Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулж, төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу энэ оны 4 дүгээр улирлын ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн шалгалтад оролцохоор нийслэлд 2165, улсын хэмжээнд 5011 иргэн бүртгүүлжээ. Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 20-25-нд үргэлжилнэ.
Шалгалтыг өдөрт 4 ээлжээр өгөхдөө, нэг ээлждээ 130 иргэн шалгалт өгөх юм. Энэ оны 1, 2, 3 дугаар улиралд зохион байгуулсан төрийн албаны ерөнхий шалгалтад нийслэлд 5605 иргэн бүртгүүлж, 3963 иргэн шалгалт өгчээ. Үүнээс 1399 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгүүлжээ.