очсон, эсвэл богино хугацаагаар очоод эргэж ирж чадахгүй байгаа цөөнгүй иргэд холбогдсон юм. Тэд ажил олдохгүй байгаа, мөнгөгүй болохоор байрны түрээсээ төлж чадахаа больсон гэдгээ түр хугацаагаар очсон иргэдийнх нь халаасны мөнгө нь дуусаж гудамжинд цаасан хайрцаг дэвсэж унтаж буйгаа нулимс дуслуулан учирласан юм.
Тэд “Халдвар гарчихаад байх хил давсан нь бидний буруу. Гэхдээ банкны өр зээл нэхэгдэж байсан учраас ажил хийж таван цаас олъё. Ариун цэврээ сайтар сахиад байвал учир нь олдох байх гэж бодсон. Гэвч санаснаар болсонгүй. Ажил ч олдсонгүй. Монголоос халаасалж очсон хэдэн төгрөг дууслаа. Гэртээ харъя гэхээр нислэг байхгүй. Монголоос биднийг авахуулахаар онгоц ирүүлэх болов уу гэж нүдээ ширгэтэл хүлээж байна. Виз сунгах тал дээр албаныхан хойрго хандаж байна” гэх зэргээр тулгамдсан асуудлаа учирласан.
Гадаад дахь монголчууд ийн учирлаж, нулимс дуслуулж байх хооронд Солонгос дахь монголчуудын амьдарч байсан зочид буудалд гал гарлаа. 20 орчим хүн угаартаж, эмнэлэгт хүргэгдсэн. Эмчилгээний зардал нэг сая гаруй вон гарга гэсэн. Ажилгүй, мөнгөгүй бид юугаараа төлөх бэ гэж тэд уйлж байна.
Тэд хоол авах, хоноглох газрын мөнгөгүй гэдэгтээ тийм ч их санаа зовоогүй. Гагцхүү эргэн тойронд нь вирусний халдвар дэгдэж байгаа энэ цаг үед халдвар авах вий, нутагтаа эргэн очиж чадахгүй байх вий, үр хүүхдээсээ хагацах бий гэдгээс айсаар.
ОХУ-д халдвар тархаж, онцгой үеийн дэглэм зөрчвөл тав хүртэлх жилийн ял оноохоо зарлаад буй. Тэд онцгой дэглэм тогтоохдоо гадаад дахь оросуудаа оруулна. Гэхдээ онц дэглэмийг чанд сахихыг сануулсан. Тиймдээ ч халдвар тархаж байгаа газруудаас элэг нэгтнүүдээ одоо ч татсаар байна. Гэхдээ бидэн шиг нүд үзүүрлэж, ялгаварласангүй. Ариун цэврийг дээд зэргээр хангаад оруулж байна.
Тэгвэл бид үүн шиг Солонгос, Япон зэрэг улсад амьдарч байгаа монголчуудаа яагаад нутагтаа эргүүлэн авчирч болохгүй гэж. Эрсдэл бий юү гэвэл бий. Гэхдээ тэр эрсдэлээс бид хамгаалж, хаах ёстой.
Тэд вирус гарсан сургаар дэлгүүрийн лангуу хоослох гэж сандралдаж, үймэлдээгүй. Аль болох ариун цэвэр сахиж, хариуцлагатай байгаагаа цахимаар илэрхийлж, нутагтаа байгаа монголчууддаа өвчин тээж очихыг хүсэхгүй байна гэдгээ хэлж байсан. Тэд ингэж л иргэн хүнийхээ урамсар, хариуцлагаар асуудалд хандаж байна. Хариуцлагатай, ухамсартай байхын сацуу монгол хүн гэсэн нэр төрөө хамгаалж, халдвараар зовж шаналж байгаа Солонгос, Япон иргэдэд туслахаар хандив цуглуулж байна. Бүр эх орон руугаа хүртэл амны хаалтыг боодол боодлоор нь ирүүлж байсан цаг саяхан. Тэдэнд мөнгө илүүдсэндээ биш иргэн хүний ухамсарынхаа үүднээс асуудалд няхуур хандаж байна.
Тиймдээ ч харьд суугаа тэд ч гэсэн монгол хүн, монгол ээж, аавын үрс. Тэдэнд эх орондоо, гэр бүлдээ ирэх эрх нь бий. Хэрвээ Монголын төр гэж байдаг юм бол харийн хүнийг хилийн дээс давуулж, эрсдэлийг нэмж байхаар элэг нэгтнээ эх оронд авчрах ёстой биш гэж үү. Тэд уйлж байна, гэхдээ нулимсаа нуугаад шүү.
Хэрвээ та, таны үр хүүхэд харьд гацсан бол хилээ хаа, битгий оруул гэж хэлэх зүрх хүрэх байсан гэж үү.
Жич: Бид энэ талаар Гадаад харилцааны яам болон Консулын газартай холбогдож хариулт олохыг хичээсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөөгүй болно. Тиймээс уг асуудлаар эргэн сурвалжлах болно.
Г.Маргад