Театр бол нийлмэл урлаг болохын хувьд уран бүтээлийн арга хэлбэрүүдээс хамаарч олон төрлөөр хөгжиж ирсэн баялаг урлаг. Энэхүү урлагийн нэгэн сонирхолтой төрөл бол Абсурд театр. Уг төрөл нь нийтэд хараахан түгээмэл хөгжөөгүй ч энэ чиглэлээр дагнан уран бүтээлээ туурвидаг хүмүүс, театр дэлхийд цөөнгүй төдийгүй манай улсад ч бий. Тэгвэл Абсурд театрын тухай та хэр ихийг мэдэх вэ? Монголын театрын нэгэн төлөөлөл болох BEE THEATRE-аас үзэгчдэд театрын боловсрол олгох зорилготой нийтлэлүүдийг цувралаар хүргэж буй. Тэдгээрээс бид абсурд театрын талаар мэдээллийг онцлон хүргэж байна.
Абсурд театр нь хорьдугаар зууны дунд үед Дэлхийн хоёрдугаар дайны дараа үүссэн. Экзистенциалист философи суурьтай гэж хэлж болно. Ер нь янз бүрийн урлаг, гүн ухааны урсгалуудаас улбаатай. Альберт Камю, Жан-Пол Сартр зэрэг сэтгэгчдийн экзистенциал философи, Сальвадор Дали, Рене Магритт зэрэг зураачдын сюрреализм, хорьдугаар зууны эхэн үеийн авангард театр болон Дадагийн сюрреалист үзүүлбэрүүд ихээхэн нөлөөлсөн.
Абсурд театр нь хүний оршин буй байдал, эмх замбараагүй, зорилгогүй мэт санагдах ертөнц дэх утга учрыг эрэлхийлэх, хүний оршихуйн асуудлыг хөнддөг.
Жүжгүүд нь ихэвчлэн давтагдсан, утгагүй нөхцөл байдалд баригдсан дүрүүдийг дүрсэлдэг. Түүх өгүүлэх уламжлалт бус, логикгүй хандлага, хэсэгчилсэн өгүүлэмж, утга үл олдох нөхцөл байдал зэргээрээ онцлог юм. Уламжлалт театрын тогтсон ёсыг эсэргүүцэж, оршин тогтнох, харилцаа холбоо, өвөрмөц байдлын мөн чанарыг асууж/эргэлздэг. Хэсэгчилсэн өгүүлэмж, салангид үзэгдэл, дараалсан бус түүхийг ашигладаг. Цаг хугацаа, орон зайг ихэвчлэн гажуудуулж, үзэгчдийн бодит байдал, уялдаа холбоотой мэдрэмжийг сорьдог билээ.
С.Бекеттийг абсурд театрын анхдагчдын нэг гэж үздэг. Түүний "Годог хүлээхүй" (1953) жүжиг нь хэзээ ч ирэхгүй хэн нэгнийг эцэс төгсгөлгүй хүлээж буй тухай өгүүлдэг. Хүний оршихуйн дэмий хоосон байдал, зорилго, утгыг эрэлхийлэх, цаг хугацаа, хүлээлтийн мөн чанар зэрэг оршихуйг хөнддөг. Уг жүжгийг манайд Blackbox театр үзэгчдийн хүртээл болгож байсан.
Бас нэгэн төлөөлөгч нь Иүген Йонеско (Eugène Ionesco), түүний "Халзан сопрано" (1950) жүжиг нь нийгмийн хэвшил байдал, хүмүүсийн харилцааг илэрхийлдэг. Харин Женетийн жүжгүүд ихэвчлэн нийгмийн хэм хэмжээг эсэргүүцэж, мөн чанар, эрх мэдэл, бэлгийн харилцааны сэдвүүдийг хөнддөг. "Тагт" (1956) бол абсурд жанрын онцлох бүтээлүүдийн нэг юм. Мөн Harold Pinter -ийн "Төрсөн өдрийн үдэшлэг" (1957), "Гэртээ буцах нь" (1964) зэрэг бүтээлүүд нь абсурд хөдөлгөөний театрын нэг хэсэг гэж тооцогддог байна.
Абсурд театр нь театрын хэлбэрт гүн гүнзгий нөлөө үзүүлж, уламжлалт драмын хэлбэрээс салж, туршилт, шинэчлэлтийн замыг зассан.
Энэ нь дараагийн үеийн жүжгийн зохиолчид, театрын дадлагажигчдад нөлөөлж, постмодерн театр, үзүүлбэрийн урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулжээ. Абсурд театр нь хүн төрөлхтний оршихуйн ээдрээ, зөрчилдөөнтэй тулгарахад үзэгчдийг уриалан дуудаж, театрын илэрхийллийн хил хязгаарыг давсан.
Эх сурвалж: Bee Theatre Mongolia