Баримт 1
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн. Тэрбээр Хөвсгөл нутгийнх. ЗХУ-ын Украины Харьковын политехникийн дээд сургуулийг 1989 онд, Удирдлагын академийн Бизнесийн удирдлагийн менежерийн ангийг 1994 онд, Япон улсын Сайтомогийн их сургуулийн эдийн засгийн ангийг 1998 онд дүүргэсэн, эдийн засаг, удирдахуйн ухааны магистр гэсэн өгүүлбэр намтарт нь дурайдаг. Эндээс үзвэл, эзэмшсэн боловсролын хувьд өөлөх юмгүй.
Баримт 2
Эрчим хүчний автоматикийн инженер мэргэжилтэй. 1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажиллаж байгаад 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтнээр ажиллах болжээ. Энэ хоорондоо Япон улсад эдийн засгийн магистр хамгаалж ирээд Сангийн яамны газар, хэлтсийн даргаар ажиллажээ. Улмаар Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын даргаар таван жил ажиллаж, 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан.
Баримт 3
Яг энэ үеэс буюу 2005 оноос Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөхөөр ажиллах болсон байна. Тухайн үед Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар У.Хүрэлсүх ажиллаж байжээ. Ингээд 2008 онд УИХ-ын ээлжит сонгуульд төрөлх нутгаасаа нэр дэвшсэнээр өдгөө Их хуралд дөрвөнтөө сонгогдсон.
Баримт 4
Уг нь МСДН-ын гишүүн байсан. Нам нь нүд анихтай уралдан МАН-д дагаар орсон гэх хов байдаг. Гэвч МАН түүнийг намаасаа хөөж байсан удаатай. Тодруулбал, УИХ дахь МАН бүлгээсээ гарахаа зарласны дараа буюу 2012 оны тавдугаар сард МАН Бага хурлаасаа хасч, намаасаа хөөжээ. Үүний дараа МАХН-д орж, улмаар бие даасан бол 2016 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр намдаа дахин элссэн юм. Товчхондоо, УИХ-д нэр дэвшихийн тулд нам солихоос гадна бие даах зэргээр байж болох бүх л хувилбарыг ашигласан улстөрч.
Баримт 5
Түүнийг соцдек угшилтай гэх нь бий. Сангийн яаманд ажиллах үедээ П.Цагаан, н.Гансүх, Я.Очирсүх нартай ойр байсан гэсэн яриа дуулддаг. Ч.Улаан, Н.Энхбаяр гэсэн томчуудтай ойр явсан он жилүүд, хамтдаа ярьж тохирсон мөнгөний ажлууд бий гэсэн хардлагыг учир мэдэх улс өөр зуураа ярьдаг. “Тэнхлэг” клуб, “Залуу лидер” клуб гэх мэт улс төрийн чигийн төрийн бус байгууллагатай холбоотой байсан гэх мэдээлэл ч сонсогддог.
Баримт 6
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах операцид оролцсон хамгийн туршлагатай гишүүн бол Ц.Даваасүрэн байв. Энэ хөдөлмөрийнхөө үр шимийг ч үзэж У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрчим хүчний сайдаар томилогдсон. Ийнхүү Монгол Улсын Засгийн газарт мэргэжилтнээс нь сайд хүртэл хийж үзсэн ховор амжилтын эзэн болов. Энэ ч зангаргаа зах зухаас нь харуулж, МАН-ын "хатиг" болоод байсан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусангуут АТГ-т хандан шалгуулахаа мэдэгдсэн. Энэ нь зөвхөн Д.Сугарт хаягласан дайралт биш гэдэг нь тодорхой байсан.
Баримт 7
Гэвч АТГ-т шалгасан эсэх нь тодорхой замхарсан. Яг одоогоор бол намынхаа давхар дээлтэн гээд Ц.Даваасүрэнгийн улс төрийн замнал ид гялалзаж яваа улстөрч. Ардчилсан Монгол Улсын иргэдийн дотроос ардчиллын үр шимийг жинхэнэ утгаар нь хүртэж яваа хүнийг нэрлэ гэвэл Ц.Даваасүрэнг л нэрлэх байх.
