БАРИМТ 1
УИХ-ын гишүүн асан Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ. Тэрбээр 1963 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төржээ.
БАРИМТ 2
Дашдэмбэрэлийн гэхээс илүү “Ажнай” хэмээн нэрлэгддэг Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд Өмнөговь аймгаас гурав дахь удаагаа УИХ-д иргэдээ төлөөлөхөөр сонгогдож байсан төрийн түшээ.
БАРИМТ 3
Тэрбээр Өмнөговь аймгийн арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1986 онд ОХУ-ын Уралын их сургуулийг философич мэргэжлээр төгссөн.
БАРИМТ 4
Англи, Орос хэлтэй.
БАРИМТ 5
Тэрбээр 1990 оноос Ажнай корпорацын Ерөнхийлөгч, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн философийн арга зүйч багш, 2009 оноос “Монгол 999 үндэсний нэгдэл" -ийн ТУЗ-ийн дарга, “Тэмээ хамгаалах сан”-гийн ерөнхийлөгч, Монголын морин спорт, уяачдын холбооны хүндэт ерөнхийлөгч, Монголын морин спорт, уяачдын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн.
БАРИМТ 6
Уул уурхайн салбар дахь Монголын толгой бизнесмений нэг бөгөөд Өмнөгоь аймгийнхаа төсөвт багагүй нэмэр оруулдаг улстөр гэгддэг. Тиймдээ ч тус аймгийн иргэд уурхайн эзэн Д.Бат-Эрдэнийг төрд төлөөлөл болгон явуулсан ч байж таарна.
БАРИМТ 7
Тэрбээр хамгийн анх 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, дөрвөн жил парламентад суусан. Харин дараа нь 2012 онд дахин сонгогдсон.
БАРИМТ 8
Харин 2020 оны УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшсэн тэрбээр УИХ-ын сонгуулиар нийт санал өгсөн сонгогчдын 47.5 хувийн саналаар ялалт байгуулан УИХ-ын гишүүн болсон билээ. Энэ нь 15239 сонгогч Д.Бат-Эрдэнээр өөрсдийгөө төлөөлүүлэхээр саналаа өгсөн гэсэн үг.
БАРИМТ 9
УИХ-д гурван ч удаа Ардчилсан намаас сонгогдож, АН дотроо бизнес, улс төрийг хослуулсан цөөн улстөрчийн нэг ч гэлээ түүнд өнөөдрийг хүртэл автор болсон хууль, улс төрийн онцгой, содон нүүдэл тун ховор.
БАРИМТ 10
Төрийн өндөр албан тушаалтнуудын АТГ-т жил бүр гаргадаг хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад УИХ-ын хамгийн хөрөнгөлөг гишүүний нэг нь Д.Бат-Эрдэнэ.
БАРИМТ 11
Тэрбээр Монголын анхны хувийн компаниудын нэгийг байгуулж байсан бөгөөд тэр нь “Ажнай” корпораци юм. “Ажнай” корпораци байгуулагдаад 38 жил болж буй.
БАРИМТ 12
Монголын эдийн засгийн гол багана, төсвийг бүрдүүлэх гол хүчин зүйл болоод байгаад нүүрсний экспортыг тэрбээр мөн л анх эхлүүлж байжээ. Энэ нь 2004 он бөгөөд түүний татсан жимээр өдгөө “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс” зэрэг олон арван үндэсний компани нүүрс экспортолж байна.
БАРИМТ 13
Монголын анхны хувийн компаниудын нэгийг байгуулж байсан Д.Бат-Эрдэнэ өдгөө 20 гаруй компанийн хувьцаа эзэмшигч.
БАРИМТ 14
1995 оны наймдугаар сарын 8-ны өдөр Монголын хөрөнгийн бирж дээрх 470 компанийн 60-ынх нь хувьцааг 20 гаруй сая ам.доллаараар худалдан авч гараагаа эхэлж байсан талаараа Д.Бат-Эрдэнэ гишүүн ярилцлагадаа дурдсан байдаг. Сонирхуулахад Д.Бат-Эрдэнэ цэнхэр, ягаан тасалбараар хувьцаа аваагүй бөгөөд цэвэр өөрийн бизнес хийж олсон орлогоороо эдгээр хувьцааг авч байжээ.
БАРИМТ 15
Тэрбээр орон нутгийн өмчит Тавантолгой буюу олны нэрлэдгээр жижиг Тавантолгойн хувьцаа эзэмшигч. Энэ компанийн 51 хувийг орон нутаг буюу Өмнөговь аймаг, 49 хувийг нь иргэд, аж ахуйн нэгжүүд эзэмшдэг.
БАРИМТ 16
Тэрбээр 122 сая төгрөгийн орлоготой бөгөөд 180 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай.
БАРИМТ 17
Мөн 470 сая төгрөгийн хоёр автомашин, 890 саяаар үнэлэгдэх 250 ширхэг адуу, 3.7 тэрбум төгрөгийн үнэт эдлэл, 1.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай.
БАРИМТ 18
Монголын улс төрд “Нүүрсний” гэх хэрэг мандан эрх баригч намынхан холбогдож ахуйд Д.Бат-Эрдэнэ гишүүн ярилцлага өгөхдөө “Нүүрсний хулгайтай тэмцье гэвэл “Эрдэнэс Тавантолгой”-н 35 хувийг Монголын хөрөнгийн бирж дээр гаргах хэрэгтэй” хэмээж байв. Тэрбээр Монголын хөрөнгийн биржээр арилжаа хийдэг, Монголын хөрөнгийн биржийн арилжааны үүх түүхийг бүтээлцсэн үндэстний хөрөнгө оруулагчдын нэг.
БАРИМТ 19
Гэсэн ч төд удалгүй Монголын парламентын сөрөг хүчний хамгийн хүчтэй дуу хоолойн нэг Д.Бат-Эрдэнэ гишүүнийг “Нүүрсний” хэрэгт хамаатуулан шалгахаар болсноо хууль хяналтынхан зарласан.
БАРИМТ 20
Түүнийг хоёр үндэслэлээр буруутгаж байгаагийн нэг нь “Тавантолгой” ХК болон “Тавантолгой транс” компанийн хоорондын өр авлагыг хуурамч бичиг баримт үйлдсэн хэргийг зохион байгуулсан хэмээн буруутгаж байв.
БАРИМТ 21
Түүнийг буруутгаж байсан дараагийн үндэслэл нь “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нарыг томилон зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулан ногдол ашгийг илүү хувиарлан авсан хэмээх үндэслэл байв.
БАРИМТ 22
Уг асуудалтай холбогдуулан 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдөр түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм.
БАРИМТ 23
УИХ дунд хувьдаа орд газартай, уул уурхайтай цөөн гишүүдийн нэг нь Д.Бат-Эрдэнэ байв.
БАРИМТ 24
Түүнийг АН-ын бүлэг биш гэх нь ч бий. Тиймдээ ч АН-ын бүлгийнхэн талбай дээр өлсгөлөн зарлаж байхад Ажнай Д.Бат-Эрдэнэ оролцож байгаагүй. АН жагсч, тэмцэж, үгээ хэлж байхад ч тэр чимээгүй л байдаг байв. Магадгүй энэ нь түүний бизнестэй холбоотой байж мэдэх.
Сэтгэгдэл (5)