Цэндийн Нямдорж нэг удаа “Эзнээ харчихаад үхмээр байна” гэж бухимдаж байж билээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр хувьдаа авчихсан Худалдаа хөгжлийн банкны “Сахал” Д.Эрдэнэбилэгийг Монголын эзэн болчихлоо гэж ёжилж хэлсэн нь энэ байв.
Тэгвэл одоо Монгол шинэ эзэнтэй болсон. Эзний суудлыг Д.Эрдэнэбилэгээс залгамжилж авсан хүн нь 1.1 тэрбум ам.долларыг зүй бусаар зарцуулсан байж магадгүй гэсэн дуулианд нэр холбогдоод байгаа “Трафигура”-гийн Э.Жононбаяр.
“Трафигура” гэх компани, Э.Жононбаяр гэх нэр монголчуудад танил болоод төдийлөн удаагүй байна. Гэвч хэдхэн жилийн дотор Д.Эрдэнэбилэгээс эзний суудлыг булааж авах хэмжээнд очсон Э.Жононбаяр гэгч чухам хэн бэ? Эхлээд түүний тухай цухас танилцуулаад өдүүлсэн хэргүүдийг нь удаад нь өгүүлье.
Э.Жононбаяр Тайваньд боловсрол эзэмшсэн нэгэн. Ээж Д.Эрдэнэсүрэн нь ГЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд одоо гол бизнесүүдийг нь хариуцаж ажилладаг гэх. Сэтгүүлч Э.Батцэцэгийн бичсэнээр бол Э.Жононбаяр улстөрчдийг мөнгөөр угжиж, өөртөө давуу байдал үүсгэн хууль батлуулдаг ажээ.
“Трафигура”-д 2012 оноос эхэлж ажилласан тэрээр Монгол дахь гол төлөөлөгч нь болсон. 1.1 тэрбум ам.долларын дуулианд холбогдох хүртлээ Э.Жононбаяр энэ компанийн Монгол дахь захирал, Монголын улстөр дэх нууц ноёнтон явлаа. “Трафигура” нь дэлхийн 36 улсад үйл ажиллагаа явуулдаг Нидерландаас гаралтай компани гэх ч жинхэнэ эзэд нь оросууд байдаг гэсэн мэдээлэл байна.
Энэ компанийн үүх түүх ч яахав, гол нь өдүүлсэн хэргүүд нь чухал учраас ингээд орхиё. Харин “Трафигура” Монголд яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэдэг нь яах аргагүй анхаарах ёстой сэдэв.
Үргэлж л хуурамч шатахуун үйлдвэрлэдэг, хууль батлуулах замаар татвараас зайлсхийдэг гэсэн мэдээлэл эднийхийг дагаж явдаг. Хуурамч шатахуун үйлдвэрлэх замаар их хэмжээний ашиг олохоос гадна иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт ноцтой хохирол учруулж байгааг нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хүртэл ил цагаан илчилж байлаа. Гэвч УИХ-д байтугай Үндсэн хуулийн Цэцэд ч “Трафигура”-гийн “кнопчид” илүү жин дарж байгаа учраас Б.Пүрэвдорж энэ тэмцэлдээ ялагдсан.
Товчхон сануулбал, Онцгой татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2019 онд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж санаачилсан юм. Энэ хуулийн төслийг УИХ 2021 оны долоодугаар сард батласан. Ингэснээр хуурамч шатахуун хийхэд хэрэглэдэг хольц буюу керосин, нафта гэх бодисыг онцгой албан татваргүй оруулж ирдэг байсныг Онцгой татвар буюу тарифын хязгаарлалт тавьснаар хуурамч шатахууныг зах зээлээс шахаж гаргах нөхцөлийг бүрдүүлж өгсөн байдаг юм. Харамсалтай нь энэ хуулийн талаар тус бодисыг оруулж ирдэг талаас маргаан үүсгэж Үндсэн хуулийн Цэц түүнийг нь хүлээж авсан байдаг.
Ийм л юм болсон. Үр дүнд 80 гаруй тэрбум төгрөгийн ашиг хийж, улстөрчдийг, мөн албан тушаалтнуудыг энэ мөнгөөрөө авлигадаж байна гэдгийг Б.Пүрэвдорж гишүүн барим тавим баталж ярьдаг. Арга ч үгүй байх. Э.Жононбаярын гол бизнес нь энэ юм. Тэр өнөөдөр “Аргал ойл”, “Петро хан”, “Хөрс ойл”, “Коммодити транс” зэрэг 10 гаруй компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд ээж Д.Эрдэнэсүрэн нь “Аргал ойл”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Зарим хэвлэлд бичсэнээр “Трафигура Монголиа” компанийн захирал Э.Жононбаяр ОХУ-аас нафта, керосин зэрэг нефтийн дагалдах бүтээгдэхүүнийг татваргүй оруулж ирээд Улаанбаатар, Эрдэнэт хотод байрлах нууц үйлдвэрүүдэд нэрж хуурамч шатахуун үйлдвэрлэдэг гэж бичсэн байна.