Баримт 8
Ц.Даваасүрэн сайдыг Сангийн яаманд ажиллаж байхдаа ярьж бүтээж өгсөн ажил бүрээсээ 10 хувийг нь авдаг байсан гэх дам яриа чих дэлсдэг ч яг таг баталсан зүйл байхгүй. Гэхдээ байсхийгээд Оюу толгой руу дайрдаг жишгээрээ дайрч “Оюу толгойг станцаа барь гээд байхад барихгүй юм. Монголын төрөөр тоглохоо болиорой” гэж дуугарах үеэр нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Дөрөв, тавхан миллиард төгрөг дээр юм ойлгохгүй бол хайран л байна. Даваасүрэнгийн сонгуулийн ажилд явж байсан хэдэн хүнийг л тавина. За Даваасүрэн, чи тэр арван хувийнхаа асуудлыг л УИХ-д сайн ярьж байна. Өөр чамд ярих юм байхгүй. Орох оронгүй, оочих аягагүй хэрмэл бадарчин шиг амьтан чи олон юм битгий яриад бай. Ийм хууль бус зарлагыг цаашид хэтрүүлж болохгүй” гэж ганц нэгээр тогтохгүй амыг нь тагласан удаатай.
Баримт 9
УИХ-д дөрвөнтөө сонгогдсон тэрбээр УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар хоёр ч удаа ажилласан. Хэдий ийм туршлагатай ч гэлээ ЖДҮ-гийн дуулианд мөн л нэр холбогдсон. Түүнийг “Нарлаг хараа” ХХК-иар дамжуулж зээл авсан гэх яриа гарч байсан. Тэр ямар нэг тайлбар хэлээгүй.
Баримт 10
ЖДҮ-гийн дуулиан дэгдэх үед “Миний ах, дүү, хамаатан саднаас эрчим хүчний тендерээр нэг төгрөгний ажил авсан байвал би шууд огцорно” гэж байв. Гэхдээ ЖДҮ гэж хэлээгүй л дээ. Хэрвээ Ж-гээр эхэлсэн зээлтэй холбоотой нэг үг унагасан бол өдийд сайдын суудлаа өгчихсөн байх байсан биз ээ.
Баримт 11
Түүний зарим томилгооны талаар хэвлэлүүд цөөнгүй удаа онцолж байв. Өдрийн сонин гэхэд "Ц.Даваацэрэн нь 2018 оны долдугаар сарын 9-ний өдөр тушаалаар Эрчим хүчний хөгжлийн төвийн хэлтэс болох Сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулах шийдвэр гаргажээ. Уг төвийн даргаар нь Хөвсгөл аймгийн угшилтай М.Отгонням гэх 1991 онд төрсөн, 2013 оноос хойш өөрийнхөө туслах, зөвлөхөөр ажиллаж ирсэн бүсгүйг томилсон байна. Туслахдаа төрийн өмчит компани байгуулж өгсөн" гэж байв. Гэвч эл асуудал тэгс ингэс гээд намжсан.
Баримт 12
Үүний дараа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав нь Эрчим хүчний сайд Ц.Даваацэрэнгээ түгжилдсэн хэрэг гарч байв. Энэ нь “Намайг хамтарч хулгай хийсэнгүй гэж уурлаад байх шиг байна. Намаа муулаад явж байдаг хүн тохиолдлоор сайд болчихоод өөрийгөө юу гэж бодоод байгаа юм”, “АТГ-д шалгуулна”, “Засгийн газарт асуудлыг нь ярина” хэмээсэн гэх явган яриа улс төрийн хүрээнийхэн дунд өрнөж байв.
