БАРИМТ 1
Узбекистан бол түүхийн баялаг орон зай юм. Тухайлбал Хива хэмээх хот нь 1220 онд Их Монгол улсын цэргийн довтолгоонд өртөж, улмаар Чингис хааны хүү Цагаадай хааны улсын бүрэлдэхүүнд орж байжээ. Монгол Улс, Узбекистан улс хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Өдгөө тэр цагаас даруй 32 жилийн хойно анх удаа Төрийн айлчлал хийж байна.
БАРИМТ 2
Бүгд Найрамдах Узбекистан Улс нь Төв Азийн далайд гарцгүй орон. Нийт 448,978 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай бөгөөд Таван "Стан"-ы нэг. Казахстан (хойд), Киргизстан (зүүн хойд), Тажикстан (зүүн урд), Афганистан (урд), Туркменистан (баруун урд) улсуудтай хиллэдэг. Тус улсын хүн амын тоо нь 37 сая. Голлох шашин ислам. Узбекистан улсын нийслэл хотыг Ташкент гэдэг бөгөөд албан ёсны хэл нь узбек хэл юм.
БАРИМТ 3
Манай эриний өмнөх VIII-VI зууны үед Узбекистан улсын нутаг дэвсгэр дээр Зүүн Ираны нүүдэлчид Хорезмын эзэнт гүрнийг байгуулсан. Мөн Узбекистан улс нь эртний Персийн эзэнт гүрний нэг хэсэг байсан. Улмаар цаг үеийн уртад Узбекистан улсын нутаг дэвсгэрт олон өөр улс гүрнүүд байгуулагдсан. Мөн эдгээр улс гүрнүүд нь XIII зууны үед Их Монгол улсын эрх мэдэлд орж байсан удаатай.
БАРИМТ 4
19-ээр зууны үед Төв Азийн бүх улс гүрнүүд Оросын эзэнт гүрний нэг хэсэг болсон. Ийнхүү Зөвлөлт Холбоот улсын эзэмшилд орсон узбекчүүд 1924 онд Узбекистаны Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах улсыг байгуулсан. Гэхдээ Зөвлөлт Холбоот Улсын нэг хэсэг хэвээр үлдсэн. Харин Зөвлөлт Холбоот Улсын бутралын үеэр Узбекистан улс нь 1991 оны наймдугаар сарын 31-нд тусгаар тогтнолоо зарласан.
БАРИМТ 5
Узбекистан улс 12 мужаас бүрддэг бөгөөд тус улсын баруун хойд хэсэгт Автономит Бүгд Найрамдах Каракалпакстан гэх улс оршдог. Шавкат Мирзиёевын хувьд 2003-2016 оны хооронд Узбекистан улсын Ерөнхий сайдын албыг, 2016 оноос өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгчийн албыг тус тус хашиж байна. Одоогийн Ерөнхий сайдыг нь Абдулла Арипов гэдэг.
БАРИМТ 6
Тус улсын анхны Ерөнхийлөгч Ислам Каримов 1991 оноос 2016 онд нас барах хүртлээ улсыг удирдах эрх мэдлийг атгаж байсан. Түүний эрин үед Узбекистан улсад хүний эрх ноцтой зөрчигдөж байсан гэдэг. Харин хоёр даахь ерөнхийлөгч Шавкат Мирзиёевын гаргаж буй өөрчлөлтүүдийн ачаар Узбекистан улсын эдийн засаг болон хөрш зэргэлдээх орнууд уруугаа чиглэсэн харилцаа нь сайжирсаар байна.
БАРИМТ 7
Мөн 2016 онд Узбекистан улсын 1991 оны сонгуулиас хойших анхны сонгууль нь зохион байгуулагдсан. Узбекистан улс Төв Азийн хамгийн их хүн амтай улс бөгөөд ард иргэдийн ихэнх хувь нь хөдөө орон нутагт амьдардаг байна.
БАРИМТ 8
Узбекистан улс хөвөн экспортолдог хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаар байранд бичигддэг. Мөн дэлхийн тав дахь том хөвөн үйлдвэрлэгч орон юм. Хөвөнгөөс гадна тус улс нь алт, газрын тос, байгалийн хий, уран зэргийг олборлодог. Байгалийн баялаг ихтэй боловч тус салбараас олсон ашиг нь ихэвчлэн улс төрчид болон засгийн газрын эрх баригчдын халаас руу ордог.
