Засгийн газар 14 мега төсөл гэж чихэн дээр цэцэг ургуулж, тархин дундуур замаа засаж байхад өвөл хаяанд ирчихээд, дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд нэг станц нь "тэг зогсох"-д хүрчихээд байна. Ингээд зогсохгүй цахилгаан түгээх нь хүртэл шугам тоноглолоо сольж чадахгүй байдалтай байна. Гэтэл нийслэлд зам засаж байна, бордюр сольж байна гээд л бөөн юм болсон. Одоо ТЭЦ-3 зогсонги байдалд орох гээд, яс бол үйрч хугараад уначихмаар тоноглолууд нь өгөрч, өвгөрсөн. Энэ станцын үйл ажиллагаа зогсоход хот эхнээсээ хөлдөнө. Эмнэлэг, байр, сургууль гээд л цааш хөвөрнө гэдгийг мэргэжлийн хүн хэлж буй. Өнөөдөр эрчим хүчний үнийг нэмэх эсэх талаар шийдвэрийг гаргаж, танилцуулна. Үүнд нэг чухал зүйл бий, дэлхийн хөгжингүй улсуудын эрчим хүчний үнийг монголтой харьцуулах нь тэнгэр газар хоёр шиг ялгаатай. Гэтэл Б.Чойжилсүрэн сайд аргагүйдсэн хүн шиг энэ тухай яриад зогсоно лээ.
Бид эрчим хүчгүй болчихвол 100 тэрбумын ТЭЗҮ, авто зам дээр хоол, цайгаа буцалгах уу? хүйтэн гэртээ соёлын сайд Ч.Номингийн өгсөн 18.3 тэрбумын тасархай 100 мянган төгрөгийн цахим эрхийн бичгийг нөмрөөд унтах уу? Тог цахилгаан, дулаангүй газар сургалт, сонгон орж чадах уу? Төсөв хэлэлцэж байгаа энэ үед өөдрөг мөрөөдөлдөө умбаж, өнөөдрийн амьдралаа харахаа болив.
Ард иргэд нь өвлийг өнтэй давахгүй ч байж мэдэх нөхцөлд орчихоод байхад Засгийн газрын оруулж ирсэн төсөв хэдэн их наядаар нэмэгдсэн ч хүртээлтэй зүйл нэг ч алга. Төр нь өмчит газраа харж ханддаг байсан бол цөөхөн станцын нэг нь "тэг зогсох нь" гээд байж байхгүй л байв. ЗГ-ын нэг цэгийн үйлчилгээний барилгыг хотын гадаа барихад 676.3 тэрбум төгрөг. Өчнөөн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламж, төсвийн төсөлд тусгагдсан ч асар бүрхэг, хэзээ түүний үр шимийг хүртэх нь бараг л тодорхойгүй. Намууд төсвийн зардлыг бууруулна гэсэн ч эсрэгээрээ "задартал" нь чихсэн байгаа юм. ЕТГ, ЗГХЭГ, Шадар сайд, ТАЗ, Ерөнхий сайд, УИХ-ын ажлын алба бүгд дор хаяж 20-30 тэрбумаар нэмэгдсэн гэж буй. Төсвийг хүртэл "Тэрэлж"-д тавин саяар хэлэлцсэн гэх.
Гэтэл төр гар татахгүй зүйл дээрээ гар татдаг болохын гэрч нь эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал .
Хүүхдүүдэд соёлын үйлчилгээ үзүүлэх зорилгоор эрхийн бичиг олгоно. Үүнд 18.3 тэрбумыг зарцуулах саналтай байгаа юм билээ. Гэтэл... эхлээд тэр хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах наад захын хэрэгцээ хангагдсан билүү? гэдгийг бодохгүй хэрэг үү. Хаа нэг газрын кафед электрон тамхи татаад сууж буй эсхүл амиа хорлож байхын оронд хүүхдүүдэд 100 мянган төгрөгийн эрхийн бичиг хэрэгтэй гэж л хэлнэ лээ. Хүн дуртайдаа амиа хорлодог уу? Тийм сонголт хийхээс аргагүй нийгмийг та нар бүтээсэн биш үү.
Соёлын сайдын санаа нь социализм руу зулран одсон. Ховд аймгийн Жаргалант суманд кино театр барина гэж төсөвт бас л тусгасан. Эхлээд тулгамдаад байгаа асуудлаа шийдве, УИХ-ын гишүүд, Засгийн газрынхаан. Та бүхний хэлэлцэж, хэрэлдэнгээ алдаад байгаа төсвийг бүрдүүлэх гэж ард түмэн хуруу хумсаа хугалж, хугас нойроо ч мартдаг юм. Жаахан хямгад. Үрэхийг нь төр үрж, үүнийг нь иргэд л үүрнэ.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)