Баримт 1
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн. Улаангом хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль төгссөнийхөө дараа хойно Екатеринбургийн Уралын политехникийн дээдийг дүүргэсэн түүний ажил амьдралын гараа найзуудынхаа хамт "СП-Каман" компанийг байгуулснаар эхэлдэг.
Баримт 2
Тэрбээр хүнс, барилга, бөөний худалдаа зэрэг бизнес эрхэлж яваад улс төрд хөл тавьсан нь 2006 он. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг Монгол Улсын гурав дахь Төрийн тэргүүнээр ажиллаж байхад Б.Чойжилсүрэн Тамгын газрын дэд даргаар томилогдож байв.
Баримт 3
2008 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход төрөлх нутаг Увс аймгаас нэр дэвшиж, сонгогджээ. УИХ-д анх удаа сонгогдсон түүнийг “нугалах” ажил тухайн үеийн парламентад байж таарав. Өөрөөр хэлбэл, төсөв, мөнгөний холбоотой асуудал бүрийн ард Б.Чойжилсүрэнг томилж, Ажлын хэсгийн ахлагчаар ажиллуулсан байдаг.
Баримт 4
2008 оноос тасралтгүй дөрвөн удаа буюу 16 жил УИХ-ын гишүүнээр ажилласан нэгэн. Тэрбээр төсөв талдаа хариуцлагатай, ханатай үг хэлдэг хүний нэг. Хувийн хэвшлээс парламентад сонгогдсон хүний нэг чанар нь энэ.
Баримт 5
2012 оны сонгууль. Увс аймгаас сонгогдсон Б.Чойжилсүрэнг тойрсон асуудал хөвөрч эхэллээ. Гэвч тэрбээр сонгогчдын санал өгсөн үзүүлэлт, бусдын дайралт, гүжирдлэгт тодорхой хариу өгч, байр сууриа илэрхийлээгүй юм.
Баримт 6
2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН УИХ-д үнэмлэхүй олонхи болж, “Мэргэжлийн” хэмээх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг эмхлэн байгуулах үед Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилж байв.
Баримт 7
Түүнийг эл албан очиход гайхаж, эргэлзэх цөөнгүй хэсэг байв. Улсын төсөв нь таван тийшээ харж, гадаадын хөрөнгө оруулалт тэг зогсож, ам долларын ханш чангарахын хэрээр эдийн засаг нь туйлдаа хүрсэн тухайн үед мэргэжлийн эдийн засагчийг томилсонгүй хэмээн сөрөг хүчин Ардчилсан намынхан ч улстөржүүлж байлаа.
Баримт 8
УИХ-д увсчуудыг төлөөлөн ажиллах хугацаандаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, Үйлдвэржилтийн байнгын хорооны даргаар сонгогдсоны зэрэгцээ Сангийн сайд, Эрчим хүчний сайдаар томилогдон, ажилласан юм.
Баримт 9
Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар томилогдсон өдрөөс ганцхан зүйл түүнийг чиглэж байв. Тэр нь эдийн засгаа эрчимжүүлэх. Энэ хүрээнд Олон улсын валютын сантай гэрээ, хэлцэл байгуулах ажлыг тэрбээр гардан гүйцэтгэжээ.
Баримт 10
Сангийн сайдын алба хашсан нэг жил гаруйн хугацаанд тэрбээр "Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гаргах ганц гарц нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах явдал" гэж үзэн, энэ хөтөлбөрт орсон. Мөн "Намаа бодох уу, улсаа бодох уу гэдэг сонголтоос бид улсаа бодох шийдвэрийг гаргаж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан" гэж тайлбарлаж байв.
Баримт 11
Дээрх хөтөлбөрт Монгол Улс хамрагдсанаар Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэж, мөн хүүхдийн 100 мянган төгрөгийг зорилтот бүлгийнхэнд олгох зэрэг цензур тавигдсан нь “Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын сул тал нь өөрсдийн олж байгаа орлогоо бусдаас хамааралгүйгээр зарцуулах ч эрхгүй боллоо” гэх шүүмжлэл сонсоход хүргэсэн юм.
Баримт 12
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн мэдлийн “Хурд групп” ХХК-д НӨАТ-ын буцаан олголтоос 36 тэрбум төгрөгийг олгосон гэх мэдээлэл гарсан байдаг. Түүний энэ үйлдэл нь УИХ-ын гишүүний ёс зүйг зөрчсөн эсэхийг тодруулахаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан байв. Харин уг асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос шалгаад албан ёсны дүгнэлтээ гаргасан гэдэг.
Баримт 13
Энэ талаар тэрбээр “Монгол Улсад мөрдөж буй НӨАТ-ын тухай хуулийн хүрээнд жил бүрийн борлуулалт, худалдан авалтын зөрүүгээс үүссэн НӨАТ-ын тайлангаа тайлагнаж, НӨАТ-ын буцаан авалтыг хуулийн 15-р зүйлийн дагуу холбогдох харьяа татварын байгууллагад хүсэлт гаргаж илүү төлөлтөө хяналт шалгалтаар баталгаажуулсны үндсэн дээр буцаан олголт авсан.
