Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум доллараар хэтэрснийг Засгийн газар хүлээн зөвшөөрч буйг илтгэсэн тод гэрч нь “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Рио Тинто” компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Жан Себъястиан Жак нар “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд Дубай хотноо гарын үсэг зурсан явдал байв. Ингэснээр “Рио Тинто” компани, Монголын Засгийн газар хооронд үл ойлголцол үүсэх жимийг зассан гэхэд болно.
Цаг хугацааны эрхэнд асуудал намжиж, төсөл цааш үргэлжилсэн ч далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал тооцооллосноос 1.2-оос 1.9 тэрбум ам.доллароор дахин хэтрэх эрсдэл үүссэн тухай “Financial times” мэдээлсэн нь өнгөрөгч оны явдал. Уг мэдээлэлд далд уурхайн зэсийн бүтээгдэхүүн гаргалт 2023 оны дунд үе хүртэл хойшлох тухай дурдсан бол харин “Рио Тинто” группийн баруун Австрали дахь “Winu” хайгуулын төслийг 2020 оноос өмнө ашиглалтад оруулах тухай мэдээлэл дурдагдаж байсан юм.
Хэвлэлээр юу гэж шуурахаас үл хамаарч УИХ-аар Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, Оюутолгойн төслийн шүүсийг шахаж эхэлсэн юм.
Ажлын хэсгийн дүгнэлтэд Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр ашиг, өгөөж буурсан, хөрөнгө оруулалтын дүнд тавих хяналт байхгүй, төслийн төлөвлөгдсөн болон авсан зээлийг бүрэн ашиглаагүй зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөөд байсан.
Хөрөнгө оруулалтын зардал хэтрэх болсон шалтгаан нь Монголын улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй гэх шуумтай зэрэгцэн төслөөс ашиг хүртэхгүй нь гэх асуудал яригдаж, үүн шиг хэрэггүй төсөл алга, зогсоо, хаа гэх зэргээр шүүмжилж эхэлсэн байдаг. Тэгвэл монголчуудын хүссэнчлэн Оюутолгой төсөл гацаанд орох эрсдэлтэй тулгарч мэдэхээр болоод буй аж. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар “Далд уурхайн бүтээн байгуулалтын уулын ажлын төлөвлөгөөнд асуудал үүссэн” гэдгийг энэ сарын 5-нд мэдэгдэсэн юм.
Уг мэдэгдлийг сийрүүлбэл, “Чулуулгын хатуулгын хэмжээ тооцоолж байснаас тодорхой хувиар зөөлөрсөн. Хөрсний бүтэц нь зөөлөн байсан учраас гүний уурхайд ирээдүйд үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээл, аюул осол дагуулж мэдэх нь гэсэн дүгнэлт гарсан. Энэ хүрээнд ТЭЗҮ-ийг дахин боловсруулж байна. Энэ оны зургадугаар сар гэхэд урьдчилсан ТЭЗҮ бэлэн болно. Үүнээс өмнө татварын асуудал болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүний хувь хэмжээг бууруулах асуудлыг тавина. Миний бодлоор 6.5+лайбор хувь гэхээр бараг 10 хувь болж байна. Тиймээс 6.5-ыг хоёр функтээр буулгаж өгнө үү гэдэг хүсэлт тавьсан. Хэрэв хоёр функтээр буучихвал бидэнд давуу тал бий болно” гэсэн юм.
Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт ид шатандаа үргэлжилж байгаа. Өнгөрсөн онд гүнийн уурхайн хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалт дуусс ашиглалтад оруулаад байсан.
Харин хөрсний нөхцөл байдал төлөвлөснөөс хүнд илүү эрсдэлтэй болсон учир тус төслийн ашиглалтад орох хугацааг хойшлуулж, дахин төлөвлөлт шаардлагатай болсныг “Рио Тинто” компани өмнө мэдээлж байсан юм байна.
Анх төлөвлөснөөр бол тус уурхайг 2022-2023 оны хооронд ашиглалтад оруулах тооцсон ч дээрх шалтгааны улмаас хөрөнгө оруулалтын зардал өссөн учир ашиглалтад оруулах хугацааг 30 хүртэлх сараар сунгасан аж. Хэдийгээр ийм нөхцөл байдал үүсэн ч гэлээ төслийн бүтээн байгуулалтын шинэ төлөвлөлтөд шаардагдах нэмэлт зардлыг дахин тоолж танилцуулах гэж буй нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазарын мэдэгдлээр баталгаажиж буй.
Эндээс үзвэл, Оюутолгойн төслийн далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал хүссэн хүсээгүй нэмэгдэх нь тодорхой бололтой.
Хэрвээ ингэвэл төслөөс үнэхээр монголчуудад ашиг хүртэж чадах уу гэдэг зүйл жинхэнэ утгаараа яригдах нь ойлгомжтой. Төслийн хувьд дэлхийд тэргүүлэх мега төсөл. Энэ утгаараа манай улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг гэхэд болно. Тиймээс ирэх зургадугаар сард бэлэн болох урьдчилсан ТЭЗҮ төслийн болоод бидний ирээдүйн өнгийг тодорхойлох нь лавтай болох нь.
Ташрамд дурдахад, дээр хэлсэн “Winu” хайгуулын төсөл нь баруун Австрали байрлалтай “Рио Тинто” группийн 100 хувь эзэмшлийнх. Австрали, Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, дэлхийн хэмжээний энэхүү уул уурхайн группийн хувьд уг төсөл нь зэсийн дараагийн томоохон орд гэдгийг олон улсын шинжээчид дүгнэж байгаа юм. Энэхүү уурхай нь алт, зэсийн ордууд төвлөрсөн өмнөд Пилбарагийн Ньюкрест Телфер уурхайгаас 130 км-ийн зайд оршдог байна. “Рио”-гоос мэдээлснээр гадаргад 24 өрөмдлөг хийсэн бөгөөд цаашид 250 сая ам.долларын өртөг бүхий хайгуулын хөтөлбөр хэрэгжүүлэх аж.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (5)