Хятад эрдэмтнээр удирдуулсан судлаачдын баг дэлхийгээс 14000 гэрлийн жилийн зайд асар том хар нүх илрүүлсэн байна. Эрдэмтэд одоогоор тус хар нүхийг улам нарийвчлан судалж байгаа ажээ.
Манай “Сүүн зам” галактик 200-400 тэрбум одтой бөгөөд энд 100 сая хар нүх байдаг гэсэн тооцоог одон орончид гаргасан байдаг. Хар нүх гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцал бүхий огторгуйн орон зай юм.
Одон орон судлаачид өнөөг хүртэл манай галактик дахь хамгийн том хар нүх нарнаас 20 дахин томгүй гэж тооцоолж байжээ. Гэтэл энэ хар нүх эрдэмтдийн таамаглалыг эрс няцааж, тэднийг гайхшруулж орхисон байна. Хятадын шинжлэх ухааны академийн Үндэсний одон орон судлалын газрын дарга Лю Жифэнгээр ахлуулсан багийн олж илрүүлсэн энэ хар нүх нарнаас 70 дахин том байжээ. Одон орончид энэ хар нүхийг “Monster LB-1” гэж нэрлэсэн байна.
“Оддын хувьслын одоогийн загварчлалаар тооцож үзвэл ийм том хэмжээний хар нүх манай галагтикт байх боломжгүй гэж бид бодож байсан. Үнэхээр гэнэтийн гайхмаар зүйл боллоо” гэж эрдэмтдийн багийн ахлагч Лю Жифэн мэдэгдсэн байна. Мөн тэрээр цааш хэлэхдээ: “LB-1 хар нүх бидний төсөөлж байснаас хоёр дахин том байлаа. Одоо одон орон судлалын онолчид энэ хар нүхний үүслийг тайлбарлах гэж толгойгоо нэлээд гашилгах бололтой" гэсэн байна.
Асар том хар нүх ойролцоох сансрын биетүүдээ түнэр харанхуй руу татан авч, энэ үйл явц нь хүчтэй рентген цацраг үүсгэснээр хүн төрөлхтөн хар нүх байдгийг мэдэж авсан түүхтэй. Гэвч манай галактик дахь хар нүхний дийлэнх нь хүчтэй рентген туяа ялгаруулдаггүй учраас ердөө 20 орчим хар нүхийг л нарийн тодорхойлж, хэмжжээ.
CCTV.COM