Гэхдээ дээрх Э.Жононбаярын гол бизнес боловч тэр өнөөдөр уул уурхайн салбар руу ч гүн орж иржээ. Хамгийн хорлонтой нь тэр, яг л “Сахал” Д.Эрдэнэбилэг “Эрдэнэт”-ийг луйвардаж авдаг шиг, Салхитын мөнгөний ордод өрийн схемээр эзэн сууж чаджээ. Тиймдээ ч тэр Монголын дараагийн эзнээр тодроод байгаа юм. Бас түүнд “тусалдаг” улстөрчид нь Э.Жононбаярын хэр амбицтайг нь ч хэлээд өгч байгаа юм.
Санаж байвал Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа шинэ жилийн орой иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай мэдэгдлийг ард түмэндээ хандаж хэлж байсан билээ. Энэ ч ёсоор 2020 оны сонгуулийн өмнө энэ хуулийг нь Г.Занданшатар даргатай парламент баталж, ахмадууд тэтгэврийн зээлээ нэг удаа тэглүүлж байв. Өнгөн дээрээс нь харахад, энэ бол ахмадуудынхаа нурууг нэг удаадаа тэнийлгэсэн сайн үйл мэт. Гэвч үнэн чанартаа тэтгэвэр тэглэсэн энэ мөнгөний эх үүсвэр нь хаанаас гарав, хэн хамгийн их хожив гэдэг тусдаа асуудал юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн биеэр оройлон тусгайгийнхныг дагуулан Салхитын мөнгөний ордыг хувийн аж ахуйн нэгжээс “дээрэмдэж” авч байсныг хүмүүс мартаагүй байх. Буу шийдэм агссан тусгай хүчнийхэн УИХ-ын даргатай хамт уурхай руу нэвтэрч байсан бол, улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ орд газартай холбогдуулан 17 шүүгчийг “авлигач” гэж нэр цохон эрхийг нь хасч байсан юм. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр ийнхүү нэг завинд сууж, нэг орд тойрсон сэдвийг хуулийн ч, хүчний ч талаас нь баглаж авсан нь анхаарал татам үйл явдал яах аргагүй мөн. Хамгийн гол нь ахмадуудын зээлийг тэглэх 911 тэрбум төгрөгийг Салхитын мөнгөний ордыг түшиглэн босгосон нь энэ бүхний тайлал болсон.
“Эрдэнэс Монгол” компанийн дэргэд “Эрдэнэс силвер ресурс” гэж охин компани байгуулан, энэ компанидаа Салхитын мөнгөний ордын лицензийг шилжүүлж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн гэгдэх саяхан шүүхээс ял сонссон Т.Мөнхбаярыг захирлаар нь томилж байлаа. Энэ бол хэдхэн жилийн өмнөх л явдал.
Гол нь Т.Мөнхбаяр энэ компанийн гүйцэтгэх захирал болсон даруйдаа “Трафигура”-тай оффтейк гэрээ байгуулж, Салхитын мөнгөний ордын баяжмалыг өрөнд нь зөөлгүүлж эхэлсэн байгаа юм. 50 сая ам.долларын оффтейк гэрээний хугацаа өнгөрсөн оны дундуур дууссан юм байна. Нэг ёсондоо Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Силвер Ресурс” компани “Трафигура”-д өрөө төлж дуусгасан гэсэн үг. Хамгийн ноцтой нь энэхүү оффтейк гэрээ яг л “Чалко”-д Тавантолгойн ордыг хэрхэн үнэгүйдүүлж өгч байсантай тун төстэй загвартай хийгдсэн бөгөөд Салхитын мөнгөний ордын хамаг үүцийг өгөөд дууссан байх магадлалтай юм байна. Тиймээс ч ихэд нууцалж байгаа оффтейк гэрээ задрахад “Трафигура” ч тэр, “Эрдэнэс Силвер Ресурс” ч тэр хүнд байдалд орохоор байгаа ажээ. Нүүрсний хулгайгаас дутахгүй мөнгөний ордын хулгай илчлэгдэх нь цаг хугацааны л асуудал. “Трафигура” Э.Жононбаяраас салж ахуй энэ цагт Монголын төр ч хатиг бэтгээ шахаад авах хэрэгтэй.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (10)