1992 оноос эхлэлтэй Монгол улсын Их хурлын ээлжит сонгууль ес дэх удаагаа болж, анх удаа бид 126 гишүүн сонголоо. Сонгуультай жилийн наадмын өнгөөр бид ирэх дөрвөн жилийнхээ аз хийморь, хувь заяаг зөгнөн билэгшээдэг уламжлалтай. Тэгвэл бид та бүхэнд сонгуультай жилийн түрүү бөхчүүдийг онцолж байна.
1992 оны наадам
1992 онд Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ тав дахь удаагаа түрүүлэв. Үүний яг өмнөх жил тэрбээр долоо давж, наймын даваанд "инээдэг" хочит Пунцагийн Сүхбат гардид унаж байсан юм. Энэ цагаас хойш Б.Бат-Эрдэнэ аварга 1999 оныг хүртэл тасралтгүй найм түрүүлсэн түүхтэй.
Тухайн жил Архангай аймгийн Булган сумын харьяат бөх Улсын хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэ начин цолтой үзүүрлэж, заан болж байв. Их шөвөгт гарди П.Сүхбат, заан Д.Хишигдорж нар шалгарч байжээ.
2004 оноос хойш тасралтгүй төрийн түшээ хийсэн Б.Бат-Эрдэнэ анхны сонгуулийн жил түрүүлсэн билэгшээл энд оршвой.
Энэ онд Анхны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэд 76 суудлын 70-ыг нь авсан бол сөрөг хүчин 5-хан суудалтай (МСДН - 1, МоАН, Нэгдсэн Нам, МҮДН-ын эвсэл-4) хоцорчээ. Бие даан нэр дэвшиж сонгогдсон Гэндэнсамбуугийн Зуунай нь МАХН-ын гишүүн юм. Уг сонгууль нь томсгосон мажоритар системээр буюу, аймаг дүүргүүдийг нэг тойрог болгон, тойрог тус бүрээс 2-4 хүн сонгогдож байв.
1996 оны наадам
1996 оны Улсын баяр наадамд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ес дэх түрүүгээ хүртэж байсан юм. Арслан Д.Мөнх-Эрдэнэ мөн л үзүүр булааж, нэг ёсондоо тэднээс үзэгч түмэн уйдаж, зургаан залуу зааны хэн нь түрүүлэх бол хэмээн хүлээж асан цаг хугацаа л даа. Б.Бат-Эрдэнэ аварга сонгуультай жилийн наадамд хоёр удаа түрүүлсэн амжилтыг үзүүлжээ.
Энэ жил Улсын аварга О.Балжинням их шөвөгт үлдсэн. Мөн зургаан залуу зааны нэг Д.Сумьяабазар анхлан Улсын заан цолонд хүрч байв. Хожмоо тэр ч төрийн түшээ болсон гэхээр билэгшээл буй.
Ташрамд, өнөөх зургаан залуу заанаас Д.Сумьяабазар, А.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг нар төр түшсэн билээ.
Энэ онд Жижигсгэсэн мажоритар систем буюу 76 тойрог тус бүрээс 1 хүн сонгогдсон 1996 оны УИХ-ын сонгуульд МҮАН, МСДН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл 50 суудал авснаар засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсон. Харин МАХН түүхэндээ анх удаа сөрөг хүчин болсон тус сонгуулиар 25 суудал авч, үлдсэн нэг суудлыг МУНН (Очирбатын Дашбалбар) эзэлжээ.
2000 оны наадам
Шинэ мянганы анхны наадам, АХ-ын 79 жилийн ойгоор Дархан аварга А.Сүхбат зургаан залуу зааны зул задалж арслан цолтон болж байв. Энэ жил түүний хүргэн ах Э.Эрдэнэчулууны уясан алдарт ах шарга азарга соёолон насандаа анхны түрүүгээ хүртэж байсан түүхтэй.
Улсын заан Г.Гантогтох тэр хоёр үзүүр түрүүнд шалгарсан нь олныг уйдаасан Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ нарын ноёрхлыг тас цавчсан үйл явдал байлаа. Их шөвөгт Б.Бат-Эрдэнэ аварга шалгарав. Мөн Улсын заан цолоо нэг удаа батлаад байсан Г.Өсөхбаяр аварга хоёр дахиа баталж байв.
Үнэхээр л билэгшээл дагаж А.Сүхбат ч УИХ-ын гишүүнээр сонгогдож байлаа. Тэр мөн 2001 оны АХ-ын 80 жилийн тэгш ойд 10 даван түрүүлжээ.
Энэ жил Сонгуулийн тогтолцоо өмнөхтэйгээ ижил байсан бөгөөд МАХН 72 суудал авч үнэмлэхүй олонхи болж, МҮАН, МШАН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл, ИЗН, Ногоон Намын "Иргэний Зориг-Ногоон Нам" эвсэл, Эх Орон-МАШСН тус бүр 1 суудал авч, бие даагч 1 хүн (Ламжавын Гүндалай) сонгогджээ.
