2025 оны төсөв хэд дахин тэлж, үргүй зардлууд нэмэгдэж байгааг иргэд эсэргүүцэж буй. Түүнчлэн УИХ-ын зарим гишүүд ч энэ асуудлаар гарын үсэг цуглуулж байгаа. Ирэх оны төсвөөс анхаарал татаж буй нэг зүйл нь 18.3 тэрбумын эрхийн бичиг. Энэ эрхийн бичгийг хүүхдүүдэд тарааж, соёл урлагийн арга хэмжээ үзэх болон бусад хөгжих боломжит дугуйлан секцэд явахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой гэх. Ийм эрхийн бичиг социализмын үед ч байгаагүй гэж зарим нэг УИХ-ын гишүүн хэлээд амжсан.
Бидний амьдран буй нийгэмд яаравчлан шийдэх ёстой олон асуудал байгааг салбарын сайд Ч.Номин даанч эргэцүүлэн бодох сөхөөгүй явна.
Бас өөрийн оруулж ирсэн төсвөө олигтойхон тайлбарлах нь битгий хэл, олон нийтийн шүүмжлэлийг "Сэтгэлийг нь сэргэтэл балбасан" болгож, соёл урлаг, спортын салбарт насаараа хадагдан сайд хийж "цээжээрээ хамгаалахдаа тулав". Бүр, харьяа газруудынхаа дарга нарыг төрийн ордонд цуглуулан өмөөрүүлж байгаа нь эмгэнэл юм. Аливааг тайлбарлан таниулах биш, ганц хором зогтусан бодох ч бус тарамдан оддогийн тод жишээ энэ буюу. "Номхон тэмээ ноолоход амар" гэгчээр Ч.Номинг эргээд байгаа юм биш. Номхон тэмээг ноолоход амар" гэгчээр Ч.Номин л энэ салбарыг эргээд байгаа бус уу.
Соёл урлаг, спортыг амьдралд хэрэггүй гэж хэн ч хэлээгүй. Зүрх сэтгэлийн боловсролтой, хүмүүнлэг иргэн болж төлөвшихөд энэ салбарын үүрэг бий. Гагцхүү эрүүл аюулгүй амьдрах боломж, амьд явах эрх нь цаг тутам зөрчигддөг, төрийн шийдвэр нь түмэндээ хүрдэггүй энэ нийгэмд нэг оны төсвөөс 18.3 тэрбумыг зарцуулаад ч амжилт олох нь юу л бол. Хүүхдүүд ямар ч нийгэмд амьдарч байсан сэтгэлдээ гэрэлтэй, мөрөөдөлтэй, итгэл найдвартай явдаг. Гэвч монголын өнөөдөр бол гэнэтхэн л тосон авах "харанхуй гудамж"-наас эхэлж байна.
Сайд "муйхарлан зүтгээд, асуудлын учрыг тунгаан бодохгүй" гэдгээ цахим хуудас дахь бичсэн сэтгэгдэлээрээ тов тодорхой харуулсан. Хэтэрхий энтертаймент хүн бодит амьдрал дээр бууж ирэх хүртлээ ихээхэн замыг туулах нь ч аргагүй биз. Бид урлагийн боловсролоор дамжуулан гоо зүйд суралцаж болно. Гэхдээ тог цахилгаан нь тасрахад бэлээхэн, хорт хавдраар өвчлөгсдийн тоо улам нэмэгдэж буй энэ мөчид гэнэтхэн эрхийн бичиг атгаад гараад ирэх нь олны дургүйцлийг хүргэхээс ч аргагүй юм.
Ирэх оны төсвийн саальчид саваа бэлдээд тун завгүй явахад Ч.Номингийн "таахалзах" нь гайхах ч юм биш биз. Эхлээд эдийн засгаа бодохгүй юм уу. Эдийн засаг хэвтэрт ороход иргэд л элгээрээ мөлхдөг шүү дээ. Эрх мэдэлтнүүд харин бүр дараачийн оны төсвөө бодож суудаг гэвэл худал болохгүй.
М.Жаргал
Сэтгэгдэл (5)