УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Алдагдал зарлагыг нөхөх орлого, татвартаа найдаад л сууж байгаа. ААН-ийнхээ татварыг нэмэх гээд байгаа юм уу? Тэд нар бүр сөхөрч байгаа шүү дээ. Тийм хэцүү байхад ийм данхар төсөв оруулж ирж болох уу. Ирэх онд ДНБ-ий өсөлтийг 7.5 хувиар бодсон ч гэсэн цаашид буурна гээд төсөөлчихсөн байгаа шүү дээ. Инфляцын шок нь хавар илрээд хоёр оронтой тоо руу ороод ирэх нь гэж ОУ-ын байгууллагууд хэлээд байна. Тэгэхээр тэртэй, тэргүй сөхөрч байгаа ард түмэн яах вэ? Урсгал зардал, олон гадаад айлчлал, тавилга, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнээ болиод төсвийн зарлагаа танавал яасан юм бэ? Энэ бол Засгийн газрын хариуцлагагүй ажил. Энэ удаагийн парламент өөрчлөлт оруулахгүй бол түүхэндээ анх удаа төсөв танаагүй парламент болох юм билээ. Өмнө нь 300, 400 тэрбумаар танаж байсан юм билээ. Энэ удаад 30 тэрбумаар танах уу, үгүй юу. Ийм нэртэй алдаршиж үлдмээргүй байна" гэв.
М.Жаргал