Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг зарчим энд үйлчилнэ. УИХ-ын гишүүнээс буунгуут нь дипломат албанд томилоод гадаад орон руу илгээчихдэг гэм бий. Одоо ч тэр.
"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгээрээ ард түмэнд танигдаж, торгоны хээг хуульчлах талаар үг хэлэн шүүмжлүүлж, Херо Б.Баатарын амраг гэгдэн "улаан хэрүүл" хийж буй бичлэг нь цацагдаад л, шуугиулж байсан улстөрч бол П.Анужин юм. Тэрбээр энэ удаагийн сонгуулийн томсгосон тойрогт өвдөг шороодож, ард түмнээс дүнгээ авсан. Гэтэл төрийнхөн эрхлүүлсээр. Түүнийг Японы Осака хотноо консулаар томилохоор яригдаж буй бололтой. Уг нь дипломат албанд хэл ам таталж байгаагүй, ёс зүйтэй нэгнийг томилмоор юм.
Консулын суудлыг нэгэндээ бэлэг шиг гардуулж балаг тарьдгаа болих болоогүй юу?
Саяхан л Цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконг руу консул болгон илгээх талаар мэдээлэл түгж, иргэдийн анхааралд ормогц таг чиг болов. Хүний нутагт өгзөг барьж, өөрийн улсын нэрийг барсан хүнийг Цэцийн гишүүнээр үлдээсэн л улс. Дээдсийн заяанд төрчихсөн мэт төрөөр өргүүлж, тэтгүүлж, өндөрт залагддаг байдлыг зогсооё.
Ард түмний итгэлийг олж чадалгүй парламентын хаалганы гадна үлдчихээд бүхэл бүтэн улс оронтойг нь төлөөлөөд гадаадад очоод суучихна гэдэг байж болох хэрэг мөн үү. Тэдний өмнө хаалга хаагдана гэж байхгүй, хэсэг хугацааны дараа дахин нээгддэгийн жишээ энэ.
М.Жаргал
Сэтгэгдэл (51)