Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хүртэхээр болоод буй.
Тэгвэл БНСУ-ын хэвлэлд энэ талаар онцолж, Монгол Улсын төрийн дээд шагналыг хүртэж буй анхны солонгос хүн Бан Ги Мүн болж буйг мэдээлсэн байна.
Тухайлбал,
БНСУ-ын “Yonhap” мэдээллийн агентлаг:
“БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам руу энэ сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнийг төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнахаар шийдвэрлэсэн талаар мэдэгджээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн нь “БНСУ, Монголын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд онцгой хувь нэмэр оруулж, цаашлаад Монгол Улс, НҮБ-ын харилцааг шинэ шатанд гаргахад ч үнэтэй хувь нэмрээ оруулсан” нь уг дээд шагналыг хүртэх үндэслэл болсон талаар дурджээ.”
“ASIATODAY” мэдээллийн сайт:
“НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнийг Монгол Улсын тэргүүн дээд одон "Чингис хаан" одонгоор шагнахаар болжээ. Энэ бол солонгосчуудын хувьд анхны тохиолдол юм.
Түүнчлэн Бан Ги Мүн нь Монгол Улсын тэргүүн зэргийн одонг хүртэж буй хоёр дахь гадаад хүнболж байна. Одон хүртсэн анхны гадаад хүн бол Америкийн монгол судлаач Жэк Уатерфорд юм.
Өнөөг хүртэл “Чингис хаан” одон авсан эрхмүүдээс дурдвал Монгол Улсын анхны Ерөнхийлөгч “Очирбат”, Ерөнхий сайд асан “Бямбасүрэн”, эрдэмтэн “Гончигдорж”, физикч “Намсрай”, Монголын анхны сансрын нисгэгч “Гүррагчаа” зэрэг нийгмийн нэрт зүтгэлтнүүд юм” хэмээн мэдээлжээ.
Сэтгэгдэл (1)