Баримт 13
Түүнийг нэхэл хатуу сайд гэх нь бий. Өөрийнх нь талаар ямар нэг сөрөг унагасан сэтгүүлчтэй хатуухан ярих хоббитой гэсэн. Зөрчлийн хуулиар цөөнгүй сэтгүүлчийг дарж авсан гэх юм билээ. Бүр “Би МАН гишүүн байсан. Харин МАХН-ын гишүүн байгаагүй” гээд хөөрхий "сэтгүүлчийг хоёр саяар торгуулж" байсан хатуу сайд.
Баримт 14
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн 2018 онд жилийн 124 сая төгрөг, гэр бүлийн гишүүд нь 84 сая төгрөгийн орлого олжээ. Сайдынх нэг амины орон сууц, нэг нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалтын хоёр газартай хэмээн мэдүүлсэн байна. Эдгээрээ 371 сая төгрөгөөр үнэлсэн. Мөн 26 сая төгрөгийн үнэлгээ бүхий Suzuki маркийн машинтай. 66 сая төгрөгийн малтай.
Баримт 15
Малын эм тариа оруулж ирж худалдаалдаг “Цолмон хээр” дэлгүүрийн 50 хувь нь Ц.Даваасүрэн сайдынх. Мөн 50 хувийг нь эзэмшдэг “Өег мебель” компани нь Боловсролын яаманд тавилга сэлтийг хариуцлагатайгаар нийлүүлж байсан гэх. АТГ-д өгсөн ХОМ-ээс нь харахад “Ээж мадам” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эзэн ажээ.
Баримт 16
Эрчим хүчний яамнаас зарласан сонгон шалгаруулалтын шаардлагыг дур мэдэн өөрчилсөн болохыг АТГ авлигаас урьдчилан сэргийлэх ажлынхаа хүрээнд тогтоож, энэ зөрчлийг арилгуулахаар тус яаманд хандсан талаар өнгөрсөн жил АТГ-аас мэдээлж байв. Тодруулбал, “Эрдэнэтийн дулааны цахилгааны станцын шинэчлэлт” төслийн зохицуулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 278 дугаар тушаалаар байгуулжээ. Гэвч ажлын хэсэг нэг ч удаа хуралдаж, сонгон шалгаруулалтын асуудлыг хэлэлцээгүй байна. Тэгсэн атлаа уг ажлын байранд тавигдах шаардлагыг үндэслэлгүйгээр өөрчилсөн нөхцөл байдал тогтоогджээ. Тиймээс АТГ-аас төслийн зохицуулагчийн сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу явуулахыг Эрчим хүчний яаманд албан бичгээр мэдэгдэж байсан нь тус яаманд сонгог шалгаруулалттай холбоотой но бий гэдгийг гэрчилсэн юм.
Баримт 17
Дайны хажуугаар дажин гэгчээр АТГ-аас эрчим хүчний тендерт ялдаг, ашиг сонирхолын зөрчилтэй долоон компанийн нэрийг 2018 оны есдүгээр сард олон нийтэд зарласан билээ. Уг мэдээлэлд “2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан, тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй долоон компани нь нийтдээ 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерт шалгарч, гэрээ байгуулан ажилласан” гэсэн юм.
Баримт 18
Тэрбээр өөртэй нь холбоотой ямар нэгэн яриа хөөрөө, асуудал гараад ирэхээр шууд л Оюутолгойг муулдаг. “Сайдын УИХ-д сууснаас хойших жилүүдийн ярилцлагуудаас нь харахад “Рио тинто болохгүй байна”, “Оюутолгойн гэрээг өөрчлөх хэрэгтэй”, “Оюутолгойтой эцсээ хүртэл тэмцэнэ” гэсэн агуулгатай мэдэгдлүүдээр дүүрэн. Түүгээр зогсохгүй Сангийн сайд асан С.Баярцогтыг “Чи энэ Оюутолгойн гэрээнээс болж гадныханд найр тавьж гүйснээсээ болж гэр бүлдээ гай чирч, энэ эх оронд гишгэх газаргүй болно оо” хэмээн хатуу мэдэгдэж байжээ. Ер нь түүний улс төр дэх таних тэмдэг нь тендерийн “арван хувь” авдаг гэсэн хоч болон Оюутолгойн гацаагч гэсэн нэр нь юм.
