Төрийн түмэн нүд сохорч, төмөр зүрхтнүүд үхэлд дасгах төлөвлөгөө боловсруулж буй мэт. Үнэндээ... Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд аж амьдрал "хав харанхуй". Сайн сайхныг мөрөөдөх нь нүгэл мэт гэмшилтэй. Болно, болгоно, босно гэдэг найдвар ч нэг нэгээрээ унтарч байна. Бүгдээрээ сэтгэлээ цөмчүүлсэн олон үйл явдал, хүнд мөчүүдийг туулсан. Хорвоод хүний туулж болох өчнөөн хагацлын дундаас дотно нэгнээ алдах шиг "уй" үгүй билээ. Гэтэл өөрт байсан бүхнээ эзгүйдээ "гэнэтхэн" л алдчихна гэдэг хэчнээн гашуун бэ. Энэ монголын нэг хэсэг эмтэрч байхад ирээдүй хаанаас гэрэлтэх юм, тэнгэр ч мэдэхгүй биз.
Цэрэг хүүгийн мэдэгдлийн араас эрх мэдэлтнүүд хүн шиг эмгэнэсэнгүй, төр улам гэдийлээ. Сонгуулийн үе байсан бол уралдаад чанга яригч улдаж гүйх байсан биз. Ямар хахир хатуу, хүйтэн төмөр шиг хайруу юм бэ? Утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол гэж аргалж өнгөрөхдөө, 779-ийн тоог хээвнэг хэлэлцээд сууж байх нь бас л... Ингээд угаартаж нас барсан иргэдийн тоо зургаагаар нэмэгдчихлээ.
Нэмэгдчихлээ, энэ үг аймшигтай биш гэж үү. Угаартсан гэх мэдээллийн араас дандаа угаар мэдрэгч ажиллуулаагүй, ажилдаггүй, угаар мэдрэгчгүй нар нарсан иргэдийн буруу болгож харагдуулдаг технологитой нь улам тодроод байх шиг. Одоо ч үйлчилж байгаа нь, зөвлөмжийн постеруудаас харагдаад байгаа биз.
Төр иргэндээ нуруугаа харуулаад удаж буй. Өнөө бол бүрлээчийг архичин, хүүг хулгайч байсан гэж цацагсад "бид биш" гэж цагдаагаас мэдэгсэн ч авралгүй төрийн үр нь энэ биш үү.
Одоогоос 7 жилийн өмнө утаанаас салах нэрийдлээр шахмал түлшийг иргэдэд шахаж, шахмал түлш нь угаар шахаж, цаг бусаар олон хүнээ Монгол Улс алдав. Гэтэл эсрэг талд хөлжигсөд утааг бууруулсан гавьяагаар энгэрээ цоо хатгаж, өөрөө өөрийгөө хамгаа задартал урамшуулж, албан тушаалын халуун суудал дээр хамгийн амт шимттэйг хүртэж явна.
Монгол Улсын иргэн байна гэдэг хэнд гомдож, хэнээс хариуцлага нэхэж, хэнд аргадуулж, хэн рүү алхахаа ч мэдэхгүй, учир битүүлэг замд цугаар төөрнө гэсэн үг юм байна. Иргэд өнөөдрийг хүртэл утааны эсрэг чадахаараа тэмцсэн юм шүү. Төр хийхээ хийсэнгүй, нэгнийхээ толгойг илж, тактик боловсруулсаар хүн хүнийг өнчрүүлж, өнчин монголыг бүтээж байна.
Засгийн газрын 2018 оны тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг “хориглосон” юм. Тэгээд цааш юу болсныг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
Сэтгэгдэл (2)