Монгол, Хятад эрдэмтдийн хамтын нээлт “Дэлхийн археологийн шилдэг нээлтүүдийн жагсаалт”-д зүй ёсоор багтлаа.
АНУ-ын Археологийн институтээс эрхлэн гаргадаг “Archeology” сэтгүүл 2019 оны “Дэлхийн шилдэг 10 археологийн нээлт”-ийг олон нийтэд зарлажээ. Тэдгээрийн нэгээр Монгол Улсын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг дахь “Гол мод-2” Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааны ажил нэрлэгдсэн байна.
Хүннүгийн язгууртны булшнаас олдсон хос мөнгөн луу археологичдын анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд Энэ нь Монгол улс төдийгүй, Ази тивээс олдсон лууны бүтэн дүрс бүхий анхны олдвор гэж археологичид онцоллоо. Тус бүр нь найман см урттай энэ хоёр лууг цул мөнгөөр цутгаж, дэл, сэрвээ, далавчийг алтан шармалаар бүрсэн байна. Урлагийн төгс бүтээл гэж хэлж болох энэ олдвор ямар зориулалттай болохыг одоогоор шинжлэн судалж байна гэж археологичдын багийн ахлах, профессор Д.Эрдэнэбаатар мэдэгдлээ.
Улаанбаатарын их сургууль болон Хэнань мужийн соёл, археологийн институтын эрдэмтэн судлаачдын гурван жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд энэ зун Хүннүгийн язгууртны булшинд малтлага хийж дууссан байна.
Профессор Д.Эрдэнэбаатар: "Хоёр улсын археологичдын хамтын ажиллагаа маш үр дүнтэй байгаад баяртай байна" хэмээн онцлоод цаашид сэргээн засварлалтын ажил дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
“Archeology” сэтгүүл сэтгүүл бол Америкийн Археологийн хүрээлэнгийн хоёрдогч өдөр тутмын хэвлэл юм. Дэлхийд алдартай энэ сэтгүүл 2006 оноос хойш жил бүр “Шилдэг 10” нээлтийг нэрлэх болсон билээ.
Сэтгэгдэл (1)