Одоогоос 80 жилийн өмнө, 1944 оны хоёрдугаар сарын 02-нд Увс аймгийн Хяргас суманд нэгэн хүү мэндэлсэн нь хожмоо Монгол бөхийн дэвжээнд арван удаа түрүүлж, их спортын түүхэнд олон хуудсыг эргүүлжээ. Тэр бол Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУ (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн Баянмөнх билээ.
Эцэг нь "шударга" Довчин, эх нь Хорлоо гэж хүмүүс байжээ. Төрөхөд нь Сүхбаатар гэж нэрэлэсэн боловч сүүлд зургаан настайд нь Баянмөнх гэж өөрчилсөн гэдэг. 1972 онд Улаанбаатар хотын АИХ-ын депутат болж байсан. 1990 онд БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдож, 1992 онд УИХ-д Увс аймагт Ардчилсан намаас нэр дэвшээд сонгогдоогүй гэдэг. 1996 оны УИХ-ын сонгуульд мөн Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшихээр зарлагдсан боловч Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэж аваагүй.
Амжилтууд
Тэрбээр чөлөөт бөхөөр 1975 онд ЗХУ-ын Минскт зохиогдсон ДАШТ-ээс алтан медаль хүртсэн. 1972 онд ХБНГУ-ын Мюнхен хотод зохиогдсон зуны Олимпоос мөнгөн медаль, 1971, 1974 оны ДАШТ-үүдээс тус тус мөнгөн медаль хүртсэн. Чөлөөт бөхийн Монгол Улсын 14 удаагийн аварга.
Самбо бөхөөр 1974 онд Улаанбаатарт болсон 2 дахь удаагийн ДАШТ-ий -100 кг-д түрүүлж, Монгол улсаас самбогийн спортоор төрсөн дэлхийн 3 дахь аварга болж байсан.1975 онд Минскт болсон ДАШТ-д ЗХУ-ын бөх Саид Рахимовт ялагдаж дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан.
Сонгомол бөхөөр 1973 онд Улаанбаатарт болсон бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах анхны тэмцээний сонгомол бөхийн -100 кг-д түрүүлж алтан медаль, 1974 онд Тегеранд болсон Азийн наадмын сонгомол бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн.
Харин үндэсний бөхөөр Х.Баянмөнх нь наадамд 10-аас дээш түрүүлсэн хоёрхон бөхийн нэг. Тэрбээр 1968 1971-1973, 1975, 1977, 1979, 1981-1982, 1987 оны наадмуудад түрүүлж, 1974, 1990 онуудад үзүүрлэж, нийтдээ 27 удаа шөвгөрчээ. Тэр мөн Цагаан сарын барилдаанд найм түрүүлж, дөрөв үзүүрлэсэн гоц амжилтын эзэн юм.
- 1963 оны улсын наадамд 5 давж Улсын начин
- 1963 оны Бүх ард түмний спарткиадад 27 давж 2-р байр эзлэн Улсын заан
- 1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж Улсын арслан
- 1968 оны улсын наадамд түрүүлж Улсын аварга
- 1971 оны улсын наадамд түрүүлж Дархан аварга цол тус тус хүртсэн.
- 1963 оны улсын наадамд 5 давж Улсын начин цол
- 1964 оны улсын наадамд 6 давж Улам нэмэх чимэг
- 1965 оны улсын наадамд 8 давж Хурц гарамгай чимэг
- 1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж Улсын арслан цол
- 1967 оны улсын наадамд 8 давж чимэг
- 1968 оны улсын наадамд түрүүлж Улсын аварга цол
- 1969 оны улсын наадамд 7 давсан
- 1971 оны улсын наадамд түрүүлж Дархан аварга цол
- 1972 оны улсын наадамд түрүүлж Далай даян чимэг
- 1973 оны улсын наадамд түрүүлж Баяр наадмын манлай чимэг
- 1974 оны улсын наадамд үзүүрлэж Түмнээс төгөлдөр чимэг
- 1975 оны улсын наадамд түрүүлж чимэг
- 1977 оны улсын наадамд түрүүлж Үлэмж бадрах чимэг
- 1978 оны улсын наадамд 7 давж Улс даяар гайхамшигт чимэг
- 1979 оны улсын наадамд түрүүлж Манлайн баясгалант чимэг
- 1980 оны улсын наадамд 7 давж Бүхнээс дуурсгалт чимэг
- 1981 оны улсын наадамд түрүүлж Баяр наадмын манлайчимэг
- 1982 оны улсын наадамд түрүүлж Тод сонин үзэсгэлэнт чимэг
- 1983 оны улсын наадамд 7 давж Бат нягт итгэлт чимэг
- 1984 оны улсын наадамд 6 давж Өнөд баясгалант чимэг
- 1985 оны улсын наадамд 7 давж Манлайн баясгалант чимэг
- 1987 оны улсын наадамд түрүүлж Тунч гарамгай чимэг
- 1988 оны улсын наадамд 7 давж Олныг баясуулагч чимэг
- 1989 оны улсын наадамд 7 давж Бууршгүй хүчит чимэг
- 1990 оны Монголын нууц товчооны 750 жилийн ойд зориулсан наадамд үзүүрлэж Хэтэрэмхий түрэмгий чимэг
- 1991 оны улсын наадамд 7 давж Үнэхээрийн бишрэлт чимэг
- 1992 оны улсын наадамд 6 давж Бүхнээ сонсголт чимэг хүртээжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (9)