БАРИМТ 1
Бан Ги Мүн нь 1944 оны зургаадугаар сарын 13-нд буюу одоогийн Өмнөд Солонгос улс Японы Эзэнт гүрний харьяалалд байх үед Хойд Чүнчонг мужийн Хаенчи гэх тариалангийн жижиг тосгонд мэндэлсэн. Гэвч тэд удалгүй түүний гэр бүл Чунжү хот руу нүүж, түүний аав агуулахын бизнес эрхлэх болсон.
БАРИМТ 2
Түүний гэр бүлийн бизнес дампуурснаас гадна тун удалгүй Солонгосын дайн дэгдсэнээр, Бан Ги Мүн зургаан настай байхдаа гэр бүлийн хамт алслагдмал уул руу дүрвэж дайн дуустал тэндээ бүгсэн.
БАРИМТ 3
Дайны дараа Бан Ги Мүн сургуульд элсэн орж, хичээлдээ маш сайн байсан ба дунд сургуульд байх үедээ эсээ бичлэгийн тэмцээнд түрүүлж АНУ-ын Сан Франциско хотод хэдэн сарын турш амьдрах аяллын эрхээр шагнуулсан. Тухайн үед АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедитэй уулзсан тэрбээр сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Би том болоод дипломат төлөөлөгч болохыг хүсэж байна” хэмээж байжээ.
БАРИМТ 4
Бан Ги Мүний хобби нь ном унших бөгөөд хүүхэд байх үеэсээ номд дурласан нэгэн юм. Мөн Солонгосын алслагдсан хөдөө нутагт өссөн түүнд боловсролын тэгш бус байдал үргэлж ажиглагддаг байсан бөгөөд түүний онцгой анхаарал хандуулж ажилладаг сэдвүүдийн нэг нь боловсролын тэгш бус байдал юм.
БАРИМТ 5
Бан Ги Мүн Солонгос үндэсний хоол болон даршилсан хачруудыг Олон улсын айлчлалын үеэр хүртэл авч явах хэмжээний их дуртай. Тэрбээр “Солонгос үндэсний хоолнууд амттайгаас гадна хүний эрүүл мэндэд маш сайн тул би өдөр бүр идэхийг хичээдэг” хэмээн хэлж байсан.
БАРИМТ 6
Бан Ги Мүн нь солонгос, англи, франц гэх гурван хэлээр ярьдаг. Сөүлийн их сургуулийг 1970 онд гадаад харилцааны чиглэлээр төгссөнийхөө дараа Солонгосын гадаад хэргийн шалгалтад хамгийн өндөр авсан тэрбээр Солонгосын Гадаад Хэргийн Яаманд 1970-1981 оны хооронд ажилласан.
БАРИМТ 7
Үүний дараа мастерын зэргээ Харвардын их сургуульд төрийн захиргааны чиглэлээр хамгаалахаар Бан Ги Мүн АНУ-ыг зорьсон. АНУ-ын алдарт улс төрч Жозеф Най Харвардын их сургуульд Бан Ги Мүний профессор байсан бөгөөд “Бан Ги Мүн бол тэсвэр тэвчээр, даруу байдал болон аналитик сэтгэлгээ нарыг хослуулсан маш ховор зан чанартай нэгэн” гэж хэлж байсан.
БАРИМТ 8
Бан Ги Мүн өөрийн гэр бүлдээ онцгой анхаарал хандуулдаг нэгэн. Түүний эхнэрийг Юү Сүн Тэк гэдэг ба тэд ахлах сургуульд байхдаа танилцсан. Тэд гурван хүүхэдтэй (2 охин, 1 хүү) бөгөөд гэр бүлээрээ дэлхий дахины төлөөх хүмүүнлэгийн аянд идэвхтэй оролцдог. Гурван хүүхэд нь бүгд өндөр боловсролтой ба том охин нь Солонгосын санд, хүү нь Нью-Йорк дахь хөрөнгө оруулалтын фирмд, бага охин нь ЮНИСЕФ-д ажилладаг.