Баримт 14
Энэхүү үйлдэл нь хууль зөрчсөн явдал биш бөгөөд хуулийн хүрээнд хийсэн татварын буцаан олголт. Олон компаниуд илүү төлсөн татвараа буцаан авдаг. Баримт нь ил тод, нээлттэй байдаг. Гол нь намайг улс төрд байгаа болохоор Сангийн сайд байхдаа улсын төсвийн орлогыг өөрийн компанидаа авчихсан юм биш байгаа л гэж хардаад байгаа юм” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан байдаг.
Баримт 15
Түүний дараагийн сайдын албан тушаал бол Эрчим хүчний сайдын алба. Монгол Улс эрчим хүчний дутагдлаа ОХУ-аас импортолж, хангадаг. Жил бүрийн өвөл эрчим хүчний асуудал хурцаар тавигдаж, эл салбарынхан Монгол Улс хэдийд ч харанхуй болж болзошгүй аюултай нөхцөлд ажиллаж байгаагаа сануулсаар ирсэн бол сайд Б.Чойжилсүрэн “Аргална даа” гэх тайлбараараа шүүмжлэлийн бай болж байв.
Баримт 16
Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр Улаанбаатар хот болон зургаан аймгийн эрчим хүчийг хязгаарлахаас аргагүй болсноо мэдэгдсэн нь монголчуудыг айдаст автуулсан гэж хэлж болно. Учир нь, ОХУ-ын хоёр цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас Монгол Улсад нийлүүлдэг эрчим хүчнийхээ чадлыг бууруулахаас аргагүй болсон нь өвлийн ид ачааллыг хэрхэн давах вэ гэдэг асуудлыг хөндөхөд хүргэсний зэрэгцээ эрчим хүчний том төслүүдээ хэрэгжүүлэхгүй бол улсаараа харанхуй болж, хөлдөхөд ойрхон байгаагийн бас нэг анхааруулга болсон юм.
Баримт 17
Түлш эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд шүдний өвчин болж буй нэг проблем нь Улаанбаатар хотын агаарын бохирдол. Эл асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн төсвөөс 177.5 тэрбум төгрөг гаргуулан, Хятад улсаас хагас коксжсон түлш оруулж ирж, Улаанбаатар хотын тодорхой бүсэд туршилт хийнэ гэсэн нь олны шүүмжлэл хүлээж, энэ асуудлыг зогсоосон.
Баримт 18
Б.Чойжилсүрэн гишүүнтэй холбоотой өөр нэг асуудал нь Өмнөговь аймгийн нутагт орших Тосон бумбын нурууны ойролцоо үйл ажиллагаа явуулдаг "Саус гоби гоүлд транс" компанитай холбогддог.
Баримт 19
Үүнтэй холбогдуулж тэрбээр “Намайг олон жил дагаж байгаа асуудал. 2010 онд энэ лицензийг худалдаж авсан нь үнэн. 2016 онд буцаагаад зарсан. 50 хувь нь минийх. Надаас худалдаж авсан залуус үйл ажиллагаа явуулах гээд бүтэлгүйтэж байна. Бүх бичиг баримтыг нэгтгээд хэрхэхээ шийднэ. Энэ бол бизнесийн эрсдэл юм. Энэ лицензийг надаас худалдаж авсан хүмүүс улс төрөөс хамаарч хэлмэгдлээ" гэсэн байдаг.
Баримт 20
Түүний 2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн орлого 1.5 тэрбум төгрөг, гэр бүлийн орлого 680 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.
Баримт 21
Мөн 1,5 тэрбум төгрөгийн хадгаламжтай аж.
Баримт 22
Хамгийн хачирхалтай нь, барилгын том акул “Хурд групп”-ийн босс нийтийн орон сууцгүй, амины орон сууц, зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай обьект ч байхгүй. Автомашин ч байхгүй. Харин зургаан адуутай гэж мэдүүлжээ. Нийт 40 гаруй компанид хувьцаа эзэмшиж байна.
Баримт 23
Улс төрд хөл тавихаас өмнө тэр ердөө гурван компанитай, хүнсний импорт эрхэлж байсан бол өдгөө барилга, уул уурхай зэрэг мөнгө хамгийн их эргэлддэг, ашиг хамгийн их хийдэг компанийн хувьцаа эзэмшигч болж, томроод буй. Гэсэн ч тэрбээр "бизнест ч, улс төрд ч одтой яваагаа “Би төрөөс төрсөн тэрбумтан биш хөдөлмөрөөрөө өдий зэрэгт хүрсэн” гэдэг.
Баримт 24
Тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд хоёрдугаар тойрогт нэр дэвшиж буй.
Сэтгэгдэл (14)