БАРИМТ 9
Түүхийнхээ явцад олон өөр төрлийн эзэнт гүрнүүдийн нэг хэсэг байсан тул Узбекистан улсын хоолны соёл маш өвөрмөц. Хоол хүнс нь Иран, Энэтхэг, Араб, Орос, болон Хятад хоолнуудын холимог гэхэд болно. Үндэсний хоол нь бидний сайн мэдэх “Плов” юм. Харин махны сонголт нь үргэж хонины мах байдаг. Узбек мастер тогооч нар том тогоонд 1,000 эрчүүдийг хооллох хэмжээний плов хийх чадвартай байдаг.
БАРИМТ 10
Узбекчүүд талхыг доошоо харуулан тавьдаггүй. Энэ нь тэдний нэг төрлийн мухар сүсэг бөгөөд азгүйдэл дууддаг гэж үздэг. Узбекистан улсад “Оби нон” гэх дугуй хэлбэртэй талх маш алдартай. Узбексчүүд уг талхыг хэзээ ч идэж дуусгалгүй хаядаггүй ба уг талхтай холбоотой эртний нэгэн уламжлал байдаг. Хэрэв хэн нэгэн алс холын аялалд гарахаар болбол энэхүү талхнаас иддэг бөгөөд гэр бүл нь үлдсэн хэсгийг нь түүнийг эргэж иртэл хадгалдаг гэнэ.
БАРИМТ 11
Узбек эмэгтэйчүүд хэн нэгэнтэй мэндлэхдээ гар барьж болохгүй. Тэд толгойгоо бөхийлгөн баруун гараа зүрхэн тушаа газраа байрлуулж хүмүүстэй мэндэлдэг. Харин узбек эрчүүд хоорондоо гар барихад ямар ч асуудалгүй. Мөн тус улсад хамгийн хүндтэй зочин нь гэрийн хоймор буюу үүднээс хамгийн зайтай хэсэгт залардаг.
БАРИМТ 12
Хууль тогтоох засаглал: Олий Мажлис нь Сенат \дээд танхим, 65 гишүүнтэй\ болон Хууль тогтоох танхим \доод танхим, 150 гишүүнтэй\ гэсэн хоёр танхимаас бүрддэг, байнгын үйл ажиллагаатай. Гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байдаг.
БАРИМТ 13
Узбекистан улсын хамгийн алдартай спортууд бол хөлбөмбөг болон теннис юм. Мөн жүдо, чөлөөт бөх, бокс, унадаг дугуйн спортууд маш өндөр түвшинд хөгжсөн. Узбекистан улсаас төрөн гарсан алдартай тамирчдыг нэрлэвэл Джамолидин Абдужапаров (дугуйн спортын тамирчин), Артур Таямазов (чөлөөт бөхийн олимпын аварга. 2008 болон 2012 оны олимпд түрүүлсэн хэдий ч допингийн асуудлаар медалиа хураалгасан), Эльдор Шомуродов (Италийн Рома клубын тоглогч) гэх мэт үргэлжилнэ. Мөн кураш бөх Узбекистан улсаас үүсэлтэй.
БАРИМТ 14
Гадаад бодлогын хувьд үндэсний ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, харилцан ашигтай, бүтээлч гадаад бодлогыг баримталдаг. Тэргүүлэх зорилт нь "Шинэ Узбекистан-2030" стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэх явдал аж. Түүнчлэн энэ удаагийн айлчлалаар Монгол Улс Элчин сайдын яамаа албан ёсоор нээнэ. Мөн Узбекистаны тухайд Монгол Улсын хөрөнгө оруулагч гэжж харж байгаагаас гадна, энэ чиглэлд хуулийн орчноо сайжруулсан гэдгээ нэн тэргүүн онцгойлж буй аж.
БАРИМТ 15
Нийслэл хот Ташкент нь 1996 онд тохиолдсон газар хөдлөлтийн улмаас дахин баригдаж байсан түүхтэй. Мөн узбекчүүд маш найрсаг, эелдэг хүмүүс. Тэд жуулчдад туслахдаа үргэлж бэлэн байдаг ба гэртээ урих ч үе байдаг. Хэрэв тэд таныг гэртээ урьж байвал эргэлзэх зүйлгүй саналыг нь хүлээн авах хэрэгтэй. Узбекчүүд хүндэлж буй хүнээ л гэртээ урьдаг уламжлалтай гэдэг.
