Өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын зүүн хэсэгт орших Гома хотын шоронгоос оргосон хоригдлууд 150 гаруй эмэгтэй хоригдлыг хүчиндэж, шатаасан тухай НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
НҮБ-ын Хүний эрхийн албаны төлөөлөгч Сейф Маганго CNN-д хэлэхдээ, хүчирхийлэлд өртсөн 165 эмэгтэй хоригдлын ихэнх нь галд нас баржээ. Тус улсын шүүхийн эх сурвалжид бичсэнээр, галаас амьд үлдсэн 13 эмэгтэй хоригдол бүгд хүчиндүүлсэн байжээ.
НҮБ-аас ивээн тэтгэдэг Окапи радио Даваа гарагт мэдээлснээр, нэгдүгээр сарын 27-нд Гома хотод болсон босогчдын M23 эвсэл болон Конго улсын арми хоорондын мөргөлдөөний үед тус хотын "Музензе" шоронгоос 4000 гаруй хоригдол оргосон байна. Тус байгууламж одоо хоосон балгас болон үлджээ. Конго улсын Харилцаа холбооны сайд Патрик Муяаяа нийт 165 эмэгтэй хоригдол хүчиндүүлсэн болохыг баталжээ.
Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын хэвлэлийн төлөөлөгч Жереми Лоуренс баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ, "Өмнөд Кивуд 52 эмэгтэйг Конгогийн цэргүүд хүчиндсэн гэх мэдээллийг бид шалгаж байна" гэжээ. Энэ долоо хоногт Гома хотыг эзэлсэн гэж мэдэгдсэн босогчдын M23 бүлэглэл засгийн газрын хүчнийхэнтэй мөргөлдөөн болж 3000 орчим хүн амь үрэгдсэний дараа нэн даруй хүмүүнлэгийн гал зогсоохыг уриалав.
Л.Баяр