Ням гарагт Парис дахь Мона Лизагийн хөрөг рүү жагсагчид шөл цацан эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Азаар алдарт бүтээлийн шилэн бүрхүүл гэмтэхээс нь хамгаалжээ.
"Хүнсний хариу арга хэмжээ" гэж орчуулагддаг "Riposte Alimentaire" байгаль орчны бүлэглэл дэлхийн дулаарал, хүлэмжийн хий зэрэг байгаль орчинд хөнөөлтэй асуудлуудын эсрэг кампанит ажил өрнүүлж, эсэргүүцлээ илэрхийлсээр ирсэн. Өнгөрсөн жил үүнтэй адил үйл явдлууд дэлхий даяар өрнөсөн. Шөл цацсан хоёр этгээд тус бүлэглэлийн хүмүүс байсан тухай эх сурвалжууд батлав.
Луврын музейг нүүлгэн шилжүүлсний дараа Мона Лизаг байрлуулсан "Salle des Etats" өрөөг дахин нээсэн юм. "2024 оны нэгдүгээр сарын 28-ны ням гарагт өглөөний 10:00 цагийн орчимд (4aET) Мона Лизаг хамгаалах хуягт шилэн дээр "Riposte Alimentaire" байгаль орчны хөдөлгөөний хоёр идэвхтэн хулуутай шөл цацсан" гэж музейн мэдэгдэлд дурджээ.
Луврын хамгаалалтын ажилтнууд тэр даруй хөндлөнгөөс оролцсон. Музейн зүгээс мөн гомдол гаргаж байгаагаа мэдэгджээ. Леонардо да Винчигийн шилдэг бүтээл Мона Лиза нь дэлхийн хамгийн алдартай уран зургаар нэрлэгддэг. Уг урлагийн бүтээл нь жил бүр хэдэн зуун сая жуулчдыг татдаг үнэт өв юм.
Үүнийг 1911 онд Луврын ажилтан хулгайлсан нь олон улсад нэр хүндийг нь өсгөсөн бөгөөд 1950-иад онд зотон даавууны доод хэсэг хүчилд нэрвэгдсэн нь музейг уг бүтээлийн эргэн тойронд сум нэвтэрдэггүй шил зэрэг хамгаалалтын арга хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэсэн. 2009 онд нэгэн эмэгтэй уран зураг руу шаазан аяга шидэж, аяга хагарсан ч зургийг нь гэмтээхгүйгээр орхижээ.
Л.Сайнаа