Сар шинийн баяр болоход ердөө арав гаруй хоногийн хугацаа үлдээд буй. Иймд удахгүй болох сар шинийн баяртай холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн өссөн талаар харьцуулалт хийн сурвалжилга бэлтгэлээ.
Сар шинийн баяр дөхсөн энэ цаг үед томоохон худалдааны төв, захуудад сар шинийн үзэсгэлэн худалдаа дэлгэгдсээр буй. Тус үзэсгэлэн худалдааны нэг болох “Ub palace”-ийн “Ерөөлтэй Цагаан сар-2025” үзэсгэлэн худалдааг бид зорьсон юм. Ийнхүү “Ub palace” руу ороход, нэгдүгээр давхарт нь цагаан идээ, хэвийн боов, гоёл чимэглэл худалдаалагдах аж. Харин зүүн жигүүрт цагаан сарын идээний цар, хөөрөг даалин, үндэсний хувцас, баруун жигүүрт тавгийн идээний ааруул болон хэвийн боов, тавгийн чихрүүд худалдаалагдаж байв.
Эхний лангуун дээр гараар сийлсэн модон царнаас эхлээд мөнгөн өнгөтэй, алтан өнгөтэй царнууд байв. Үнийн хувьд хийц болон гоёлоосоо хамаараад 60 мянган төгрөгнөөс 220 мянган төгрөгийн хооронд, хөөрөг даалингийн хувьд 650 мянгаас 1,5сая төгрөгийн хооронд худалдаалагдах аж.
Баруун жигүүрийн эхний эгнээг харвал цагаан идээгээр дүүржээ. Хорхой ааруулнаас эхлээд тавгийн ааруул, тогооны өрөм хүртэл худалдаалагдаж байлаа. Жил ирэх тусам иргэд сар шинийн тавгаа аруулаар засах нь ихэссэн. Тэгвэл тавгын ааруулын үнэ өмнө жилийнхээс өссөн талаар иргэд хэлж байв.
Иргэн Н.Сарнай: “Жил бүр үзэсгэлэн худалдаанаас ширээн засах тавгийн идээгээ бэлддэг. Цагаан идээний үнэ жоохон нэмэгдсэн харагдаж байна. Цагаан сар дөхөх тусам нэмэгдэх вий гэж санаа зовж л байна” гэв.
Үнийн хувьд:
- Таван эгнээ ааруулаар зассан идээ 350 мянга
- Цартай 3 эгнээ идээ мөн адил 350 мянга байв.
Харин тавгийн ааруул ширхэг нь 14 мянгаас 18 мянгын хооронд байгаа бол килограммын үнэ нь:
- Сүүн ааруул 45 мянга,
- Аарцны ааруул 55 мянга,
- Хорхой ааруул 32-45 мянган төгрөг байна.
Нөгөө эгнээнд хэвийн боовнуудын худалдаа явагдаж байлаа. Хэвийн боовнуудын үнэ хоорондоо харилцан адилгүй байлаа. Тухайлбал,
- “Суман гүн”-ий зүсэлттэй хэвийн боов ширхэг нь 5500 төгрөг бол
- “Язгууртан хэвийн боов” , “Алтан арвай”-н хэвийн боов ширхэг нь 7 мянган төгрөг байв.
Иргэн Б.Алтанхүү: “Үнийн хөөргөдөлийг иргэд өөрсдөө бий болгож байгаа. Үнэ дагаж чанар гэсэн хоцрогдсон бодлоосоо болж үнэтэйг нь шилж авдагтай холбоотой” гэв.
Ийнхүү үзэсгэлэн худалдаа дээрх цагаан идээ, хэвийн боовны үнийг хүнсний захууд дээрх бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад сүүн ааруул 38 мянга, аарцны ааруул 45 мянга, хорхой ааруул 30 мянгаас эхэлж байна. Харин ааруулаар зассан идээний хувьд үзэсгэлэн худалдаан дээрх үнэтэй адил байв. Харин худалдаалагчдын зүгээс бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оноос 500 төгрөгөөр нэмэгдсэн талаар хэлсэн юм.
Г.Хоролмаа
Сэтгэгдэл (1)