Монголын бизнесийн салбарыг халаасандаа оруулсан "гудиггүй богд"-ын замнал машин масло, түргэн хоол, банк санхүү, гурил будаа гэх мэттэй холбогдон цааш хөвөрнө. Гурав сая гаруйхан хүн амтай манай улс ёроолгүй халаастай нэг ноёнтой юм. Тэр нь Ц.Баатарсайханаас хаана холдох билээ. Өрсөлдөөнгүй нийгмийн өрсөлдөгчгүй ганц "тулаанч" талбар болгонд жижиг бизнесүүдийг буланд шахаж, шаваагаа ханатал хүнд цохилтод оруулж байна. Хамгийн энгийн жишээгээр зах зээл ч бус иргэдийн хэтэвчийг үрчийтэл нь баздаг "Улаанбаатар гурил" ХХК тэргүүтнүүдийг нэрлэж болох юм.
Энэ улсын төр гурил үйлдвэрлэгчдийг дэмжээгүй биш дэмжсэн. Дэмжих дэмжихдээ татвар төлөгчдийн 209 тэрбум төгрөгөөр дэмжсэн. Ард түмний "хөлс" нэвт ханхалсан мөнгөөр "хөлжигсөд" эргээд нуруун дээр нь байтугай тэргүүн дээр нь завилах болов. Монопол богдын халаасны бизнес гэхэд л эндээс 43 тэрбумын зээл авч, авсан хойноо үнийн хөөрөгдөлд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Гэхдээ Ц.Баатарсайханы дүү Ц.Отгонбаатар хүртэл гараа дүрсэн байгаа юм. Тухайлбал, “Од групп” ХХК 2.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Богдын дүү ч мөн адил ахынхаа халааг залгамжилсан нэгэн гэдэг нь энэ бүхнээс тод харагдана.
Улаанбаатар гурилынхны туйлын зорилго нь "Хамгийн тааламжит үнэ өртөг бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх" гэсэн байна. Атал бүтэн талхны үнийг олох гэж хуруу хумсаа таллах шахдаг бүрхэгдүүхэн манай нийгэмд гурил зэргээс тансаг хэрэглээгүй айлд ёстой л тааламжтай байна байх. Тийм байгаагүйн хариулт болгож, ШӨХТГ-аас Ц.Баатарсайханы халаасанд 5.9 тэрбум төгрөгийн торгууль ноогдуулсан байна.
Монголын гурилын зах зээлд 20 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байсан ч хөрөнгөтэй, зээл авах хүчин чадалтай монопол, хуйвалдаанч, ханцуй ханцуйндаа орсон үйлдвэрлэгчид л тунаж үлдсний нэг нь мөн л тэднийх. Гурилын үнийг нэмэгдүүлснээ улаанбуудайн нөөц, чанартай холбон тайлбарласан ч холбогдох байгууллагаас "хангалттай улаанбуудай хураан авсан" гэж хариу тайлбарлаж байлаа. Тодруулбал, Монгол Улс 2023 онд улсын хэмжээнд 430 мянга гаруй тонн улаан буудай хураан авсан байдаг.
ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун хэлэхдээ "Гурилын зах зээлийн 74%-ийг эзэлж байгаа дөрвөн компани 2022 оноос хойш 2 жилийн дотор 12 удаагийн давтамжаар үнэ нэмэгдүүлснийг тогтоосон. Үндэсний үйлдвэрийг дэмжих гэж импортын квот тавьж өрсөлдөөнийг хязгаарласан. Үр тарианы экспортыг хязгаарласан" гэсэн юм.
Чухамдаа, Засгийн газраас "Гурил, малын тэжээлийн импортын татварыг чөлөөлөх хуулийн төсөл"-ийг өргөн мэдүүлээд буй. Тэгмэгц л "эздийн лобби"-той нүүр тулж байна гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсээр байна.
