Өнгөрсөн амралтын өдрүүдэд Даллас Маверикс баг од тоглогч Лука Дончичоо Лэйкерсийн од Энтони Дэвистэй солилцох болсон тухай мэдээ NBA-ийн хөгжөөн дэмжигчдийг цочирдуулсан билээ. Тэгвэл Лука Дончичийн аав хүүгээ өмөөрч, Даллас Мавериксыг шүүмжилжээ.
Энэ наймаа нь Дончич, Дэвис, тэр байтугай Лэйкерсийн супер од Леброн Жэймс нарын хувьд ч маш өндөр нууцлалтай байсан тул амралтын өдрүүдээр мэдээ анх гарах хүртэл солилцооны талаар хэн ч юу ч мэдээгүй байсан гэхэд болно.
Саяхан гарсан мэдээлэлд, Маверикс Дончичийн биеийн тамирын бэлтгэлжилтэд сэтгэл хангалуун бус байсан аж. Дончичийн төрсөн нутаг Словенийн "Arena Sport 1" сувагт өгсөн ярилцлагадаа түүний аав Саша Мавериксийн наймааны арга барилд дургүйцлээ илэрхийлжээ.
Саша Дончич "Чамайг ямар нэгэн философитой санал нийлэхгүй байх мөч ирнэ гэдгийг би ойлгож байна. Энэ, тэр тоглогчид дургүй байхыг ч би ойлгоно. Гэхдээ яг энэ нууцлал, зарим нэг хүмүүсийн хэлснээр "магадгүй хоёр нүүр гаргах нь" миний сэтгэлийг зовоож байна. Учир нь Лука ийм зүйлийг огт хүртэх ёсгүй нэгэн. Маверикс бол Дончичийн NBA-д тоглож байсан цорын ганц баг. Түүний гайхалтай довтолгоонууд, тоглолтууд энэ багийг өнгөрсөн улиралд NBA-ийн финалд хөтөлсөн. Хүү маань бүх NBA-ийн нэгдүгээр багт таван удаа шалгарч, дэлхийн шилдэг тоглогчдын нэг гэдгээ олонд хүлээн зөвшөөрүүлсэн" гэжээ.
Саша Дончич өнгөрсөн улиралд хүүгийнхээ бие бялдрын хувьд тааруу байгаа тухай Маверикс багийнхнаас гарсан мэдээлэлтэй маргаж, гүйцэтгэлийг онцолсон юм. "Лукагийн биеийн тамир өнгөрсөн жил асуудалгүй байсан. Гэтэл багийнх нь удирдлага түүнийг бие муутай гэж хэлсэн" гэжээ.
Л.Баяр