Нийслэлийн иргэд жил бүрийн өвөл утаа бууруулах үйл хэрэгт оролцдог билээ. Даанч гавьсан зүйл үгүй. Энэ өвөл ч ялгаагүй туршилтын туулай болно. Эрчим хүчний сайд 177 тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрсийг оруулж ирж, гэр хорооллын иргэд дээр 45 хоног турших гэж байлаа шүү дээ.
Гэвч эсэргүүцэл, шүүмжтэй нүүр тулж аргагүйн эрхэнд зарлагаа багасгаж, хүний тоогоо хасжээ.
Тухайлбал эл ажлаа 31,7 тэрбум төгрөгийн өртөгөөр хийхээр болов. Ингэхдээ нийслэлийн бондоор 24,500 тонн хагас кокс оруулж ирэхээр болжээ. Ийнхүү туршилтын бүсээр Нисэх, Яармаг, Налайхынхан сонгогдсон юм. Түүний “гар хүрвэл” Дархан, Багануур руу ч нүүрсээ бариад очиход бэлэн байгаагаа илэрхийллээ.
Туршилтаас айхгүй хэмээсэн Б.Чойжилсүрэн сайдын их том алдаа гаргахаасаа өмнө “үхэх эсвэл амьдрах”-ыг нь нүдээрээ харах хүслийг иргэд биелүүлнэ.
Ингэж хэлснээрээ тэр үхэл, амьдралтай 31,7 тэрбумаар мөрийцнө гэсэн үг.
Түүний хувьд “их том алдаа” бол 1,6 сая гаруй хүн дээр явуулах туршилт байжээ. Өдгөө “сонгогдсон” хүмүүс бол ердөө л айсан хүний “бамбай” юм. Тэдний туршилтын бай болсон шалтгаан бол ердөө л алслагдсан дүүрэг гэх. Жинхэнэ утгаараа лаборатори болох боломжит газрууд.
Эрчим хүчний сайдын шийдэл бол яндангаас олгойдох, эс олгойдох утааг шилэн барилгын цонхоор ширтэж зогсох явдал аж.
Гэртээ хүүхдүүдтэйгээ угаартаж нас барсан ээжийн харамсалтай үйл явдлын чимээ сураг тасраагүй байхад сайд бас л жишим ч үгүй “шинэ соёл, хэрэглээнд бэлэн бус байснаас үүдэлтэй” хэмээн ярьж зогсох. Үнэхээр Б.Чойжилсүрэнгийн хэлснээр “ийм л үнэтэй амьдрал” юм байна. Анх шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхэд хэчнээн хүн амь насаараа хохирсон билээ. Тийм үнэ цэнээр утаа бууруулах гэж үзсэн туршилга бидэнд бий шүү.
"Утаа бууруулахын төлөө энэ бүхнийг хийж байна" гэх боловч Монгол Улсын сайдын амнаас "туршилт, алдаа" гэх хоёр үг байраа булаалдан унах нь зүйд нийцэх болов уу?
Холбоотой нийтлэлийг ЭНД дарж уншаарай.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (3)