Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улсын эрчим хүчний систем 102 жилийн түүхтэй. Сүүлийн 34 жил бид нэг нийгмээс нөгөөд шилжиж байгаа цаг хугацааг туулж байна. Монголын эрчим хүчний системд хосолсон хүндрэл бий. Эрчим хүчний энергийн хэрэглээ жилд дунджаар 7 орчим хувьтай, оргил ачааллын үед 12 хувь хүртэл өсөж байна. ТЭЦ 3-тай тэнцэх хэмжээний станцыг ашиглалтад оруулах шаардлагагтай. Эрчим хүчний хэрэглээ ойрын жилүүдэд буурахгүй нь ээ. Манай улсын нэг хүнд ногдох цахилгаан эрчим хүчний хэрэглээний хувьд дэлхийн хөгжингүй орнуудтай харьцуулахад олон арав дахин бага байгаа. Хоёр хөрштэйгөө харьцуулахад 4 дахин бага байна. Тиймд эрчим хүчний хэрэглээний өсөлт ойрын 5-10 жилийн хугацаанд явагдах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Дайнаас шалтгаалаад дэлхий нийтээр үнийн өсөлттэй тулгарсан. Иймээс эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж эхэлсэн. Зах зээлийн харилцаанд шилжиж чадаагүй салбарын нэг нь эрчим хүчний салбар. Эрчим хүчний борлуулалтын үнийг төрөөс тогтоож, тариф болгон улс орон даяар мөрдүүлдэг. Зардал нь зах зээлийн ханшаар гардагаас шалтгаалаад сүүлийн жилүүдэд өссөн.
Богино хугацаатай өр төлбөр өнгөрсөн жил 357 тэрбум байсан. Энэ жил 270 тэрбум төгрөг, эрчим хүчний уурхайнуудын алдагдал 80 орчим тэрбум төгрөг, урт хугацаатай өр төлбөрийн хэмжээ 1.8 их наяд төгрөг байна.
Тиймд санхүүгийн хувьд тогтвортой байдлыг хангахад хүндрэлтэй болсон. Өнөөдрийн байдлаар цахилгаан эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлээд дундаж үнэ нь 216 төгрөг. Энэ хэмжээгээрээ алдагдал хүлээж буй нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулж байгаа. Техник, санхүүгийн хосолсон хүндрэлтэй байгаа. Үүнийг шийдэхийн тулд сонгуулийн дараа МАН олонхийн санал авсан ч эрчим хүч, зорчигч тээвэр гэх мэт суурь салбарын хүндрэлийг шийдэхийн тулд хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Энэ хүрээнд Эрчим хүчний реформыг шийдэх үндэсний хороо байгууллагдаад ажиллаж байгаа. Бид 3 сарын хугацаанд юу хийхээ шийдээд, та бүхэнд танилцуулаад явж байгаа" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)