Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгаа, арга хэмжээний талаар хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. Түүний өгсөн мэдээллээс онцлох таван эшлэлийг хүргэж байна.
Нэг. Хамгийн их агаарын бохирдолд өртөж байгаа нь "хүүхдүүд"
Нүүрсээр дулаан үйлдвэрлэж буй гол станцаас гарч буй бохирдол 44,2 хувьтай байна. Үүнээс 16,1 хувь нь автомашинаас, 31 хувь нь гэр хорооллоос, 8,7 хувь нь бусад гэсэн хувьтай байна. Гэр хорооллоос гарч буй агаарын бохирдол Баянхошуу, Долоон буудал орчимд их байна. Хүний өндрөөр хэмжээнд үзэхээр хамгийн их агаарын бохирдлоор амьсгалж байгаа нь хүүхдүүд байна. Нэг, хоёр дугаар бүсэд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад түлхүү арга хэмжээ авч ажиллана.
Хоёр. Дуу чимээний бохирдол их байна
Агаарын бохирдлоос гадна дуу чимээний бохирдолд иргэд их бохирдож байна. Үүнд түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах ажлууд уялдана. Иймд индексжуулсэн байдлаар хотыг харах хэрэгтэй.
Гурав. 318 тэрбум төгрөг бол улсын төсөвт тавигдсан мөнгө
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 318 тэрбум төгрөг бол улсын төсөвт тавигдсан мөнгө. Эрх шилжүүлж орж ирсэн асуудал. Эрх шилжүүлж оруулж ирэх үүрэгтэйгээр энэ асуудлыг нууцад авахаас өөр арга байгаагүй. Би хуулийн дагуу ажилласан.
Автобусны үнэ одоогийн байгаа зах зээлийн үнээс 10 хувиар хямд үнэтэй.
Дөрөв. Холбоос зам, тойрог замыг ойрын хугацаанд яаралтай барина
Дахин төлөвлөлттэй уялдсан нийгмийн бүтээн байгуулалт, хотын соёлыг гэр хороололд аваачих бодлогод анхаарна. Э.Бат-Үүл даргын нэг алдаа нь 70:30 буюу зөвхөн орон сууц барихаар төлөвлөсөн байсан. Харин бид хотод 40 хувь нь барилга, 30 хувь нь ногоон байгууламж, 15 хувь нь зогсоол, 15 хувь нь явган зам байгууламж гэсэн стандарт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа.
Тав. Хотын багц хуулийн төслийг өргөн барина
Хотын багц хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байгаа. Түгжрэлийг бууруулж хурдаа нэмж автомашинаас гарч буй дутуу ислийг бүрэн гүйцэд шатаана. Автобусны нэг эгнээ явах боломжгүй зам дээр нэмэлт нэг эгнээ тавих зохицуулалтыг хийнэ. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар олон төвт хотын тогтолцоог хөгжүүлж, 36 мянган айлыг орон сууцжуулснаар агаарын бохирдол 21 хувиар буурна.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)