БАРИМТ 9
Бан Ги Мүний хэлэлцээр хийх чадвар бусдаас өөр түвшинд очсон хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг. Солонгос улсын гадаад хэргийн сайдаар Хойд Солонгосын төлөөлөгчидтэй хэлэлцээр хийдэг байсан нь түүний ур чадварыг батална.
БАРИМТ 10
Бан Ги Мүн 2004-2006 оны хооронд Өмнөд Солонгосын Гадаад Хэрэг Худалдааны сайдаар, 2007 оны нэгдүгээр сарын 1-ээс 2016 оны арван хоёрдугаар сарын 31 хүртэл НҮБ-ын ерөнхий нарын бичгийн даргаар тус тус ажиллаж дэлхий дахинд чухал нөлөө үзүүлсэн олон үйл ажиллагаанд чухал үр нөлөө үзүүлсэн.
БАРИМТ 11
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоноор Бан Ги Мүн нь төрөлх Чунжү хотынхоо баатар нь болсон бөгөөд түүний сонгуулийн үр дүнг Чунжү хотын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд 50.000 хүн цуглаж тэмдэглэж байсан удаатай.
БАРИМТ 12
Бан Ги Мүн нь НҮБ-ын нарын бичгийн албыг хашсан хоёр дахь Зүүн Азийн төлөөлөл болсон. Түүний дэлхийн цаг уурын өөрчлөлтийн тухай асуудалд тууштай анхаарал хандуулж олон тооны төслийг хэрэгжүүлсэн үйл хэрэг нь дэлхийн удирдагчдыг нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг эхлүүлэхэд томоохон үр нөлөө үзүүлсэн.
БАРИМТ 13
Бан Ги Мүний Солонгосын дайны үеэр өнгөрүүлсэн он жилүүд нь түүний дэлхийн энх тайван болон олон улсын хамтын ажиллагааны төлөө тууштай зүтгэх үйл хэрэгтэй нь гүн холбоотой. Үүнээс гадна Бан Ги Мүн нь хүйсийн тэнцвэртэй байдлын төлөө тууштай тэмцэж, дэлхий даяар эмэгтэйчүүдэд тэгш эрх олгох зорилгоор НҮБ-ын Эмэгтэйчүүд гэх санаачилагыг хүртэл гаргаж байсан.
БАРИМТ 14
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдохоосоо өмнө Бан Ги Мүн нь Хойд болон Өмнөд Солонгосын хоорондох олон төрлийн асуудал дээр ажиллаж байсан бөгөөд ялангуяа түүний цөмийн зэвсгээс ангижрах тухай хийсэн хэлэлцээрүүд нь алдартай. Хоёр Солонгосын хурцадмал нөхцөл байдлыг Бан Ги Мүний хэлэлцээр хийх чадвар тодорхой хэмжээнд бууруулсан хэмээн мэргэжилтнүүд үздэг.
БАРИМТ 15
НҮБ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ Бан Ги Мүн нь дэлхийн дор хаяж 155 орноор айлчилсан нь түүнийг хамгийн олон оронд айлчилсан НҮБ-ын нарийн бичгийн даргын нэг болгодог. Энэхүү олон тооны гадаад айлчлалаас түүнийг ажилдаа хэрхэн өндөр ач холбогдол өгдөг нэгэн гэдгийг харж болно.
БАРИМТ 16
155 орноор айлчлах үедээ Бан Ги Мүн нь ядуурал, бохирдол, халдварт өвчин, зэвсэгт мөргөлдөөн гэх мэт асуудлуудыг бууруулах зорилгоор Африк тивийн бүх орноор айлчилж нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцсан
БАРИМТ 17
Бан Ги Мүн нь “Хамгаалах Хариуцлага” буюу “Хэрэв аливаа улс орон өөрийн ард иргэдээ геноцид, дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэргээс хамгаалж чадаагүй тохиолдолд олон улсын нийгэмлэг гаднаас нөлөөлөх ёстой” гэх үзэл баримтлалыг дэвшүүлсэн нэгэн юм. Энэхүү үзэл баримтлал нь дэлхий нийтийн Сири болон Ливийн нөхцөл байдалд үзүүлсэн хариу үйлдэлд том нөлөө үзүүлсэн.