Түүнчлэн гурилын үнэ 2023 онд 2426 төгрөг болж нэмэгдсэн. Тэгвэл гурилын гол түүхий эд улаанбуудайн үнэ 2023 онд 750 төгрөг буюу 5 жилийн хугацаанд 150 төгрөгөөр өссөн байгаа юм. Гэтэл гурилын үнэ 1000 орчим төгрөгөөр нэмэгдчихэж. Түүнчлэн 2021-2023 онд ЗГ-аас гурил үйлдвэрлэгчдэд 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Гэрээний хугацаанд гурилын үнийг зохиомлоор өсгөхгүй, хангамжийн тогтвортой байдлыг хангана гэсэн ч энэ үүргээ биелүүлээгүй гэж ШӨХТГ-аас дүгнэжээ.
2022 оны 1-11 дүгээр сард нэгдүгээр гурил 53.1 хувь, дээд гурил 62.8, хоёрдугаар гурил 40.9 хувиар үнэ нь өссөн байсан. Гурил үйлдвэрлэгч гол ААН-үүдэд үнийн судалгаа хийхэд:
- "Улаанбаатар гурил" компани дээд гурилын үнийг 47 хувиар, нэгдүгээр гурилын үнийг 41 хувиар өсгөсөн,
- "Од групп" дээд гурилын үнийг 95.5 хувиар, нэгдүгээр гурилын үнийг 70 хувиар өсгөсөн байдаг.
2023 оны нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл үнийн судалгаа хийхэд гурилын үнэ тогтмол өссөөр байна. Жишээлбэл:
- Дээдийн дээд гурилын үнийг таван удаа нэмсэн бөгөөд 1 кг-д 635 төгрөг,
- Дээд гурил дээр есөн удаа үнэ нэмж, 1 кг-д 405 төгрөг,
- Нэгдүгээр гурил дээр есөн удаагийн үнэ нэмэлтээр 1 кг-д 267 төгрөг,
- Хоёрдугаар гурил дээр найман удаагийн үнэ нэмэлтээр 1 кг-д 154 төгрөг тус тус нэмжээ.
Монголын гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж төрийн бус байгууллагаараа дамжин үнэ тохирдог гэсэн дүгнэлтэд хүрснийг ШӨХТГ-ын одоогийн дарга Б.Билгүүн мэдээлж байлаа.
“Улаанбаатар гурил” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Баатарсайханы дүү төрсөн дүү Ц.Оюунсүрэн ажилладаг. Ингэлээ гээд "монопол богд" шууд л мартана гэж үгүй. Хүнсний хувьсгал нэрийн дор Ерөнхийлөгч тус компанид очиход гүйгээд оччихсон л харагдана билээ.
Гурилын үнийг гагц импортыг тэглэх замаар бууруулахаас өөр аргагүй гэж тайлбарлаж буй. Гэхдээ Ц.Баатарсайханы халаасанд бол төр яаж ч хичээгээд "нөхөөс" тавьж чадахгүй нь тодорхой, хамгийн үнэн гэвэл энэ. Хөрөнгө санхүүгийн чадвартай, банкнаас зээл авах боломжтой компаниуд нь л томорч, монополь байдлаар үнэ тогтоосоор байна вий. Үүнд "Таванбогд"-ынхон л толгой цохиж явах нь дамжиггүй. Түүнд зөөхгүй юм гэж үгүй. Машин ч зөөнө, пицца ч зөөнө, тахиа ч зөөнө, арай л монголоо зөөчихгүй тогтож байна.
Өнгөтэй өөдтэй болгоны хормойд суусан Ц.Баатарсайханы халаасанд Монгол Улсын бизнесийн салбар бүхлээрээ багтаж байна. Түүний халаас руу иргэдийн мөнгө жигүүртэй юм шиг л нисэн орж байна. Түүний халаас руу иргэдийн мөнгө өртэй юм шиг л урсаж байна.
М.Жаргал
Сэтгэгдэл (8)