Баримт 1
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил. Тэрбээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1964 онд төрсөн. УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа улстөрч.
Баримт 2
Тэрбээр 1982 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар сургууль, 1988 онд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль, 1996 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн Хуулийн Сургуулийг төгссөн. Эрх зүйн бакалавр, Хууль зүйн магистрийн зэрэгтэй.
Баримт 3
Ажлын гараагаа атташегээс эхлүүлж, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчийн газар, Дипломат гуравдугаар нарийн бичгийн дарга болж, карьераа ахиулж байсан тэрбээр хожмоо хоёр ч удаа Гадаад харилцааны сайдаар томилогдон алба хашсан юм.
Баримт 4
Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллах үеэрээ давхар иргэншлийн асуудлыг хөндсөн нь дуулиан тарьсан. XIV Далай ламын Монголд хийсэн гэнэтийн айлчлал түүнийг Гадаад харилцааны сайдын алба хаших цаг хугацаатай давхацсан нь мөн л дуулианы сэдэв болж, Монгол, Хятадын харилцааг хурцатгаж байв.
Баримт 5
Тэрбээр мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хууль зүйн дэд сайдаар ажилласан намтартай. Хууль зүйн сайдын алба хаших үед 2008 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болж, таван залуу амиа алдсан харамсалтай хэрэг болсон.
Баримт 6
Сүхбаатар аймгийн угшилтай С.Мөнх-Оргил гишүүнийг улс төрд татан гаргасан хүнээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг нэрлэдэг ч сүүлийн жилүүдэд MCS –ийн нууц ноёнтноор нэрлэх болсон билээ.
Баримт 7
УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төсөл бүрт нягт нямбай хандаж, нийтийн эрх ашгийг хөндөж буй асуудалд байр сууриа илэрхийлж, засч залруулах оролдлогыг хийж ирсэн хууль тогтоогч.
Баримт 8
Тухайлбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн баасан гаригт Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн танилцуулгыг сонсох үеэр хамгийн шүүмжлэлтэй хандсан гишүүн Ц.Мөнх-Оргил байв.
Баримт 9
Тэрбээр “Бид буруу хууль баталжээ. Нэг ч өдөр шүүгчээр ажиллаагүй хүнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр нэр дэвшээд ороод ирэх бололцоог бүрдүүлсэн байна. УИХ бурууг өөр дээрээ авах ёстой" гэсэн байдаг.
Баримт 10
Тэрбээр Орос, англи, франц хэлтэй.
Баримт 11
2021 онд НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын гишүүнээр сонгогдсон байдаг. Нийт 48 улсын нэр дэвшигч 34 гишүүний суудалд өрсөлдөхөд Олон улсын эрх зүйн комиссын 2023-2027 оны гишүүний сонгуульд ялалт байгуулжээ. Энэхүү комисс нь НҮБ-ын хүрээнд олон улсын эрх зүйг хөгжүүлэх, системчлэх, олон талт конвенц, зарчмуудыг боловсруулах, зөвлөмж гаргах үүрэгтэй аж.
Баримт 12
2008 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал үймээн болон хувирч, таван залуу амь насаа алдсан эмгэнэлт хэрэг явдал болсон. Тухайн үед Онц байдлын штабыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил удирдаж байсан.
Баримт 13
Тэрбээр 2012-2016 оны хооронд улс төрөөс түр завсарлага авсан нь дээрх үйл явдалтай холбогдсон байж мэдэх ч удаан хугацаагаар өөртөө чөлөө өгөхийг хүсээгүй юм. 2016 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэнээр парламентад дахин сонгогдсон.
Баримт 14
Тэрбээр хамгийн сүүлийн сонгуулиар Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж, 36,7 хувийн саналаар УИХ-д сонгогдсон.
Баримт 15
АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 48 сая төгрөг, гэр бүлийн нийт орлого 1,1 тэрбум төгрөг хэмээн мэдүүлжээ.
Баримт 16
Мөн 6.9 тэрбум төгрөгийн хадгаламж, нэг тэрбумаар үнэлэгдэх амины орон сууц, 170 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus 570 машинтай.
Баримт 17
72 сая төгрөгийн үнэт эдлэл, 2 тэрбум төгрөгийн авлага. 410 сая төгрөгийн зээлтэй аж.
Баримт 18
Энэ парламентад Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажилладаг.
Баримт 19
Тэрбээр өнгөрсөн хугацаанд Өмгөөллийн тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Иргэний бүртгэлийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажиллан, УИХ-аар батлуулжээ.
Баримт 20
Түүнийг улс төрийн хүрээнд эзэмшсэн мэргэжлээрээ мэргэшиж ажиллаж байгаа парламентч гэж тодорхойлдог.
Баримт 21
Түүний боловсруулсан Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга нэлээд маргаан дэгдээсэн. Тухайлбал, хуулийн төсөлдөө Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа 24 хүн дотроосоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллах хүний нэрийг өгдөг байх өөрчлөлтийг тусгасан.
Баримт 22
Энэ талаар тэрбээр “Хүний үндсэн эрхийн маргааныг ҮХЦ-ээр хэлэлцдэг болох гэж байгаа учраас шүүхийн дадлага туршлагатай хүмүүс тэнд сууж нь зүйтэй” гэсэн байдаг.
Баримт 23
Тэрбээр Ерөнхий сайд болж болох хүнд нэрлэгддэг. Энэ нь ч байж болох л хүлээлт байсан. Гэвч эдүгээ энэ хүнээс тэрхүү наалдал, хүлээлт алсарч буй.
Баримт 24
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй аж. Учир нь түүний нэр намын жагсаалт болон тойргоос нэр дэвшигчдын жагсаалтад байхгүй байна.
Сэтгэгдэл (9329)