Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 4-7-ны өдрүүдэд БНХАУ-д айчиллаа. Айлчлалын хүрээнд “Huawei” болон “Алибаба групп” компанитай хамтарч ажиллахаар болов. Мөн БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хятадын олон улсын импортын VII экспо”-гийн нээлтэд оролцсон юм. Иймд түүний БНХАУ-д хийсэн айлчлалын эргэн тойронд болсон үйл явдлыг тоймлон хүргэе.
Нэг. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эхлүүлнэ
Олон жил гацаанд байсан “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, Гашуунсухайнт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслүүд хэрэгжих боломжтой боллоо. БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн нэгд нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтдаг. Засгийн газар хоорондын энэхүү зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэж байгаа юм.
“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлснээр баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэж, ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаж, их ачааллын үед төвийн эрчим хүчний системийг дэмжиж ажиллах бололцоо бүрдэнэ.
Хоёр. Засгийн газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллана
Айлчлалын хүрээнд тус улсын Ханжөү хотод байрладаг, дэлхийд нэр хүндтэй “Алибаба групп” компанийн үйл ажиллагаатай танилцжээ. Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх зорилготой байгаагаа илэрхийлсэн. Харин “Алибаба групп” компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Вэнь Жя Тан Монгол Улстай цахим худалдааны платформ хөгжүүлэлт, ухаалаг хотын бүтээн байгуулалт, тус компанийн “Flipig” платформыг түшиглэж хоёр улсын аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлэх зэрэг олон талаар Монгол Улсын төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлжээ.
Гурав. Тагнаж, чагнадаг гэх “Huawei” компанитай хамтран ажиллана
Мөн айлчлах үеэрээ тус улсын “Huawei” компанитай 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахаар болсон аж. Ерөнхий сайдын хамтарч ажиллахаар гэрээг үзэглэсэн “Huawei” компанид дэлхийн арав гаруй улс хэсэгчлэн болон бүтэн байдлаар хориг тавьсан байдаг. Өнөөдрийн байдлаар АНУ, Их Британи, Япон, Австрали, Герман, Итали, Франц, Канад, Португал, Швед, Румын, Эстони, Дани, Шинэ Зеланд зэрэг улсууд “Улсын их өгөгдлийг авч, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” хэмээн тус компанид хориг тавьсан юм.
Энэ мэт дэлхийн улс орнууд Үндэсний аюулгүй байдал, их өгөгдлөө хамгаалахын тулд хориг тавьсаар буй. Гэтэл манай улсын Засгийн газрын тэргүүн БНХАУ-д очив уу, үгүй юу хувийн компанитай хамтарч ажиллахаар ажлын хэсэг байгуулчихав.
Дөрөв. Шанхай-Экспогийн нээлтэд оролцов
БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хятадын олон улсын импортын VII экспо”-гийн нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэв. “Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриан дор болж буй энэ удаагийн экспогийн нээлтийн ёслолд Пакистан, Серби, Словак, Узбекистан, Малайз, Казахстан зэрэг орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хамт тэрбээр хүндэт зочноор оролцож байна. Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд парламентад суудал бүхий улс төрийн бүх намын удирдлага, Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүний хамт “Шанхайн экспо”-д өргөн бүрэлдэхүүнтэй, хувийн хэвшлийн олон төлөөлөлтэй оролцож буйгаараа онцлогтой аж.
Д.Батчулуун