БАРИМТ 18
Хэдийгээр зарим улс орнууд түүний эсрэг үзэл бодолтой байсан ч Бан Ги Мүн нь ижил хүйстнүүдийн эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулж, НҮБ-ын эрхэм зорилгод хүний эрхийг дэмжих ажлыг багтаасан. Түүний хатуу байр суурь нь бэлгийн чиг хандлага болон хүйс харгалзахгүйгээр хүн бүр тэгш эрхтэй байх ёстой гэх үзэл бодол дээр тулгуурласан.
БАРИМТ 19
2014 онд Эбола вирус Африк тивийн Баруун бүсэд тархах үед Бан Ги Мүн онцгой үр нөлөө үзүүлж НҮБ-ын зүгээс анхны эрүүл мэндийн яаралтай тусламжийн төлөөлөгчийн газрыг байгуулж, тахалтай тэмцэхэд дэлхийн өнцөг булан бүрээс нөөцийн бүтээгдэхүүнүүдийг цуглуулах төслийг хэрэгжүүлсэн.
БАРИМТ 20
Бан Ги Мүн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны системийг шинэчилж, үйл ажиллагааг илүү аюулгүй байлгах, энхийг сахиулагчдын хэрэглэдэг тоног төхөөрөмжийг шинэчлэх, тэдний аюулгүй байдлыг нэн түрүүнд тавих гэх мэтээр ажилласан. Мөн түүний ачаар НҮБ болон Монголын энхийг сахиулагчдын хамтын ажиллагаа идэвхжиж, манай улсын цэнхэр дуулгатнууд дэлхийн энхийг сахиулах үйлсэд хувь нэмрээ оруулах боломж илүү их болсон. Бан Ги Мүн дэлхийн энх тайвны төлөө хувь нэмэр оруулж буй жижиг улсуудын жишээгээр Монгол Улсыг нэрлэдэг.
БАРИМТ 21
Түүний дэлхийн хэмжээнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол улсын адилаар төрийн дээд шагналаар Өмнөд Солонгос, Австри, Бразил, Перу, Алжир, Филиппин гэх зэрэг олон тооны улс орнууд шагнасан байдаг.
БАРИМТ 22
Бан Ги Мүн нь НҮБ-ын нарийн бичгийн даргын хувиар 2009 онд Монгол Улсад айлчилж, ардчилал болон байгаль орчны тогтвортой байдлын төлөө тууштай тэмцэж буйг өндрөөр үнэлсэн. Мөн түүнээс гадна цөлжилт, дэлхийн дулаарал, сэргээгдэх эрчим хүчийг сэргээх гэх мэт асуудлууд дээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан ихээхэн дэмжлэг үзүүлсэн.
БАРИМТ 23
НҮБ-ын нарийн бичгийн даргын ажлаасаа хүлээлгэн өгч тэтгэвэртээ гарсан хэдийнээ ч Бан Ги Мүн дэлхий дахинд байгаль орчин, хүмүүнлэгийн асуудлаар идэвхтэй байсаар байна. Цаг уурын өөрчлөлт түүний хамгийн их анхаарал хандуулж буй сэдэв ба жижиг арлын орнуудын дуу хоолой болж дэлхий нийтийн томоохон хурал, үйл ажиллагаанууд дээр өөрийн үзэл бодлоо илэрхийлсээр явна.
БАРИМТ 24
Бан Ги Мүн нь НҮБ-ын долоо дахь нарийн бичгийн дарга Кофи Аннантай анд нөхрийн харьцаатай байсан. Кофи Аннан түүнийг НҮБ-ын нарийн бичгийн даргын суудалд суухад зориулан бэлтгэж, НҮБ-ын үнэт үнэ чанаруудыг эрхэмлэн дээдлэхэд сургасан гэдэг.