Тэтгэврийн реформ хийх асуудлаар эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг хийж байна. Энэ үеэр эдийн засагчид өөрсдийн байр сууриа илэрхийлж буй. Тухайлбал,
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Бүх нийтийг хамарсан тэгш суурьтай гэдэг суурь тогтолцоо нь байгаа эсэх нь эргэлзээтэй. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид сайн дураараа өөрийгөө даатгуулах боломж бүрдсэн. Одоо байхгүй байгаа зүйл нь хувийн тэтгэврийн тогтолцоо. Манай улсад үүссэн гол асуудал нь тэтгэврийн даатгалын сангийн менежмент юм. Бид тэтгэврийн хуулийг 1999 онд баталсан. Энэ үед 2020 он гэхэд тэтгэврийн ахмадуудын тоо ихэснэ гэдгийг ч харж байсан. Харин одооноос Нийгмийн хамгаалалд, хөдөлмөрийн яамны зүгээс ч хувийн тэтгэврийн сангийн хууль, тэтгэврийн даатгалыг шинэчлэх асуудлыг хүчтэй ярих болж.
Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомжид тэтгэврийн даатгалын шинэчлэлийн асуудал бичигдсэн байдаг. Төр засгаас ажлын хэсэг гарчихсан байгаа гэдэг нөгөө л үгээ хэлдэг. Гэвч тэтгэврийн шинэчлэлийг дорвитой хийж чадаагүй. Тэтгэврийн даатгалаа төлж чадаагүй иргэдийг нөхөн төлүүлж байгаа байдал нь тэтгэврийн даатгалын сангаа улам доройтуулж, алдагдлыг улам нэмэгдүүлж байна. Гол орсон чухал заалт нь хамтын тэтгэврийн заалт байсан ч хэрэгжүүлж эхлэлгүйгээр цуцалсан юм.
Цалинд суурилсан тэтгэврийн тогтолцоо нь тэтгэврийн тэгш бус байдал зэрэг олон сул талыг бий болгож байна. Тиймдээ ч тэтгэвэрт гараад шууд ядуурал руу ордог. Настангуудын ядуу байгаа шалтгаан нь өнөөдрийн тэтгэврийн тогтолцоо. Цалинд суурилсан тэтгэвэрт орлоготой учраас амхамууд ядуу байна. Тэтгэврийн шинэчлэл хийж чадаагүй улстөрчид өөрсдийнхөө хийсэн алдааг залруулж, сайн хүн болж харагдах гэж хичээж байна. Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нэмэгдсээр байна. Тиймээс тэтгэврийн тогтолцоонд хувийн тэтгэвэрийн талаар зайлшгүй орох ёстой.
Эдийн засагч Г.Батзориг “Европт дундаж тэтгэвэртэй тэтгэврийн насны хүмүүс юу хийдэг вэ гэсэн судалгаа байдаг. Тэд тэтгэврээрээ европыг тойрон аялдаг, бусдад хандив өгдөг, дэлгүүр хэсдэг. Харин Монголд нийгмийн эмзэг давхарга руу шууд шилждэг. Гэтэл тэтгэврийн сайн тогтолцоотой Голланд улсад тэтгэврийн нийт орлогын 90 орчим хувьтай тэнцэх тэтгэврээ шууд авч болдог. Ийм улсуудтай Монголыг харьцуулахад хэцүү. Сайн тогтолцоо гэдэг нь хуримтлалын тогтолцоо юм. Хуримтлалын тогтолцоо сайн дурынх эсвэл заавал байх хэрэгтэй” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (10)