Цагдаагийн байгууллагаас хохирогчдын мэдээллийг задруулсан асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өчигдөр хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг агуулсан, хүн харахад цагдаагийн байгууллагын илтгэх хуудас хэлбэрээр бичигдсэн мэдээлэл 21 цаг орчмын үед цацагдсан. Энэ асуудал бол зөвхөн хохирогчдын хувийн мэдээлэлтэй холбоотой зүйл биш юм. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хүчтэй зөрчиж буй асуудал. Ийнхүү мэдээлэл цацсан явдал нь эрүүгийн хуулийн 13.10, 13.11 дүгээр зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг. Албан тушаалийнхаа хүрээнд олж авсан мэдээллээ задруулсан бол тав хүртэлх жилийн хорих ялтай. Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Өнөөдөр ийм хүнд зүйлийг туулж буй тэр хүүгийн ар гэрийн мэдээллийн албан эрх мэдлийн хүрээнд олж аваад цацсан бол эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх гэмт хэрэг. Энэ мэдээлэлд дурдсан зарим зүйл нь Цагдаагийн байгууллагад байхгүй мэдээлэл байсан. Мөн зөвхөн Цагдаагийн байгууллагад байдаг мэдээллүүд ч байсан. Иймд энэ бол зориудаар хийсэн мэдээлэл гэж үзэж байна. Ийм зүйл хийсэн хүмүүс хуулийн зайлшгүй хариуцлага хүлээнэ. Цагдаагийн байгууллага бүх хүчээрээ энэ хэргийг илрүүлэхийн төлөө ажиллаж байна.
Мэдээлэл хийсэн байлдагчтай холбоотойгоор иргэдийн санаа зовинол байна. Тус иргэнийг Хууль сахиулах байгууллагын албан хаагчид хамгаална. Шаардлагатай бүх тусламж дэмжлэгийг үзүүлнэ" гэв.
Д.Батчулуун