Баримт 1
УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатар. Тэрбээр УИХ-д хоёр удаа сонгогдсон улстөрч.
Баримт 2
Тэрбээр дөрөвдүгээр орос дунд сургууль, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, улс төр судлалын мэргэжилтэй, Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэргэжлээр төгсжээ.
Баримт 3
Ажлын гараагаа Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газраас эхэлж байв. Дараа нь Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан.
Баримт 4
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын Гадаад бодлогын зөвлөх болж, их улс төрд хөл тавих замаа зассан байдаг.
Баримт 5
Тэрбээр Ерөнхий сайд асан Сү.Батболдын фракцад харьяалагддаг. Фракцынхаа квотоор Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын алба залгуулж ирсэн гэхэд хэлсдэхгүй л болов уу.
Баримт 6
Гадаад харилцааны сайд болсны дараа туслахаараа ажиллаж байсан Б.Мөнхтүшигийг Лондон дахь Элчин сайдын яаманд атташе, Гадаад харилцааны дэд сайдын алба хашиж байсан Б.Батцэцэгийн туслах Ц.Даваасүрэнг Ром дахь Элчин сайдын яаманд атташегаар томилсон юм. Мөн Ерөнхий сайд асан Сү.Батболдын жолоочоор ажиллаж байсан Ц.Сумъяадоржийг Шанхай дахь Консулын газарт аж ахуйн эрхлэгч-жолоочоор, Бээжин дэх Элчин сайдын яамны I нарийн бичгийн даргаар Ж.Баярмаа нарыг тус, тус томилсон нь Гадаад харилцааны яаманд ажиллаж үзээгүй хүмүүсийг хилийн чанад руу томиллоо гэх хэл амыг дагуулж байв.
Баримт 7
У.Хүрэлсүхийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноор Гадаад харилцааны сайдаас огцорсон.
Баримт 8
2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж, 39,43 хувийн саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдож байв.
Баримт 9
УИХ-д сонгогдсон хугацаандаа Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн өмчит аж, ахуй нэгжүүдийг шинээр нэмж байгуулахыг түр хориглох тухай тогтоолын төсөл, Ломбардын үйл ажиллагааг зохицуулах тухай зэрэг хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.
Баримт 10
УИХ-аас Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг мөн баталсан. Уг хуулийн ач холбогдлын талаар төсөл санаачлагч Д.Цогтбаатар “Хүний эрхийг хамгаалах тогтолцоо өөрөө төгөлдөржиж, шинэчлэгдэж байх ёстой юм. Хүний эрхийг хамгаална гэдэг зөвхөн төр, Хүний эрхийн Үндэсний комиссын ажил биш. Хүний эрхийг хамгаална гэдэг бол заяамал, иргэн бүрийн эрхийн асуудал учраас бүгд нийтээрээ хамгаалж байх ёстой. Иргэн бүрийн эрх хамгаалагдах ёстой” гэдэг байр суурь илэрхийлж байв.
Баримт 11
2016 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг 215 хүний оффшор дансыг ил болгосон баримтыг дэлгэхэд 49 нь Монгол Улсын иргэн байв. Тэрхүү 49 хүний жагсаалтад Д.Цогтбаатар гишүүний нэр багтаж, оффшорчдын тоонд орсон ч тайлбар хийж, няцаасан.
Баримт 12
Тухайлбал тэрбээр “Оффшор данс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Ер нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд гадааддаа оффшор данстай байдаг. “Оюутолгой” компани гэхэд л толгой компани нь Голландад оффшор компанитай. Тухайн үед Австрали талын захирлыг томилох хүртэл Монголын талаас төлөөлөл болоод түр сууж байгаа ч гэсэн хүсэлт тавьсны дагуу би ямар ч цалингүй, зөвхөн нэрээ бүртгүүлж байсан удаатай. Би тухайн үед 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд уг компаниас гарсан. Өөрийнхөө шударгаар олсон мөнгөө дансанд байршуулах буруу юм биш” гэсэн юм.
Баримт 13
Түүний түүх намтарт бизнес хийж мөнгө олж байсан түүх байхгүй.
Баримт 14
Англи, Орос, Кхмер, Тай зэрэг дөрвөн хэлтэй.
Баримт 15
Тэрбээр энэ парламентад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажилласан.
Баримт 16
Тэрбээр 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 50 сая бол гэр бүлийн орлого 942 сая хэмээн мэдүүлжээ.
Баримт 17
Нийтийн орон сууц гуравтай, нийт үнэлгээ нь 854 сая төгрөг аж. Lexus-570 маркын автомашинтай 257 сая төгрөгөөр үнэлсэн байна.
Баримт 18
180 сая төгрөгийн авлагатай бол 948 сая төгрөгийн зээлтэй.
Баримт 19
Линкс поверкоре ХХК, Түмэнгаз ХХК, Аргиба инвестмент ХХК, Нано энержи ХХК, Састэйнабилити Ийст эйжия ХХК ХХК, Эрдэнэс таван толгой ХК, ББ Дент ХХК, И Клиник ХХК, Иксиллион ХХК, Эко баттерэй ХХК, Нано коүтинг монголиа ХХК, Дархан хөгжил Би Ти Пи ХХК-иудад хувьцаа эзэмшдэг.
Баримт 20
УИХ-ын гишүүд Төрийн ордон руу нэвтэрч буй иргэдийн хувцаслалтын шаардлагыг өөрчлөх саналаа Засгийн газарт өргөн барих үеэр Д.Цогтбаатар "Энэ бол зөвхөн хувцаслалтын тухай асуудал биш. Иргэддээ хандах хандлага, шинэ зарчимд нийцэж ажиллах тухай асуудал. Миний хувьд ч залуу байсан. Надад хоёр жинс, нэг пүүзээс өөр хувцасгүй үе байсан. Тиймээс хувцасны код заасан журмыг өөрчлөх хэрэгтэй. Төрийн ордон руу иргэд пүүзтэй ч нэвтрэх эрхтэй” гэж байв.
Баримт 21
Тэрбээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр “Парламентын гишүүд дархан эрхээсээ татгалзах хэрэгтэй. Дархан эрх нь сүүлдээ лай болж байна” гэх асуудлыг хөндөж байв.
Баримт 22
Ингэхдээ “Монгол Улсад иргэд л халдашгүй эрхтэй байх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүний дархан эрх гэж мянган юм ярих юм. Иргэнийхээ л халдашгүй байдлыг ярина уу гэхээс биш дараагийн УИХ хүртэл гишүүд дархан эрхээсээ татгалзчих хэрэгтэй. Яагаад гэвэл ийм байдалтай дархан эрх чинь дархан эрх биш бүр лай болж байгаа юм" гэсэн юм.
Баримт 23
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд аравдугаар тойрогт нэр дэвшиж буй.
Баримт 24
Сонгуулийн хуулийн талаар тэрбээр "сонгууль бол тодорхой хэмжээгээр мөнгө босгож байж явна. Том, жижиг нам ялгаагүй. Хүмүүс мөнгөгүй сонгууль гэж яриад байгаа. Тийм диваажингийн юм байхгүй. Ардчилсан тогтолцоотой улс орнуудад мөнгө босголгүйгээр сонгууль болно гэж байдаггүй" хэмээж байв.
Сэтгэгдэл (6)