Өвлийн улирал толгойны өвчинтэйгээ хамт айсуй. Сургаар нь гэдэг шиг, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн тархи нь амнаасаа утаа манартал "айхтар" хурдтайгаар ажиллаж эхэллээ. Чухам нийслэлийн 1.6 сая орчим иргэнээс 45 хоног түлэх түлээг нь хурааж авч байгаад урд хөршийн нүүрсийг түлүүлэн турших юм байх. Ингэхдээ 177.5 тэрбум төгрөгийн "өр" тавина гэдгээ индэр дээрээс жишим ч үгүй хэлж зогсоно.
Туршилт гэдэг үгнээс айхаа нэгэнт больсон Б.Чойжилсүрэн сайд нийслэлийнхээ аль нэг дэнж дээр гэрээ бариад, 45 хоногийн туршилтад гар бие оролцох нигууртай л харагдана. Тэр шийджээ.
Нүүрсний туршилт нь эцэстээ "өр"-ийн туршилт болж, ийм их мөнгийг зээлээд "бууж болдог"-ийг харуулах вий. Үнэндээ өр тавих гэж байгаа нь "худалдан авах"-аас арай хөнгөн, ард иргэдийг аргалж болохоор сонголт юм. "Худалдаж авч, туршина" гэвэл иргэд "төсвийн мөнгө, бидний татвар" гэж эсэргүүцэхийг мэдэж байгаа хэрэг.
Гэвч өр үлдэж, сайд явна.
Мөн төр засгийн туршилтад нийтээрээ орохоороо л нэг орсон. Түүний оронд сайд маань тонн нүүрс худалдаж аваад, түлээд үзчихвэл дээргүй юу.
Тэрбээр яриандаа, "Зүгээр байснаас туршаад үзье гэж бодож байгаа" гэв. 117 тэрбумын өрөөр туршиж, ажил болгож чадахгүй бол яг өмнөх шиг ээ томоотой, "зүгээр сууж бай, сайд аа".
Хот даяараа зээлээр туршихын ач холбогдлыг тэр даанч хэлж өгсөнгүй. Зөвхөн "ийм л үнэтэй амьдрал юм байна" гэв.
Үйлдвэр байхгүй гэж "уйлан дуугараад" л, тэрбум тэрбумаар нь салхинд хийсгэдэг нэг ёсны "моод" дэлгэрчээ. Үйлдвэр барихад нэмэрлэх мөнгөөр сайдын хэлсний дагуу "коксжсон нүүрс" авч турших ухаан харван орж ирсэн нь гайхалтай үзэгдэл боллоо.
Үүний дараа Улаанбаатарын утаа биш, зээлсэн мөнгө л алга болсон байхыг үгүйсгэхгүй. Туршилтад ийм олон хүн оруулсан гэх бишрэм түүх дэлхийн улс орнуудын магнайд дархлагдан үлдэх торгон агшныг бид харж мэдэх нь.
"Шахмал түлшний дэгдэмхий хийн бодис 19,1-23,5-ийн хооронд байна", тиймээс ядаж "өртэй, эрүүл амьдаръя" гэх гээд байх шиг.
Түүнд баттай мэдэж байгаа зүйл гэвэл 117 тэрбумын бонд босгоно, бас туршина гэх хоёр ойлголт байна.
Бусад нь юу болохыг өвлийн салхи, 45 хоногийн тэнгэр хоёр мэддэг байх даа.
Анх шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхэд хэчнээн хүн амь насаараа хохирсон билээ. Тийм үнэ цэнээр утаа бууруулах гэж үзсэн туршилга бидэнд бий шүү.
Дараа нь шинэ зүйл, анх удаа гэсэн үгсээр алдаагаа баллуурдах гэж "жүжиг тоглодог". Ард түмний нэг сар гарангийн амьдрал дээр урд хөршийнхөө нүүрсийг туршлаа гэж бодъё. Цаашдаа өр тавьж авсан нүүрс дуусахаар хүлээгээд, хөлдөөд сууж байх уу, яг яах уу?.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (6)