Монгол Улсын Засгийн газраас ирэх онд "Шүд" төслийг эхлүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан 24tsag.mn мэдээллийн сайт болон Ашид дент шүдний эмнэлгийн зүгээс "Эмч зөвлөж байна" булангаараа дамжуулан шүд арчилгаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Бид энэ дугаартаа "нүүр амны гажиг үүсгэдэг зуршил"-уудын талаар Ашид дент шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Даваанямаас тодрууллаа.
Тэрбээр, "Өмнө нь та бүхэнд зөөлөн хоол хүнснээс болж нүүр амны гажиг үүсдэг талаар ярьж байсан. Тэгвэл өнөөдөр та бүхэнд тогтмол хийдэг зуршлаас үүдэх гажгийн талаар мэдээлэл өгье.
Хуруугаа хөхөх зуршил:
Энэ зуршлаас болж шүд орсгоо болдог. Хүүхэд хуруугаа байнга амандаа хийх, соосогтой байх зэрэг нь шүдийг гадагш тэлж, тагнайг хүнхэр болгодог. Таны хүүхэд гурав, дөрвөн нас хүрсэн л бол хуруугаа хөхөхийг нь болиулах хэрэгтэй. Мөн багад нь өгдөг байсан соруулаар шингэн зүйлийг уулгасаар байвал нүүр, амны хөгжилд нь сөргөөр нөлөөлнө.
Буруу залгилт:
Үүнийг хүн болгон анзаарах боломжгүй. Залгих үед тухайн хүний хэл нь тагнайн хонхорт наалдаж байх ёстой. Энэ бол хамгийн зөв залгиж буй үйл явц. Буруу залгих зуршил нь хүүхдийг амлуулахаас л эхэлдэг. Үүнийг эрт илрүүлж, зүгшрүүлэх аппарат зүүснээр эрүү хоншоорын хөгжилд сайнаар нөлөөлнө.
Амаар амьсгалах:
Хүүхдүүд амаа ангайлгаж унтах нь түгээмэл. Үүнийг эртхэн болиулах хэрэгтэй. Амаар амьсгалж унтах нь зөвхөн шүд болон эрүү хоншоорын хөгжилд муугаар нөлөөлөөд зогсохгүй, ясны нийт бүтэцэд өөрчлөлт оруулдаг. Тухайлбал, бөгтөр, толгойгоо урагш түрсэн байдалтай, хоншоорын нарийсалтай болох эрсдэлтэй. Амаар амьсгалж буйг эрт илрүүлэх, даруй зүгшрүүлэх нь амьдралын чанарт чухал нөлөөтэй.
Амаар амьсгалдаг хүмүүсийн хоншоор хэтэрхий гүн, нум нь нарийссанаас болоод шүднүүд нь нийлж бөөгнөрсөн байдалтай болдог. Амаар амьсгалах зуршлаас болж шүдний эгнээнд өөрчлөлт ороод зогсохгүй ам хуурайшна. Энэ нь бактер үржиж шүд цоорох, амнаас эвгүй үнэр гарах мэт үр дагавартай. Хамраар бага амьсгалах нь хүчилтөрөгчийн дутагдалд оруулна.
Шүд хавирах:
Шүд хавирах зуршлаас болж хэт өргөн нум эсвэл хэт нарийн нум үүсдэг. Үүнээс болж зуултын гажиг үүснэ. Дээд, доод нум нь ерөнхийдөө зөв хэлбэртэй байх ёстой.
Шанаа тулах:
Хүүхдүүд шанаагаа тулах нь сургуульд орох үеэс их ажиглагддаг. Зурагт үзэх гэх мэт тайван байдалд байх үед шанаагаа тулж байдаг. Энэ зуршил нь хацрыг тэлж, шүдний ургах үйл явцыг саатуулна. Үүнээс болж дээд, доод үүдэн шүд нааш цааш болчихсон байдаг.
Эдгээр түгээмэл зуршлууд таны хүүхдэд ажиглагдвал шүд нь бүтэн эгнээний системээрээ өөрчлөгдөх учраас эмчид хандах хэрэгтэй. Шүд хавирах зуршлыг сэтгэл зүйчтэй хамтран шийдвэрлэх нь бий. Түүнчлэн хэсгийн зуршлууд бий. Үзэгний арыг удаанаар зажлах гэх мэт. Үүнээс үүдэн шүд, паалангийн элэгдэл үүсдэг. Байх ёсгүй зуршил ажиглагдах л юм бол эрт зогсоох нь чухал юм" гэв.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (1)