Канад улсын Торонто хотноо болж буй PDAC чуулганыг “Bloomberg TV Mongolia”-ийн баг шууд сурвалжилж, дэлхийн уул уурхайн салбарын нөлөө бүхий эрхмүүд, томоохон компаниудын төлөөллүүдтэй тусгай ярилцлага хийж байна. Чухал түүхий эдүүдийн төлөв, анхаарал татаж буй төслүүдийн талаар ярьсан онцлох зочдын байр сууриас хүргэж байна.
Аль болох дотооддоо
Дэлхийд өдгөө явагдаж буй хоёр чухал шилжилтэд хоёуланд нь их хэмжээний зэс шаардлагатай болохыг Канадын хайгуулч, олборлогчдын холбоо буюу PDAC-ийн Ерөнхийлөгч Рэймонд Голди ярилцагадаа тодотгов. Зэсийн талд томоохон потенциалтай Монгол Улсын хувьд эрчим хүчний шилжилт болон дижитал шилжилтээс бий болох боломжийг илүү анхаарах нь зүйтэйг тэрбээр сануулж байв.
Мөн орд илрүүлсэн тохиолдолд аль болох дотооддоо боловсруулахад анхаарах нь уул уурхайн салбарын давуу талаа ашиглаж уул уурхайн бус салбараа дэмжих чухал арга зам болохыг тэрбээр дурдсан юм.
АЦС яагаад болохгүй гэж?
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, шинэ төрлийн цөмийн реакторууд анхаарал татах хэрээр зах зээлд уранд чиглэсэн сонирхол улам нэмэгдэж, үнэ нь өсөхөд нөлөөлж байна. Тиймээс ураны үнэ ерөнхийдөө шинэ уурхайн төсөл хэрэгжүүлэхэд яг тохиромжтой цэгтээ ирээд байна гэж үзэж болохыг “Orano Mining” компанийн Ахлах зөвлөх Кристиан Полак онцолж байлаа.
Мөн тэрбээр “Монголд бага оврын атомын цахилгаан станц барих тал дээр болохгүй зүйл үгүй” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Уурхайн насжилт хэдхэн арван жил үргэлжилдэг бол бага оврын реакторуудын ажиллагаа ч ойролцоо хугацаанд үргэлжилдэг байна. Иймд атомын цахилгаан станц нь уул уурхайн салбарт тун тохиромжтой байдаг аж. “Эдгээр реакторууд нь CO2 ялгаруулдаг болон ялгаруулдаггүй уурхайн аль алинд нь тохиромжтой. Алслагдмал бүсийн уурхайнуудыг эрчим хүчээр хангахын тулд хэдэн мянган км-ийн цахилгаан шугам сүлжээ татах шаардлагагүй болох юм” хэмээн Криситиан Полак дурдлаа.
Литийн хайгуулын өөдрөг ирээдүй
Канадын “ION Energy” компани Монголд анхны литийн хайгуулын төслийг хэрэгжүүлж, одоогоор “Баавгай уул”, “Ургах наран” хоёр төслийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй. “Баавгай уул” талбайд геофизикийн судалгаа, гүн хэсгийн өрөмдлөг хараахан явуулаагүй ч литиг ууршуулалтын аргаар гарган авна гэдгээрээ онцлог төсөл болох аж.
Харин “Ургах наран” талбайд өрөмдлөг хийхэд Хойд Америк дахь литийн цорын ганц уурхай болох Невадагийн “Silver Peak” уурхайнхаас гурав дахин өндөр агууламжтай гэж гарсныг “ION Energy”-ийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Али Хажи ярилцагадаа мэдээлсэн. Мөн ирэх улирлуудад багтаан төслийн стратегийн түнш, хамтын ажиллагаагаа зарлах хүлээлттэй байгаа аж. Монгол Улсын хувьд литийн хайгуулын талбарт ирээдүй өөдрөг, мөн үйлдвэрлэлээ удахгүй эхлүүлнэ гэж найдаж байгаагаа тэрбээр онцолж байлаа.
Сэтгэгдэл (2)