Баримт 19
Түүнийг сайд болсныхоо дараа бялуу хуваасан. Бялуу хүртсэн хүмүүс нь түүний ойр тойрныхон гэх яриа гарсан. Тухалбал, 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш найз Чинбат тэргүүтэй 10 гаруй хүнээ ямар нэг албан тушаалд томилсон гэх мэдээлэл хэвлэлээр гарч байв.
Баримт 20
2018 оны есдүгээр сард эрчим хүчний системийн доголдол болсон нь Багануурт цахилгаан станц байгуулах нь зөв, буруу эсэхэд хангалттай хариулт өгөх шиг болсон. Төвийн бүсийн эрчим цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувийг дангаараа хангадаг IV цахилгаан станцад гэмтэл гарч, улмаар III станцын үйл ажиллагаанд нөлөөлснөөр нийслэл хот, төвийн таван аймагт арай ч эмх замбараагүй байдал үүссэнгүй. 1.4 сая хүн амтай нийслэл Улаанбаатар хотын замын гэрлэн дохионууд унтарч, цахим гүйлгээ гацаж, улсын онцгой объектууд харанхуй суусан. Хамгийн ноцтой нь эрчим хүчний тэг зогсолтын улмаас сэрүүний улиралд эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд халуун ус, дулаангүй хөрсөн юм. Энэ үйл явдал эрчим хүчний хэрэглээний 70 хувиас гадна өвөл хотын дулааны 60 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг IV цахилгаан станцын үйл ажиллагаанд доголдол гарснаар нийслэл хот хөлдөх хүртэл эрсдэлд хүрч болзошгүйг дарга сэтэртэй болгонд анхааруулав.
Баримт 21
Энэ талаар салбарын сайд Ц.Даваасүрэн “ДЦС-IV тэг зогссон. Түүнчлэн бусад ДЦС зогссон асуудал гарлаа. Энэ нь аваар осол, технологийн гэмтэлтэй холбоогүй. Тэг зогссон учраас эргээд эрчим хүчийг сэргээхэд хялбар юм. Улс орон даяар эрчим хүч тасалдаагүй, гол нь хэрэглэгчид цахилгаангүй болсон. Одоогийн байдлаар ДЦС-IV хэвийн байдалд орж эхэлж байна. Эрчим хүчний саатал гарсан шалтгааныг судалж байна. Миний урьдчилж авсан мэдээллээр бол сэлгэн залгах үед технологийн горим зөрчигдсөн байж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэж болзошгүй байна” гэж биеэ өмөөрсөн. Иргэд түүний үгэнд дургүйцсэн. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлагын сэлмээ ирлэхээс хойш суусан нь суудлаа алдахаас аварсан юм.
Баримт 22
Түүнийг “тэмцэгч”, “тэрслэгч”, “шүүмжлэгч”, “10 хувь”, “популист” гэх зэргээр хочлох нь бий. Түүнийг улс төрд орж ирсэн цагаасаа эхлэн дагаж явсан хоч бол “10 хувь”. Сангийн яамны мэргэжилтэн байхаасаа эхлэн тендер болгоноос “10 хувь” цавчаа хийдэг байсан хэмээн ийн нэрийдэх болсон хэмээн улс төрийн хүрээнд дүгнэх нь бий.
Баримт 23
2020 оны УИХ-ын сонгуулиар тэр Хөвсгөл аймгаас нэгээр сонгогдсон гишүүн. Хамгийн өндөр санал авсан нь гэсэн үг.
Баримт 24
Тиймээс тэр энэ удаад тав дахь удаагаа хөвсгөлчүүдээс итгэл хүлээх үү эсвэл улс төрийн карьертаа “цэг” тавих уу гэдэг тодорхойгүй байна. Учир нь сүүлийн үед зарим хэвлэлүүд түүнийг улс төрийн карьертаа цэг тавьж, төрөл арилжсан хэмээн бичих болсон.
Сэтгэгдэл (3)