БАРИМТ 16
Узбекистан улс нь далайд гарцгүй орон гэдгийг аль хэдийнээ дурдсан. Тэгвэл тус улсыг хүрээлэн далайд гарцгүй болгодог улсууд нь мөн адил далайд гарцгүй орнууд. Ингэснээр Узбекистан улс давхар далайд гарцгүй орон болж байгаа юм. Тус улсын аль ч гол мөрөн далай тэнгист хүрдэггүй.
БАРИМТ 17
Узбекистан улсын төрийн далбаа цэнхэр, цагаан, ногоон өнгөнөөс бүрддэг. Уг далбааны загварт соёл, бүс нутаг, болон улс төрийн бэлгэдэл шингэсэн байдаг. Өнгөнүүд нь амар амгалан байдал, цэвэр ариун, болон усыг илтгэдэг. Мөн өнгө болгоныг заагласан амьдралын хүч чадлыг илтгэх нарийн улаан зурааснууд уг далбаанд бий. Харин дээд буланд байрлах хавирган сар нь шинээр олж авсан тусгаар тогтнолыг нь илтгэн харуулдаг.
БАРИМТ 18
Узбекистан улсын нутаг дэвсгэрт байдаг Арал тэнгис нь нэгэн цагт дэлхийн дөрөв дахь том дотоодын тэнгис байсан. Гэвч 1960-аад оны үед зөвлөлтүүд хөвөнгийн талбайг усжуулахын тулд усны нөөцөө шавхаж, хортон шавьж устгах химийн бодис болон бордоог ихээр хэрэглэсний улмаас талбайн хувьд хоёр дахин, эзлэхүүний хувьд гурав дахин багассан.
БАРИМТ 19
Өмнө нь хэлсэнчлэн Узбекистан нь байгалийн баялагийн арвин нөөцтэй. Одоогоор 100 гаруй төрлийн эрдэс баялагийг агуулсан 2700 гаруй орд газрыг илрүүлж, 60 гаруй төрлийг эрдэс баялагийг үйлдвэрлэлийн аргаар олборлож байна. Эл улс газрын тос, байгалийн хий, уран, чулуун нүүрсний ихээхэн нөөцтэй. Алтны нөөцөөр дэлхийд 4 дүгээрт, олборлолтын хэмжээгээр 7 дугаарт ордог.
БАРИМТ 20
Узбекистаны газар нутгийн 10 хувийг усжуулалттай газар тариалангийн талбай эзэлдэг. Өдгөө Үндсэн хуульд усны нөөц, газрын хэвлийг хамгаалах шаардлагыг чангатгахаар зорьж байна.
БАРИМТ 21
Тус улсын гадаад худалдааны эргэлт 2023 онд 62,6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 12 тэрбум доллар буюу 24 хувиар өсжээ.
БАРИМТ 22
Узбекистан улсын хамгийн алдартай түүхийн дурсгалт газруудын нэг бол Торгоны зам юм. Мөн тус улсад ховор төрлийн шувуудыг ажиглах, явган аялах, тэмээ унах, цанаар гулгах гэх мэт жуулчдад зориулсан үйл ажиллагаанууд бий.
БАРИМТ 23
Узбекистан улсын бараг л бүх машинууд нь Шевроле үйлдвэрийнх. Учир нь 2008 онд тус улсад уг компанийн үйлдвэр нээгдсэн бөгөөд тус цаг үеэс эхлэн Шевроле машинууд Узбекистан улсад маш хурдан алдартай болсон. Мөн импортоор орж ирдэг машинуудад онцгой өндөр хэмжээний татварыг засгийн газрын зүгээс тавьснаар ард иргэдэд Шевроле үйлдвэрийн машиныг хэрэглэхээс өөр сонголт үлдээгүй.
БАРИМТ 24
Узбекистаны жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх зорилгоор Ташкент хотод худалдаа, бизнесийн тусгай дүүрэг байгуулсан ба 2018 оноос гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар "Хилтон Ташкент" зэрэг дэлхийн томоохон сүлжээ зочид буудал, орчин үеийн орон сууцны шинэ хороолол, худалдааны томоохон төв, үзвэр үйлчилгээний газар бүхий бизнесийн шинэ дүүргүүдийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байна.