2004 оны наадам
2004 онд А.Сүхбат гурав дахиа түрүүлсэн юм. 2000, 2001 онуудад түрүүлж, 2002-2003 онд их шөвөгт шалгарсан түүний хувьд энэ жилийн түрүү их л амттай байсан гэлцдэг. Уг хоёр жилд Г.Өсөхбаяр дараалан түрүүлээд байв. Эдгээр он жилүүд бол зургаан залуу зааны аралцаан байсан.
Энэ жил Г.Гантогтох хоёр дахиа үзүүрлэсэн. Д.Сумьяабазар, Ц.Цэрэнпунцаг нар их шөвөгт шалгарчээ.
Үнэхээр л төрийн түшээ болох хүн л сонгуультай жил түрүүлдэг гэдгийг дархан аваргууд баталжээ. Эл онд зургаа давсан Б.Бат-Эрдэнэ аварга анх удаа УИХ-ын гишүүн болж байв.
Энэ жил МАХН 36, Ардчилсан Нам, Эх Орон Намын "Эх орон-Ардчилал" эвсэл 36, БНН 1 суудал авч, Ардчилсан Намын 3 гишүүн бие даан нэр дэвшиж сонгогдсон.
2008 оны наадам
2008 онд Улсын баяр наадамд дөрвөн удаа тав даваад байсан Д.Ганхуяг начин анх удаа түрүүлжээ. Зургаан залуу заанд дарагдаж явсан түүний хувьд боломжийг атгасан жил байв. Шинэ цагийн салхи эргэх мэт шинэ үеийн хүчтэнүүд цойлсон наадам.
Үзүүрт Н.Ганбаатар гарди харцага цолтой шалгарч, их шөвөгт Улсын арслан Б.Ганбат заан цолтой, Б.Соронзонболд заан Аймгийн арслан цолтой үлдэж байв.
Энэ жил МАХН 45, Ардчилсан Нам 28, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын "Иргэний эвсэл" 1, ИЗН 1, бие даагч 1 (Зоригийн Алтай) сонгогдсон.
2012 оны наадам
Энэ онд АН түүхэндээ анх удаа олонхын санал авч, Засгийн газраа байгуулсан түүхтэй. Энэ жил Улсын аварга П.Бүрэнтөгс Аймгийн арслан цолноос шууд түрүүлж, Улсын арслан болсон нь хачирхалтай.
Ардчилсан Нам 34, МАН 26, МАХН-МҮАН-ы Шударга ёс эвсэл 11, Иргэний Зориг Ногоон Нам 2 суудал авч, 3 бие даагч сонгогдсон.
2016 оны наадам
Ард түмний хайртай бөх Улсын заан Ч.Санжаадамбын анхны түрүү 2016 онд тохиов. Олны магнайг тэнийлгэж, хүлээлтэд хүрсэн наадам байв. Архангайхан энэ жил одтой наадсан.
Их шөвөгт Улсын аварга Г.Эрхэмбаяр, Даян аварга Н.Батсуурь нар шалгарч байлаа.
Энэ оны сонгуулиар МАН 65, АН 9, МАХН 1 суудал авч, 1 бие даагч сонгогдсон. МАН-ы дарласан, боломжийг хулгайлсан найман эндээс эхлэлтэй.
2020 оны наадам
Өмнөх сонгуулийн жил арслан П.Бүрэнтөгс аварга болсон. Төв аймгийн Эрдэнэ суманд болсон эл наадам цар тахлын хатуу хорионд болсноороо онцлог.
Үзүүр бөх Н.Батсууриас допинг илэрч, түүнд долоо дээр унасан М.Бадарч гарди цолтон болов. Их шөвөгт мөн Б.Пүрэвсайхан заан үлдэж, манлай болсон жил л дээ.
Энэ оны сонгуулиар МАН 62 суудал авч, АН 11 суудал авсан. Мөн "Та бидний эвсэл", "Шинэ хүн электорат эвсэл", бие даан нэр дэвшигч Н.Алтанхуяг нэг суудал авчээ.
Сонгуулийн он жилүүдэд хоёр Дархан аварга цолтон түрүүлсэн нь Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нар юм. Тэд тус бүр хоёр удаа түрүүлжээ. Хачирхалтай нь тэд хоёул хожмоо төр түшилцсэн.Тэднээс хойш Улсын арслан Д.Ганхуяг нэг, аварга П.Бүрэнтөгс хоёр, Ч.Санжаадамба нэг түрүүлжээ. Тэднийг хожмоо төрийн түшээ болох эсэхийг харах л үлдэв.
Энэ жил гэвч хэн түрүүлэх бол?
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)