Хайрт Афганистан орноо аргагүй эрхэнд орхин гарсан ч тэнд буй охид, эмэгтэйчүүдийн төлөө санаа чилээж явдаг 17 настай Нила Ибрахими охин мягмар гарагт "Олон улсын хүүхдийн энх тайвны шагнал"-ыг хүртээд байна. Түүнээс өмнө уг шагналыг уур амьсгалын төлөө тэмцэгч Грета Тунберг, охидын боловсролын төлөө тэмцэгч Малала Юсуфзай зэрэг нэрт зүтгэлтнүүд хүртэж байлаа.
2021 онд засгийн эрхийг булаан авсан Талибуудын тогтоосон дарангуйлагч дэглэмийн хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчиж буй Афганистанд байгаа охидын эрхийн төлөө зоригтой тэмцсэнийхээ төлөө Ибрахими энэхүү нэр хүндийн эзэн болсон юм.
Ибрахими засгийн дарангуйлагч дэглэм Афганистаны сурагч охидыг олон нийтийн газар дуулахыг хориглосон хоригийг хүчингүй болгохын төлөө дуу хоолойгоо хүргэснээр интернетэд олон дагагчтай болжээ.
Ибрахими өөрийнхөө дуулж байгаа бичлэгийг гар утсандаа буулгаж, ах нь уг бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулжээ. “IAmMySong” гэх нэртэй кампанит ажил хүчийг авсан даруй хэдэн долоо хоногийн дотор хоригийг цуцалсан байна. АНУ болон түүний холбоотнууд 20 жил үргэлжилсэн дайны дараа Афганистаныг бүр мөсөн орхиход тус улсад Талибууд байр сууриа тогтоосон билээ. Тэд даруй засгийн эрхийг гартаа авч, үндэстнээ теократ дэглэмд эргүүлэн оруулах үед Ибрахими охин 15 настай байлаа.
Сайн дурынхны тусламжтайгаар Ибрахими гэр бүлийнхээ хамт Афганистанаас дүрвэн гарч, эхлээд Пакистан, дараа нь Канад руу дүрвэж, өнөөдрийг Афганистан охидын төлөө дуу хоолойгоо өргөсөөр иржээ. Тэрбээр "Her Story" сайтыг үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь афган охидод Афганистанд байгаа хүмүүсийн дуу хоолойг онцолж, өөрсдийн түүхээ хуваалцахыг уриалах зорилготой байгуулагджээ.
Ибрахими өнгөрсөн жил Женевийн Хүний эрх, ардчиллын дээд хэмжээний уулзалтад хэлсэн үгэндээ, “Өдөр бүр би Афганистанд найдвар тээн үлдсэн охидын тухай боддог. Канадад би зөвхөн өөрийн амьдралын төлөө явж, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хөөж байна. Гэхдээ тэд яах билээ" хэмээжээ.
Талибууд засгийн эрхийг авсныхаа дараа 12-оос дээш насны охидын сургуулийг хаасан. Афганистанд өсвөр насны охид сурах, ажиллах эрхгүй бөгөөд зөвхөн эрэгтэй хамаатан садантайгаа гэрээсээ гарч болно. Тэд олон нийтийн өмнө ярьж болохгүй, мөн толгойгоо хөл хүртэл халхлах ёстой байдаг. Тэд цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын заал болон бусад нийтийн байгууламжийг хувийн сонирхлоор ашиглаж болохгүй. Мөн зорчих хөдөлгөөн хийхдээ заавал зөвшөөрөлтэй авах ёстой ажээ.
Энэ хязгаарлалт нь Талибууд Афганистаны ирээдүйг бүхэлд нь өөрчлөх харгис бодлого хэмээн олон улс шүүмжилсээр ирсэн. Өнгөрсөн долоо хоногт Талибанчууд олон нийтийн өмнө цаазаар авах ялыг гүйцэтгэсэн бөгөөд НҮБ-ын өндөр албан тушаалтнууд тэдэнд ийм үйлдлээ нэн даруй зогсоохыг уриалсан.
НҮБ-ын Афганистан дахь Тусгай илтгэгч Ричард Беннетт цаазаар авах ялыг "хүний эрхийг илт зөрчиж байна" гэж мэдэгдсэн даруй Талибууд Беннеттийг суртал ухуулга тараасан хэмээн буруутгаж, Афганистанаас гарахыг хориглоод байгаа. Герман, Австрали, Канад, Нидерланд улсууд лалын шашны уг харгис бүлэглэлийг Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенцийг зөрчсөн гэж буруутгаж байгаа ажээ.
Талибууд өмнө нь Афганистаны удирдагчдыг хүйсээр ялгаварлан гадуурхсан гэж буруутгах нь утгагүй зүйл гэж мэдэгдэж байсан. Хэвлэлийн төлөөлөгч Хамдулла Фитрат “Афганистанд хүний эрх хамгаалагдсан бөгөөд хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй" гэж итгэл төгс хариулж байсан удаатай.
Л.Баяр